Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн түүхэнд наймдугаар сарын 2-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Канадад тэмдэглэж байгаа Иргэний баяр буюу Civic Day Holiday нь ямар нэгэн хувьсгалтай холбоогүй бөгөөд зөвхөн “ажил хийхгүй байх” зорилготой. Канадын иргэдэд зуны дундуур  урт уик-эндтэй болох санаа эртнээс үүсэлтэй. Торонто хотын захиргааны 1869 оны баримтад зуны нэг амралтын өдөр-«day of recreation» хэрэгтэйг дурьдсан байлаа. Английн парламентын дээд танхим 1871 онд “банкны” гэж нэрлэсэн амралтын өдрийг наймдугаар сард бий болгохоор баталжээ. Үүний дараа Торонто хотын захиргаа наймдугаар сарын эхний даваа гаригийг Иргэний баяр хэмээн зарласан байна.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1865.08.02.  Британийн “Макмиллан” хэвлэлийн газар Льюис Кэрроллын “Алиса ид шидийн оронд” номыг анх хэвлэн гаргасан байна. Нэгэн удаа 10 настай Алиса Лидделл завиар зугаалж байх үеэр тооны багш Чарльз Дожсонд хандан өөртөө болон эгч дүү Эдит, Лорин нарт зориулсан үлгэр зохиож өгөхийг гуйсан гэдэг. Дожсон эхлээд тэдэнд цагаан молтогчингийн нүхэнд унаад газар доорх улсад орсон бяцхан охины тухай ярьж өгөв. Үлгэр охинд таалагдсан ба Алиса түүнийг бичиж өгөхийг гуйжээ. Тэр охины хүсэлтийг биелүүлэн 1863 оны намар гар бичмэлээ түүнд бэлэглэсэн байна. Тэрээр 1863 оны хавар уг бичмэлээ өөрийн найз Жорж Макдольдад уншуулан шүүмж авчээ. 1865 оны энэ өдөр хэвлэлээс гарсан номд тэр зохиогчийнхоо нэрийг Льюис Кэрролл гэх зохиомол нэртэй болгожээ. Номын зургийг Жон Тенниэл зурсан бөгөөд өнөөг хүртэл тэр зургууд нь сонгодогоор тооцогдож иржээ. Эхний ном нь “Алисагийн газар доорх адал явдал” нэртэй байв. “Алиса толины оронд” гэсэн хоёр дахь ном нь түүнээс зургаан жилийн дараа хэвлэгдэн гарсан байлаа.

1933.08.02. Зөвлөлтийн дарангуйлагч Иосиф Сталины санаачилгаар Беломорско-Балтийн  суваг 1931 онд баригдаж эхэлжээ. Уг сувгаар Цагаан тэнгисийг Онежийн нууртай холбож өгсөн байлаа. Асар том энэ байгууламж дээр 280 мянган хоригдлууд ажиллаж түүнийг босгожээ. Тэдний хөдөлмөрийн гол зэвсэг нь лантуу, түрдэг тэрэг, сүх байсан юм. Хамгийн дэвшилттэй гэх багаж нь бул чулууг зөөх модон хөшүүрэг байжээ. Байгууламж нууц байсан ба түүнийг Дотоод яам гардан хийлгэсэн байна. Нийтдээ 227 км-ын урт сувгийг чулуурхаг нутаг дэвсгэрт нэг жил есөн сарын дотор ухжээ. Энд хичнээн хүн амиа алдсан нь тодорхойгүй.

Эх сурвалж www.zms.mn