Хятад, АНУ-ын консулын газрууд дайн зарлалаа

0
хуваалцах
124
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ Техас мужийн Хьюстон хот дахь Хятадын консулын газрыг өмч хөрөнгийн хулгай, тагнуулын төв байр болсон хэмээн үзэж өнгөрсөн  лхагва гаригт хаасан. Харин Хятад АНУ-ын Консулын газрын ажилтнуудыг Хятадын аюулгүй байдал, ашиг сонирхолд сөрөг нөлөө үзүүлж, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцсон гэж буруутгаж Ченду муж дахь АНУ-ын Консулын газрыг хаах тушаал өгчээ. Тушаал гарсны дараахан  АНУ-ын  дипломат албан тушаалтан Консулын газрыг орхин гарч, АНУ-ын далбааг буулгасан байна. Харин 72 цагийн дараа Хятадын Гадаад хэргийн сайд, албан хаагчид  консулын байрандаа нүүж оржээ. АНУ-ын төрийн департаментийн хэвлэлийн төлөөлөгч “Чендугийн консулын газар  бол Хятадын баруун нутаг тэр тундаа Төвдтэй 35 жилийн турш харилцаатай байсан чухал төв юм. Бид Хятадын Коммунист намын шийдвэрийг ойлгохгүй байна. Энэ чухал мужийнхантай харилцаагаа үргэлж­лүү­лэ­хийг хичээнэ” гэжээ. АНУ-ын албан тушаалтнууд Консулын газрыг орхин явж буй зургийг Хятадын төв хэвлэл нийтэлжээ. Тодруулбал, тус улсын “CCTV” телевиз АНУ-ын далбааг буулгаж буй бичлэгийг үзүүлсэн юм. 
Чендугийн Консулын газар 1985 онд байгуулагдсан Хятадын баруун өмнөд хэсгийн олон муж дахь АНУ-ын эрх ашгийг хамгаалдаг газар байв. Мөн Ченду нь АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, машин, тоног төхөөрөмжийг экспортоор гаргах боломжоор хангадаг  үйлдвэрлэлийн чухал муж байсан юм. Үүнээс гадна АНУ Хятад дахь дөрвөн консулын газар, Бээжин дэх элчингийн газраа хаасан. Гэхдээ Хонгконгод бас консулын газар бий. Харин АНУ-д Хятадын өөр дөрвөн консулын газар, Вашингтонд Элчин сайдын яам бий. АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео консулын газрыг хаасан шалтгаанаа “Бээжин оюуны өмчийг хулгайлсан” гэж тайлбарласан бол Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэнбин “АНУ-ын энэ шийдвэр хуурамч үйлдэл дээр үндэслэгдсэн” гэжээ. Энэ хоёр улс 2018 оноос хойш худалдааны дайн хийсэн бол энэ жилээс тэдний харилцаа олон салбарт хурцдаж байна. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.29  ЛХАГВА № 144 (6369)