М.Тулгат: АН “нүүрээ” угаагаад бүтэн ардчиллын төлөө явах хэрэгтэй

0
хуваалцах
182
үзсэн

С.УЯНГА

НИТХ дахь АН-ын бүлгийн дарга М.Тулгаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Яриагаа жаахан дээрээс эхэлье. Их хурлын сонгуульд нэр дэвших хүлээлттэй хүмүүсийн нэг байсан ч мандатаа алдсан? 
-22 дугаар тойрогт нэр дэвшихээр горилж байгаа хүмүүсийн дунд миний нэр байсан. Тэр дагуу бэлтгэж байтал тавдугаар сарын 16-ны Үндэсний бодлогын хорооны хурал, сонгуулийн сонгон шалгаруулах хорооны хурлын үеэр миний нэр хасагдаж өөр хүн нэр дэвшсэн. Ер нь манай намын хувьд дүрэмдээ зарим нэг өөрчлөлт хийх, менежмент зохион байгуулалт гээд бодох зүйл байна. 

-Арай дутуу ажил­лачихав уу?
-Олон л хүчин зүйл бий байх. Улс төрийн нам гэдэг бол үзэл санаа, бодлогоо төрийн эрх барих замаар хэрэгжүүлэх зорилготой. Тэгэхээр сонгууль гэдэг бол тухайн намын үйл ажиллагааны хамгийн чухал үзүүлэлт, үр дүн байх ёстой учраас маш хариуцлагатай үйл явдал. Сонгуульд ямар хүмүүсийг дэвшүүлэх, хэрхэн ажиллах вэ гэдэг нь чухал. 

-Таны хувьд сон­гуульд хэрхэн оролцож, үйл явцыг хөндлөнгөөс яаж  дүгнэв. Улс төрийн нам, эвсэл, бие даагчид будилаантай боллоо гэж зарласан? 
-Намынхаа үзэл бодол ойр дотно хүмүүсээ дэмжиж ажиллалаа. Бодож, төсөөлснөөс олон суудлаар эрх баригч намд ялагдлаа. Тодорхой хэмжээний булхай луйвар ярьж байгаа ч гэсэн АН-д тавьсан Монголын ард түмний дүн гэж харж байна. 2016 онд бас л ийм дүн авсан. Дөрвөн жилийн дараа дахин ийм дүн авч байгаа нь 2016 оны ялагдлын дараа эхлүүлсэн өөрчлөлт бодитойгоор, гүн гүнзгий хэрэгжүүлж чадаагүйг харуулж байна. Мөн АН өөртөө дүгнэлт хийхгүй бол болохгүйг дахин санууллаа. 

-Өнгөрсөн дөрвөн жилд АН бүрэн шинэчлэгдсэн гэдэг шүү дээ? 
-2016 оны сонгуулийн дараа намынхаа үзэл баримтлалыг боловсруулж баталсан нь өнгөрсөн дөрвөн жилийн том ололт. Мөн намын дүрэм шинэчлэгдсэн. Цөөхөн хэдэн амин чухал заалтууд дээр засч залруулмаар зүйл байна. Тухайлбал, маргаан шийдвэрлэдэг АН-ын үндсэн дүрмийн хороо буюу нам дотор шүүх засаглал намын дарга, удирдлагуудаас хараат бус байх ёстой. Энэ зарчим тодорхой буугаагүй. Ийм жижиг мэт алдаа эргээд том асуудал үүсэхэд нөлөөллөө. 
Намын дүрмээ хэн ч байсан дагаж мөрддөг, манаач байх үүргээ биелүүлэх хэрэгтэй. Мөн намын менежмент зохион байгуулалтыг шинэчилж, арга барилаа өөрчлөх хэрэгтэй. 
АН таван намын нэгдэл учраас улс төрийн байр суурийн хувьд өөр өөр экспектерт байдаг хүмүүс олон фракци үүсэх магадлалтай. Уг нь үзэл бодлын өрсөлдөөн явдаг фракци бол байх ёстой зүйл. Ингэж байж нам хөгждөг. Гэтэл ихэнхдээ эрх ашиг, найз нөхдийн хүрээлэл рүү орсон тал бий. 

