Б.ДОЛЖИНЖАВ

Жуулчны гудамжинд байрлах “Урт цагаан” ахуйн үйлчилгээний худалдааны төвд  1958 онд баригдсанаас нь хойш нэг ч удаа засвар хийгээгүй. Түүнчлэн барилга нь галын эрсдэл өндөр, газар хөдлөлтийн чичирхийллийг ч даах чадваргүй Улаанбаатар хотын хамгийн эрсдэлтэй объектын нэгээр жил болгон тодорхойлогддог. Иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан орчинд ажиллах шаардлага зөрчигдөж, ашиглалтын шаардлага хангахгүй болох нь холбогдох мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр тогтоогдсон учраас  үйл ажиллагааг  нь зогсоох захирамжийг нийслэлийн Засаг дарга хоёрдугаар сарын 21-нд гаргасан. Тэгвэл тус барилгыг энэ сарын 22-ноос нурааж эхлээд байна. Энэ төвийн сууринд шинэ барилга барих концессын уралдаан зарлаж, шилдэг гурван бүтээлийг шалгаруулсан. НИТХ-аар нэг бүтээлийг сонгож нээлттэйгээр тендер зарлан нийслэлийн төсвөөс хөрөнгө гаргалгүй, хувийн хэвшилтэй хамтарч барилгын ажлыг эхлүүлэх юм. Харин “Урт цагаан”-д үйл ажиллагаа явуулдаг түрээслэгчдийг ажлын байраар хангах зорилгоор Нийслэлийн засаг захиргааны IV байр дахь Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд талбай гарган өгчээ. Энэ түр байрны орчин нөхцөл ямар байгааг сурвалжиллаа. 


Нийслэлийн засаг захиргааны IV байр руу ороход “Урт цагаан”: цаг засвар, цүнх, оёдол,  зурагчин, торго бөс бараа” хэмээх бичигтэй нэгэн шилэн хаалга нүдэнд туслаа. Тус хаалгаар орвоос хэд хэдэн тусдаа лангуу бүхий маш цэвэрхэн өрөө биднийг угтсан юм. Энэ өрөөнд “Урт цагаан”-ы 12 түрээслэгч суудаг юм байна. Тэдний төлөөлөл түрээслэгч У.Оюунчимэг “Урт цагаан”-д 16 жил түрээслэгчээр суусан. Энэ байранд дөрөвдүгээр сарын 15-нд нүүж ирсэн. Хуучин байртай харьцуулахад орчин нь цэвэрхэн, тохилог юм. Үйлчлүүлэгчдийнхээ захиалгыг аваад урьдын адил ажиллаж байна. Шинэ байртай болгоно гэдэг шийдвэрийг дэмжиж байгаа. Жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжиж, орлогыг нь тасалдуулахгүйн тулд ийм сайхан тохилог байр гаргаж өгсөнд талархаж байна” гэсэн юм. 
Харин II давхарт нь нотариат, үнэт эдлэл, хагас боловсруулсан бүтээгдэхүүн, оёдол эсгүүрийн сургалт, хувцас захиалга засвар, гутал засвар гэсэн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг 62 түрээслэгч суудаг юм байна. Тэд тус тусын шилэн лангуундаа үйл ажиллагаагаа хэвийн явуулж байлаа. Ямар ч хүн очсон үйлчлүүлэх хүсэл төрөхөөр цэмцгэр шил толь болсон орчин нь сайхан сэтгэгдэл төрүүлж байв. Түр байрны орчин нөхцөлийн талаар “Урт цагаан” төвд нөхрийн хамт 22 жил түрээслэгчээр суусан үндэсний малгай үйлдвэрлэгч Б.Тунгалаг “Энэ түр байранд нүүж ирсэндээ сэтгэл хангалуун байна. Урт цагааны шинэ байр ашиглалтад орохоор бид нүүнэ. Түрээслэгчдийн 90 хувь нь энэ байранд нүүж ирсэн. Өмнөх байр маань олон жил болсон учраас нурааж шинэ байр барих нь түрээслэгчдийн тохь тух төдийгүй хотын өнгө үзэмжинд эерэгээр нөлөөлнө. Гэтэл хувьдаа авах сонирхолтой хэсэг түрээслэгчид бидний нэрийг барьж түрээслэгч нар  нүүхгүй  гэж яриад байгаа юм. Барилгыг нурааж эхэлчихээд байхад байраа чөлөөлж өгөхгүй байгаа хэсэг түрээслэгчдээс болж шинэ барилгын ажил саатаад байна. Гэхдээ тун удахгүй шинэ байр ашиглалтад орно гэсэн итгэл дүүрэн байна” гэж ярилаа. 


