Нисэхээс “урвасан” зохиолч

0
хуваалцах
439
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Иргэний агаарын тээврийн салбараас Монголын уран зохиолын салбарт шинэ өнгө нэмэн орж ирсэн Монголын чөлөөт зохиолчдын холбооны гишүүн, зохиолч, судлаач, нисэхийн инженер Бэсүд овгийн Загдсүрэнгийн Сэсээрийг “Амьдралын тойрог” буландаа урилаа. Нисэхийн инженерээс зохиолч руу “урвасан” түүний амьдралын түүх арвин юм.

ЗОХИОЛЧИЙН ГАРААГАА “ДАЛ” СОНИНООС ЭХЛҮҮЛСЭН НЬ

Зузаан гэгчийн олон ном давхарлан өрсөн ширээний ард сонин гарчиглан суух энэ эрхэм бол нийтлэлийн баатар З.Сэсээр гуай юм. Гэрт нь очиход үүдний өрөөнд нь хайрцаг дүүрэн ном, зочдын ширээн дээрээ хүртэл хэд хэдэн ном дэлгэж тавьсан  байх агаад хажуу тийш харваас мөн л олон ном өрсөн номын тавиур нүднээ тусна. Энэ бүхэн түүнийг их зүйл бүтээж, туурвиж, уншиж судалдаг эрдмийн хүн гэдгийг нь төвөггүйхэн батална. “Жилдээ нэг ном бичдэг” хэмээн ярих З.Сэсээр гуай 1991 оноос зохиол, бүтээлийн гараагаа эхлүүлснээс хойш өдгөө 20 гаруй ном туурвижээ. Эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялсан тухайгаа “Мазаалай тахийн хязгаар нутагт, “Монголын баруун говиор зорчсон тэмдэглэл” гэсэн ном бичсэн тэрээр Ардын уран зохиолч Л.Түдэвийн эрхлэн гаргадаг “Дал” сонинд 1993-2000 онд ажиллаж байв. Энэ хугацаандаа уран зохиол, түүх судлал, аян замын тэмдэглэл гэсэн  гурван төрлөөр олон арван өгүүлэл, нийтлэл хэвлүүлсэн. Нийтлэлүүдээ эмхэтгэн “Ихэс дээдсийн жимээр бурхадын өлгийд” хэмээх ном гаргасныг эрхэм уншигч та заавал унших номын жагсаалтдаа  багтаахыг хүсье. Биднийг анх хорвоотой танилцуулсан зохиолч Л.Түдэв Говь-Алтай аймгийн Наран сумын Өвөр замын бууц гэдэг газар төрсөн бол З.Сэсээр гуай Баян-Уул сумын Шар худаг хэмээх газар 1934 онд  М.Загдсүрэнгийн хоёр дахь хүү болон мэндэлжээ. Ийн бага байх үеэсээ нэгнээ таньдаг байсан нутаг нэгт нөхөд Монголын анхны зөгнөлт “Дал” сонинд хамт ажиллах болсон юм. Энэтхэг, Балба, Төвдөөр аялсан тухай бичсэн “Цастын орноо” аян замын тэмдэглэл, түүх судлалын “Хичээнгүй баатар Гомбо-Идшин Гүн” гэсэн номынх нь нийтлэлүүдийг нь зохиолч  Л.Түдэв 1990-ээд оноос цувралаар сониндоо нийтэлдэг болжээ. Хамтран ажиллаж байсан энэ үеийнхээ тухай З.Сэсээр гуай “Нэг орой ажил тараад явж байтал Л.Түдэв  “Чи байна, өөр зарим нэг этгээдүүд миний сонины гол агуулгыг баруун зүүн тийш нь авч явчих гээд байна. “Дал” бол Монголын анхны зөгнөлт сонин гэдгийг мартаж болохгүй” гэсэн. Би буцах замдаа “Энэ хүн  яагаад ингэж хэлэв, миний нийтлэлүүд сонинд нь наалдахгүй байгаа юм болов уу” гээд олон зүйл бодсон. Мөн салбарынхаа ойд зориулаад нисэхийн салбар 50-100 жилийн дараа хэрхэн өөрчлөгдсөн байх талаар нэг өгүүллэг бичээд Л.