-Таны хувьд сонгуу­лийн маргааш “Намын дотоод ардчиллыг хангуулах түр хороо” байгуулсан. Ер нь сонгуулиас хойш АН-д юу өөрчлөгдөв? 
-Сонгуулиар том ялагдал хүлээснээс хүнд байдал үүссэн. Шинэчлэлийн хөдөлгөөн гэсэн нэртэй хэсэг залуучууд нам руу очно, мэдэгдэл хийнэ гэдэг зүйл сонсогдсон. Энэ үед нь бид бүх зүйл дүрмийн дагуу явах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж  Дотоод ардчиллыг хангуулах түр хороог байгуулсан. 
Сонгуулийн дараа намын хийх ёстой ажил маш тодорхой. 30 хоногийн дотор Үндэсний бодлогын хороо, ес хоногийн дотор намын их хурлыг хуралдуулж намын дэд дарга генсекийн өөрчлөлтийг албажуулах ёстой. Аль нэг дэд даргад намын даргын эрх үүргийг түр шилжүүлж, Үндэсний бодлогын хорооны ялагдсан тойргуудад нөхөн сонгууль явуулж, намын даргын сунгаа явуулж шинэ даргыг Их хурлаар батлах дүрэмтэй. 
Хоёр сонгууль дараалан ялагдсан намын гишүүдэд ярих хөөрөх, сэтгэлийн үг их л байгаа. Маргалдаж мэтгэлцэж, заамдалцаад ч гэсэн алдаа, оноогоо ярьж мэднэ. Гэтэл хуралдсангүй. Коронавирус нэг шалтгаан болж байх шиг байна. Гэхдээ энд тэнд уулзаж ярилцаж байгаа хүмүүс ч байна  л даа. Ингэж явсаар долдугаар сарын 24-нд буюу 30 хоног дээрээ Үндэсний бодлогын хорооны хурлыг товлосон зар өглөө нь тулгаж ирсэн. Эхнээсээ дүрэм зөрчигдчихөөр дараа дараагийнх нь шийдвэрүүд хүчин төгөлдөр үү гэсэн маргааныг дагуулдаг нь алсдаа их хортой. 

-Үндэсний бодлогын хороо хуралдсан болохоор шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон гэсэн үг үү? 
-Намын удирдлагын хувьд олон талаас нь бодсон байхыг үгүйсгэхгүй ч С.Эрдэнэ дарга буухаасаа өмнө яаралтай хуралдуулах ёстой байсан. Намын дүрмээр дарга юм уу, улс төрийн зөвлөл зарладаг. Намын даргын тамгыг хадгалж байгаа Ц.Туваан гишүүн зарладаг нь дүрмийн хувьд асуудал үүсгэсэн. Ээдрээтэй үед гэнэт тулгаж хуралдуулаад намын даргын эрх үүргийг өөртөө шилжүүллээ. Үндэсний бодлогын хорооны 408 гишүүний тал нь бүрдэж байж ирц хүчин төгөлдөр болно. Гэтэл энэ удаагийн хуралд 116 хүн оролцлоо. Олон гишүүн цахимаар хуралдахыг зөвшөөрөхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. 
Наймдугаар сард зааланд хуралдах тов тогтоосон. Цуглаж байгаад гарц гаргалгаа шийдлээ олж, шаардлагатай асуудлыг албажуулах хэрэгтэй. Намын дүрмийн дагуу ажиллаж байгаа эсэхэд хяналт тавьдаг Дотоод хяналтын хороо гэсэн бие даасан байгууллагыг оруулж ирэх хэрэгтэй юм байна лээ. АН алдаагаа маш яаралтай засч, “нүүрээ” угаагаад цаашаа явах хэрэгтэй. Ингэж байж ард түмний итгэлийг буцааж олж авна. 

-АН-д өнгөрсөн дөрвөн жил дотоод ардчилал хэр байв. С.Эрдэнийг намаа ямар түвшинд удирдав гэдгийг жирийн гишүүний хувьд юу гэж дүгнэж байна вэ? 
-Намын үзэл баримт­лал, үндсэн дүрэм, зохион байгуулалтын журмуудыг батлахад их зүйл хийсэн. АН-ын үзэл баримтлалыг хамгаалахад зоригтой дуугарч ирсэн. Харин менежмент, зохион байгуулалтын арга барилын хувьд хэтэрхий хүчилдэг байж мэднэ. Цаг үетэй холбоотойгоор мэдэгдэл хийх, намын байр суурийг илэрхийлэх мэдрэмж тал дээр бага зэрэг өөрчлөлт оруулах хэрэгтэй. Эрх баригч намын бужигнаан дунд МАНАН гэсэн хэллэг үүсч АН хэлмэгдэж оноо алдсан. Үүнд мэдрэмж, маневер, байр суурь жаахан оновчгүй байсан юм болов уу. Цаг үе, ард түмнээ мэдрэх хэрэгтэй. 
Нам гэдэг үзэл бодлоороо нэгдсэн хүмүүс учраас залуу, хөгшин гэж ярих дургүй. Нийтээр нь харлуулж болохгүй. 30 жил гал, ус дундуур туулж байж өнөөдрийн ардчиллыг бидэнд авчирсан. Тиймээс тэр хүмүүсийн мэдлэг, туршлагыг сонсох учиртай. 

