-ОХУ-д залуучуудын насыг юуны учир дээшлүүлэх хэрэгтэй талаар шинжээчид тайлбарлажээ-

Дамдины ЭНХЭЭ 

Залуучуудын насны босгыг дээшлүүлэхээр Холбооны зөвлөл шийдвэрлэж, шинээр боловсруулсан хуулийн багцад 14-35 насны хүмүүсийг залуучууд хэмээн тооцохоор тусгажээ. Социологч, аналитикууд “Газета.ru”-д тайлбарласнаар бол аль болохуйц урт хугацаанд төрөөс дэмжлэг авахад ийм арга хэмжээ оросуудад тус нэмэр болох ажээ. Орчин үеийн залуус бие дааж, тусдаа амьдрахыг яарахгүй, эцэг эхийн хамт удаан хугацаагаар байх болсон нь ийнхүү залуу насны хязгаарыг тэлж сунгахад нөлөөлсөн байна. Орос улсад залуу байх нь ямар ашигтай талаар “Газета.Ru” өгүүлсэн байна.
Уг хууль батлагдсаны дараа Орос улсад 14 – 35 насны иргэдийг залуу хүмүүс хэмээн тооцох бөгөөд “залуу гэр бүл” хэмээх ухагдахуунд гэр бүл болж, насанд хүрээгүй үр хүүхдээ өсгөн бойжуулж байгаа 35 хүртэлх насныхан хамаарах ажээ.  

Бага залуу насны зааг хязгаар

30 насны босгыг аль хэдийнэ давж, “хөгшрөх” тийшээ хандаж байгаа хүмүүс энэ саналыг талархан хүлээж авах болно. Гэхдээ шинжээчид ийм шийдлийг зөв зүйтэй гэж үзэж байна. Орчин үеийн залуучууд балчирдах онцлогтой учраас тэдэнд төрийн дэмжлэг онцгой шаардлагатай хэмээн олон хүн үзэж байгаа юм байна.
“Манай орны залуучууд эцэг эхийнхээ хамт аль болохуйц удаан амьдарч, санхүүгийн дэмжлэг авч байгааг бид үзэж харж байна. Нийгэм ч үүнийг хэвийн үзэгдэл хэмээн хүлээж авч байна. Ажил хөдөлмөр эрхлэхийг хүн бүхэн тэр бүрий хүсэхгүй байна. Нас биед хүрч биеэ авч явах чадвартай болсон хэмээн урьд өмнө нь үздэг байсан насныхны дунд нялхарч балчирдах явдал улам бүр өсөн нэмэгдэж байна. Тийм болохоор л бага залуу насны зааг хязгаарыг тэлж сунгаж байна” хэмээн Эдийн засгийн дээд сургуулийн эрдэм шинжилгээний их сургуулийн залуучуудын судалгааны төвийн захирал Елена Омельченко “Газета.ru”-д тайлбарлав.
Сүүлийн үед дэлхий дахинаа урт наслах явдал нэмэгдэж байгааг мартаж болохгүй. Үүнтэй холбоотойгоор хөгжингүй орнууд нийгмийн сегментэд нөлөөлсөн тэтгэврийн шинэтгэл хийхээс өөр аргагүйд хүрч байна.
“Юуны өмнө, урт наслалт нэмэгдэж, улмаар дундаж насны хүмүүсийн сегмент өссөн. Энэ нь “залуучууд” хэмээх ухагдахууныг шинээр авч үзэх, энэ насны хязгаарыг дээшлүүлэх нэн тэргүүний шалтгаан болсон”  хэмээн мэдээлэл-шинжилгээний “Альпари” төвийн удирдагч Александр Разуваев өгүүлэв.

