Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд наймдугаар сарын 1-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Дэлхийд жил бүрийн 8 сарын 1-7-ны өдрийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Монгол Улс 1992 оноос "Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтуудыг биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өөрийн оронд нэвтрүүлсээр иржээ. Хүүхэд эрүүл энх, эсэн мэнд амьдрахын гол үндэс нь хүүхдийн хоол тэжээл юм. Нярай хүүхдийг зөв хооллох нь тэдний хоол тэжээлийн байдал, өсөлт хөгжил улмаар амьдрах чадварыг сайжруулдаг аж. Энэ ч үүднээс нялхас бага насны хүүхдийн хоол тэжээлийн хамгийн чухал хэсэг нь хүүхдийг төрөнгүүт нэг цагийн дотор ангир уургийг амлуулах, төрсний дараа эхний зургаан сар эхийн сүүгээр дагнан хооллох гэдгийг олон улсын хэмжээнд хэрэгжүүлж байна. Үүний зэрэгцээ 6-23 сар хүртлээ үргэлжлүүлэн эхийн сүүгээр хооллосон хүүхэд суулгалт өвчнөөр нас барах эрсдэл 2.8 дахин бага байдаг. Эхийн сүүгээр хооллоогүй хүүхдийн нас барах магадлал нь 6-11 сартайд 56 хувь, 12-23 сартайд 23 хувиар тус тус өсдөг байна. Хүүхдийг эхийн сүүгээр хооллох нь зөвхөн хүүхдэд төдийгүй эхэд сайн нөлөө үзүүлдэг. Ингэснээр эхийн дархлаа сайжран умай сайн агшина, жирэмслэлт хоорондын зай уртсах хөхний хавдар болон бусад эмэгтэйчүүдийн өвчлөлд бага өртдөг байна. Мөн хөхөө хангалттай хөхөж, хоол тэжээлийн дуталд өртөөгүй хүүхдүүд нь сурах, хөгжих чадвар өндөр байдаг ба сургууль завсардалтад хэзээ ч өртдөггүй байна. Эхийн сүүгээр хооллож буй хүүхэд эхийн сүү орлуулагч хэрэглэж буй хүүхэдтэй харьцуулахад амьдралынхаа эхний 6 сарын дотор эндэх эрсдэл 2 дахин бага, ходоодны үрэвсэлд өртөх эрсдэл 5 дахин их, арьсны харшил, чихрийн шижинд өртөх эрсдэл 2 дахин бага, тунгалагийн хавдарт өртөх эрсдэл 8 дахин бага байдгийг судлан тогтоожээ. Мөн хүүхдийг эхийн сүүгээр хооллосноор төрсний дараах цус багадалт, хөхний хорт хавдар, өндгөвч ба умайн хорт хавдар, ясны сийрэгжилт өвчнийг бууруулах ач холбогдолтой. Эхийн сүүгээр хооллох нь төрөлт хоорондын зайг уртасгах, ойрхон жирэмслэх эрсдлийг багасгана. Эхийн сүүгээр хооллох аргыг вирусын эсрэг эмчилгээтэй хослуулснаар эхээс урагт ХДХВ халдвар дамжих эрсдлийг бууруулдаг зэрэг олон давуу талтай юм.


Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

2020.08.01.  Бенин улсын тусгаар тогтнолын баяр энэ өдөр болдог байна.

2020.08.01. 1936 оны энэ өдөр Францын хувцас загвар зохион бүтээгч Ив Сен Лоран мэндэлжээ.

2020.08.01.  Хиргисийн улс төрч Курманбек Бакиев нь 1949 оны энэ өдөр мэндэлсэн байна.

2020.08.01. 1984 оны энэ өдөр Германы алдарт хөлбөмбөгчин Бастиан Швайнштайгер төрсөн байна.

Эх сурвалж www.zms.mn