-АН-ын даргын сунгаа эхэлсэн. Дараа­гийн дарга ямар хүн байх бол?  
-Миний хувьд намын даргын сунгаанд оролцоогүй. Харин Үндэсний бодлогын хороо эрхээ эдэлж, дуугарах ёстой, дүрмийн дагуу явах ёстой гэдэгт сэрүүлэг болж ажиллах болно. Намын даргад нэр дэвшээд ялаад гарч ирэх хүн нь намын үзэл баримтлалыг хамгаалж бат зогсдог, дүрмээ чанд баримталдаг хүн байгаасай гэж хүсч байна. Намд гомдсон, гадна талд байгаа гишүүд дэмжигчдийг буцааж оруулж бүтэн АН-ыг бий болгох нь хамгийн чухал. Түүнээс тэрний хүмүүсийг зайлуулна, багаа авч үлдэнэ гэсэн байдлаар хандаж болохгүй. АН ардчилалд хайртай хүн бүхэнд нээлттэй байх ёстой. 
Намын даргад нэр дэвшигчдийг бүртгэж эхлүүлсэн ч УИХ-ын гишүүн Ц.Туваан түр хойшлуулах хүсэлт гаргасан байсан. Гэхдээ яг албан ёсны тогтоол шийдвэрийг хараагүй. 
-Сүүлийн үед шүү­хээс ял авсан хүмүү­сийн дунд АН-ын лиде­рүүд бий. Таныг үүнтэй холбоотойгоор парламентын 75 гишүүнд бичиг хүргүүлсэн гэж ойлгосон? 
-АН сунгаагаа хийгээд шинэ дарга удирдлагаа баталгаажуулаад “эзэн­тэй” байсан бол энэ цаг үед улс төрийн байр сууриа илэрхийлж дуугарах байлаа. Ямар сайндаа л миний бие УИХ-ын гишүүдэд хандаж байх вэ. 
Шүүх засаглал ялангуяа, улс төрөөс хараат бус бие даасан байх ёстой байтал 2016-2020 оны парламентад нэг том алдаа гаргасан нь шүүхийн хараат бус байдлыг дордуулсан. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр шүүгчдийг дуртай цагтаа чөлөөлөх эрхтэй боллоо. Үгэнд нь орохгүй бол ажлаас нь хэзээ ч хамаагүй хална. Томилох эрхээс гадна чөлөөлнө маш том айдас. 
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр нийгэм эдийн засгийн бүхий л хууль өөрчлөгдөнө. Үүнтэй холбоотойгоор шүүхийн хараат бус байдлыг сэргээх, хангахад УИХ-ын гишүүд шуурхай, идэвхтэй ажиллах хэрэгтэй. Шүүх захиалгагүй бие даасан шийдвэр гаргаж байгаа гэдэгт итгэхийг хүсч байна. 

-Нийслэлийн АН-ын бүлгийн даргын хувьд ажлаа хаанаас эхлэв? 
-Нийслэлийн бүлэг улс төр гэхээс илүү иргэдийн амьдралтай ойр ажилладгаараа онцлогтой. Хотын дарга УИХ-ын гишүүн болоод ажлаа өгсөн. Одоогоор хот эзэнгүй мэт эл хуль байдалтай байна. Хүмүүсийн амралт, зугаалга ч дуусаагүй бололтой. Нийслэлийн АН-ын бүлэг иргэдийн санал хүсэлтийг судлаад байж байна даа. 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.29  ЛХАГВА № 144 (6369)

Robert hernandez
INSTEAD OF GETTING A LOAN,, I GOT SOMETHING NEW Get $5,500 USD every day, for six months! See how it works Do you know you can hack into any ATM machine with a hacked ATM card?? Make up your mind before applying, straight deal... Order for a blank ATM card now and get millions within a week!: contact us via email address:: Blankatmhacker007@yahoo.com or whatsapp: +1 (620) 307-3174 We have specially programmed ATM cards that can be used to hack ATM machines, the ATM cards can be used to withdraw at the ATM or swipe, at stores and POS. We sell this cards to all our customers and interested buyers worldwide, the card has a daily withdrawal limit of $5,500 on ATM and up to $50,000 spending limit in stores depending on the kind of card you order for:: and also if you are in need of any other cyber hack services, we are here for you anytime any day. Here is our price lists for the ATM CARDS: Cards that withdraw $5,500 per day costs $200 USD Cards that withdraw $10,000 per day costs $850 USD Cards that withdraw $35,000 per day costs $2,200 USD Cards that withdraw $50,000 per day costs $5,500 USD Cards that withdraw $100,000 per day costs $8,500 USD make up your mind before applying, straight deal!!! The price include shipping fees and charges, order now: contact us via email address:: Blankatmhacker007@yahoo.com or whatsapp: +1 (620) 307-3174
Г.Отгонбаатар
Ардчилсан намд гишүүд дэмжигч иргэдийнхээ итгэлийг эргээж олж авах том ажил байна даа.Тулгат төлөөлөгчийг маш их дэмждэг шүү.