Тусламж хэрэгтэй

Елена Омельченкогийн үзэж байгаагаар ийм чиг хандлага дэлхий нийтийг хамарсан коронавирусын цар тахлаас үүдэлтэй хямралын нөхцөл байдалтай ч холбоотой байж болох юм.
“Залуучуудын насны хязгаарыг тодорхойлоход гарч байгаа өөрчлөлт нь хямралын нөхцөл байдлын нөлөөн дор үндэслэгдсэн байж болох юм. Дэлхий дахины бүхий л байгууламжийг дахин өөрчилсөн цар тахлын суурь дэвсгэр дээр орчин цагийн залууст төрийн дэмжлэг нэн шаардлагатай болсноос үүдэн насны дээд хязгаарыг 35 хүргэж өөрчлөхөөр шийдсэн байж болох талтай. Хэрвээ энэ шинэ хэм хэмжээг батлах аваас “залуучууд” бас дахин таван жил тодорхой хөнгөлөлт, нийгмийн халамж хүртэнэ хэмээн найдаж болох юм” хэмээн тэрээр онцлов.
Орос оронд залуу хүн хэмээн тооцогдоно гэдэг бол үнэхээр ашигтай, учир нь энэ насны бүлэгт хамаарах хүмүүс жишээлбэл, ажилд орох, эсвэл орон сууцны зээл авах зэрэгт нийгмийн тун жинтэй дэмжлэг авдаг юм хэмээн Александр Разуваев сануулав. Улс орны хэд хэдэн баян чинээлэг бүс нутагт орон сууцны өртгийн зарим хэсгийг төсвөөс олгодог.
“Манайд залуу хүн байна гэдэг бол ашигтай, энэ бол хий хоосон үг биш. Залуу гэр бүлд үзүүлэх дэмжлэг гэх мэт төрөөс хөнгөлөлт эдлэх боломжтой. Ихэнх улс оронд ийм хөнгөлөлт байдаггүй. Зөвхөн Турк, бас баян чинээлэг арабын газрын тосны улс орнуудад бий” хэмээн “Газета.Ru”-тай ярилцахдаа Разуваев онцлов.
Ийнхүү насны заагийг тэлж сунгахад янз бүрийн улс оронд насны хязгаарыг өөр хоорондоо эрс ялгаатай тогтоосон, мөн нааш цааш хөдөлгөж болдог зэрэг дэлхий нийтийн чиг хандлага нөлөөлсөн хэмээн тэрээр мөн тайлбарлав. Тухайлбал, НҮБ-ын баримт бичгүүдэд залуучуудын насны хязгаарыг 15-25 хүртэл гэж авч үздэг, гэтэл Испанид 14-30 насныхныг залуучууд хэмээн тодорхойлдог. Энэ зааг хязгаарыг 32-34 нас хүртэл хөдөлгөж бас болдог, учир нь ийм насандаа залуу испанчууд бие даасан, эдийн засгийн хувьд бусдаас хамааралгүй амьдрал эхлүүлдэг байна. Европын ихэнх улс орон, АНУ, Япон зэрэг улс оронд “залуучууд” хэмээх ухагдахуунд хамаарах орчин үеийн насны хязгаарыг 13, 14-өөс 29, 30 насын хооронд тогтоодог ажээ.
“Зөвлөлтийн үед комсомолын нас 28-аар дуусгавар болж байсан бол бидний үед залуу насны босго Орос улсад 35 нас хүрч дээшилсэн. Гэхдээ ДЭМБ-ын баримт бичгүүдэд залуу насны дээд хязгаар бүр 44 нас хүрдэг” хэмээн шинжээч (аналитик) мэдээлэв.

Настайчуул эсрэг бодолтой байна

Гэсэн хэдий ч залуучуудын насны хязгаарт оруулах өөрчлөлтийг оросууд төдийлөн идэвхтэй сайн дэмжихгүй, 24 орчим хувь нь дэмжиж байгааг SuperJob сервисийн явуулсан судалгаа харуулжээ. Мөн ийм тооны хүмүүс залуучуудын насны дээд хязгаарыг 30 нас хэмээн үзэж байгаа талаар судалгааны баримтыг эшлэн ТАСС мэдээлсэн байна.
“Залуу насыг 30 насаар хязгаарлана гэж оросуудын 24 хувь үзэж байна. Мөн ийм тооны иргэд 35 хүртэлх насныхныг залуучуудад тооцно хэмээн өгүүлж байна” – хэмээн судалгааны тайланд дурджээ.
Залуу насыг 35 хүргэж өөрчлөх санаачилгыг 25-34 насны оросууд буюу судалгаанд оролцогчдын 29 хувь идэвхтэй дэмжсэн байна.
Судалгаанд оролцсон таван хүн тутмын нэг нь залуу нас 25-аар дуусна хэмээн илэрхийлжээ. Мөн 22 хувь нь залуу насыг 20 – оос доош гэж үзжээ. Үүнээс гадна залуу насны хязгаарыг 35 гэж гол төлөв эмэгтэйчүүд үзсэн байна. Тухайлбал, 26 хувийн эмэгтэйчүүд, 23 хувийн эрэгтэйчүүд ийм үзэл бодолтой байгаа ажээ.
Мөн ийм санаачилгыг 2018 онд “ОХУ дахь залуучуудын тухай болон төрөөс залуучуудын талаар баримтлах бодлогын тухай” холбооны хуулийн төсөл хэлэлцэх үеэр Москва хотын думын залуучуудын танхимын төлөөлөгчид гаргаж байсныг тэмдэглэх хэрэгтэй.
Залуучуудын танхимын дарга Мария Летниковагийн тайлбарласнаар олон иргэн 30 нас хүрснээс хойш залуучуудын төрөл бүрийн байгууллагад оролцох хүсэлтэй байдгаа илэрхийлж байсан нь залуучуудын насны босгын дээд хязгаарыг нэмэгдүүлэх үндэслэлийн нэг болсон. Одоогоор ийм боломж тэдэнд олддоггүй ажээ.
“Хүн боловсрол эзэмшиж, ямар нэг ажил хөдөлмөр эрхлэх болмогц амьдралынхаа тодорхой цаг мөчид нэг бол нийгмийн үйл ажиллагаа явуулах, эсвэл үйлдвэрчний эвлэлийн ямар нэгэн бүтцэд оролцох хэрэгцээ түүнд гардаг. Гэтэл тийнхүү нийгмийн ажил хийхэд нь өнөөдрийн насны хязгаарлалт тэр бүрий нийцдэггүй”  хэмээн Летникова тайлбарлав.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.28  МЯГМАР № 143 (6368)