Өмнөд Солонгосын төв хэсэгт орших Тэжон болон хөрш зэргэлдээ мужуудад их хэмжээний борооны улмаас үер бууж олон зуун байшин, машин живж, нэг хүн амиа алдсаныг “Korea Times” мэдээллээ. Солонгосын цаг уурын байгууллага(KMA)-ын мэдээлснээр Солонгосын өмнө зүгт 150 километрт орших Тэжон хотод лхагва гаригийн 18:00 цагаас пүрэв гаригийн 11:00 цаг хүртэл бороо оржээ. Цаг уурын байгууллагаас өнөөдөр мөн бороо үргэлжлэн орохыг анхаарууллаа. Үерийн улмаас Тэжон хотын  “Seo Ward” орон сууцанд амьдардаг нэг хүний зүрх  нь зогсож нас баржээ. 
Тус хотхоны 80 орчим оршин суугчийг онцгой байдлын албан хаагчид завиар  зөөж гаргасан байна. Тэжон хотын захиргаа  28 орон сууц, 85 байр, 55 машин үерт живсэн гэж мэдээлжээ. Мөн үер бууж, зам элсээр хучигдсанаас галт тэрэг нэг цаг саатжээ. Тэжоны ойролцоох Өмнөд Чунчеон мужид гудамжинд мод унасан, байшин усанд автсан гэсэн 118 дуудлага мужийн захиргаанд ирсэн аж. Харин Сөүлээс 90 киломерт орших Чеонан мужид есөн барилга үерт автаж, гурван мотоцикль живсэн байна. 

\Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.31  БААСАН № 146 (6371)