Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас коронавирусын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Манай улс өчигдөр  249 хүнд шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна. Энэ талаар  ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ”Долдугаар сарын 30-ны өдөр гурван лабораторт 249 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тодруулбал, энэ сарын 29-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн 164 хүний эхний шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 41 хүний давтан шинжилгээ, Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан найм, тандалтын зорилгоор хоёр хүний сорьцод хийсэн шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 32 жолоочийн шинжилгээ, Сэлэнгэд тусгаарлагдсан хоёр хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Батлагдсан 291 тохиолдлын 215 нь эдгэрсэн. Эмчилгээнд 66 хүн байна” гэлээ.  

Харин дэлхийд 17.1 сая хүн халдвар авч, 671 мянган хүн нас баржээ. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Цар тахал дэгдэж эхлэх үед эхний гурван сард нэг сая хүн халдвар авч байсан бол сүүлийн дөрвөн хоногт нэг сая хүн шинээр халдвар авлаа. Цэргийн төв эмнэлэгт 64 хүн эмчлүүлж байгаагийн хоёр нь эрчимт эмчилгээний тасагт байна. Сүүлийн 24 цагт 119 дугаарт 176 дуудлага ирсэн. Шуурхай аппликэйшнээр гадаадаас 15 иргэн холбогдож мэдээлэл зөвлөгөө авлаа. Мөн СЭМҮТ-ийн 1800-2000 утсанд 11 иргэн холбогдсон байна" гэв.

Эх сурвалж:www.polit.mn