Тус ахуйн үйлчилгээний төвийн түрээслэгч нар нэгдэн Үйлдвэрчний эвлэлийн хороог өнгөрсөн гуравдугаар сард байгуулжээ. Энэ талаар “Урт цагаан” худалдаа үйлчилгээний төвийн түрээслэгчдийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны ТУЗ-ийн гишүүн А.Оюундарь “Манай төвд ойролцоогоор 300 гаруй түрээслэгч бий. Гэхдээ иргэдийн худалдан авах эрэлт нэмэгдэх үеэр 400 хүрдэг. “Урт цагаан” бол нэг үйлчлүүлэгч орж ирээд дээлээ оёулаад, гутлаа засуулаад, түлхүүрээ хувилуулаад, ээмгээ гагнуулаад гардаг нийслэлийн оршин суугчдад маш хэрэгтэй чухал объект. Тиймээс ахуйн үйлчилгээний энэ салбараа устгахгүйн тулд түрээслэгчдээс гарын үсэг цуглуулаад үйлдвэрчний эвлэл байгуулаад ажиллаж байна. 
Манай Үйлдвэрний эвлэлийн хороо нийслэлтэй хамтын үйл ажиллагааны санамж бичиг байгуулсан. Энэ хүрээнд 30 гаруй сая төгрөгийн  төсвөөр Нийслэлийн засаг захиргааны IV байранд лангуу байгуулж, I давхарт 12, II давхарт 62 түрээслэгч үйл ажиллагаа явуулж байна. Хуучин байрыг нь зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Тиймээс төр засгаа хүндэлж шийдвэрийг нь даган түрээслэгч нар  түр байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ байранд бүх түрээслэгч багтахгүй учир нийслэлээс дараагийн байрыг судалж байгаа. Шинэ байрны зураг төслийн уралдаанд манай үйлдвэрчний хороо шүүгчээр оролцсон. Шинэ байр ашиглалтад орохоор биднийг шилжүүлнэ гэсэн төрийн шийдвэрт итгэж байгаа” гэсэн юм. Түрээслэгч А.Оюундарь ахуйн үйлчилгээний салбарт 22 дахь жилдээ ажиллаж байгаа, хувцасны дизайнер мэргэжилтэй юм. Тэрээр монгол дээл үйлдвэрлэдэг бөгөөд түүний түр байрны лангуу нь 30 м2 учир маш цэлгэр том, тохилог байсан юм.  I давхрын түрээслэгчдийн үйл ажиллагаа хэдийн жигдэрчихсэн тогтмол үйлчлүүлэгчтэй болсон бол II давхрын зарим түрээслэгч амралт зугаалгаар явсан, нүүж ирж амжаагүй тул зарим лангуу хоосон байв. Гэсэн хэдий ч тэд үйлчлүүлэгчдээ хэдийнэ аваад эхэлчихсэн цаг завгүй ажиллаж байлаа.


Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан  өчигдөр болж, Нийслэлийн өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концевц зураг төсөл боловсруулах уралдааны дүнг танилцуулсан юм.  Нийслэлийн Ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Тулга “Нийслэлийн Засаг даргын  энэ оны А/520 дугаар захирамжийн дагуу нийслэлийн Өмчийн III байр буюу “Урт цагаан” үйлчилгээний төв барилгыг дахин төлөвлөх ажлын концевц, зураг төсөл боловсруулах уралдааныг дөрөвдүгээр сарын 20-ноос тавдугаар сарын 11-ний  хооронд зохион байгуулсан. Уралдаанд зураг төслийн мэргэжлийн байгууллага, хувь уран бүтээлчид, оюутан, залуус, олон нийтийн байгууллага, төрийн бус байгууллагууд болон ОХУ, Швед, Нидерланд, БНХАУ зэрэг улсаас нийт 28 баг бүтээлээ ирүүлсэн. Бүтээлүүдийг  тавдугаар сарын 12-17-ны өдрийн хооронд Хот байгуулалт, хөгжлийн газрын  цахим хуудсанд байршуулж, иргэд олон нийтийн саналыг нээлттэй авсан. Нийт 55823 иргэн санал өгч, уралдааныг дүгнэх комисс удирдамжид заасан шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэсэн” гэсэн юм.
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.28  МЯГМАР № 143 (6368)