Түдэвд өгсөн юм. Хоёрдугаар сарын сүүлээр өгөөд тавдугаар сарын 25-нд  нийтлэгдэх ёстой өгүүллэг  маань гурван сар гаруйн дараа тавдугаар сарын 27-нд хэвлэгдсэн. Ажил цуглах үеэр “Тэр өгүүлэл яагаад нийтлэгдэхгүй удсан бэ” гэж асуухад “Тэр чинь өгүүллэг биш юм чинь. Харин бэсрэг роман болгоод гаргачихвал сайхан болно доо” гэсэн.“Удаж удаж яагаад нийтэлсэн бэ” гэж асуутал “Энэ өгүүллийг чамаас өөр хэн ч бичиж чадахгүй. Тиймээс л нийтэлсэн юм” гэж хариулсан даа. Миний бичсэн нийтлэлийн гарчгийг өөрчилдөг байсан. Багшилж байсан боловч мэдэхгүй зүйлийг нь хүнд  хэлж өгдөг багш хүний өвчин Л.Түдэвд байгаагүй ээ. Олон жил даргаар ажиллачихсан учраас тэр байх” хэмээн дурсаж сууна. Үнэхээр ч иргэний нисэхийн салбар ирээдүйд хэрхэн хувирч өөрчлөгдөх талаар анх үүсгэн байгуулагдах үеийнх нь шанг таталцаж,  энэ салбарт насаараа хүчин зүтгэсэн З.Сэсээр гуайгаас өөр хэн ч хүний сэтгэлд хүртэл сайхан бичиж чадахгүй нь тодорхой билээ.
З.Сэсээр гуай дан ганц уран зохиолын бүтээл бус түүх судлалаар олон ном бичсэн. Монголын түүхийн салбарт үнэмлэхүй их хувь нэмэр оруулсныг нь уншигч та бүхэн мэдэж буй за. Тэрээр 1990 оноос хойш XX зууны Монголын түүхийг судалж хэд хэдэн бүтээл туурвиж нийтийн хүртээл болгосон. Үүний дотроос “Хичээнгүй баатар Гомбо-Идшин Гүн”, “Баатар, жанжин Чин ван Базарваань”, “Д.Сүхбаатар-Монгол орон”, “Ю.Цэдэнбал-Монгол орон” хэмээх бүтээлийг нь онцлон дурдаж болно. Түүх  судлалын ном бичнэ гэдэг зүгээр л нэг сэтгэл хөөрлөөр цаас, бал нийлүүлээд болчихдог амар хялбар зүйл биш ээ. Олон талаас нь бодож, судлаач нөхөдтэй уулзаж, нэлээд  хэдэн ном хэвлэлийн хуудсыг олон сар жилээр эргүүлэн байж сая нэг бүтээл бэлэн болдог жамтай. Төр, нийгмийн зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал  Юмжаагийн Цэдэнбалыг тойрон хүрээлэгчдээр нь дайран доромжилж, буруутгаж, сайн муугаар нь дуудаж асан 2003 онд З.Сэсээр гуай “Ю.Цэдэнбал-Монгол орон” хэмээх судалгааны номоо хэвлүүлэн гаргаж байлаа. Түүнчлэн бидэнд өнөөгийн амар тайван амьдрал, эрх чөлөө, тусгаар тогтнолыг бэлэглэхийн төлөө зүрх зориг, амь биеэ үл хайхран тэмцэж явсан жанжин Д.Сүхбаатарыг Монгол хүн биш Оросын буриад хэмээн ярьж, бичиж байх үед түүхийн эх сурвалжуудыг цаг заваа үл хайхран нягт нямбай уншиж судлан,  халх монгол хүн болохыг баталсан хүмүүсийн дурсамж, сэтгэгдлүүдээр баяжуулсан “Д.Сүхбаатар-Монгол орон” хэмээх бүтээлээ энэ онд уншигчдын хүртээл болгоод байгаа юм.

 

МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЖ НИСЭХИЙН ИНЖЕНЕР БОЛЛОО

Монголын нийгэмд болж өнгөрсөн бараг 100 жилийн түүхэн явдлыг “Сүрэн” хэмээх гол дүрээр гаргасан “Хувь заяаны орчил”  VI боть зохиолын эзэн З.Сэсээр гуай нисэхийн үндсэн мэргэжлийн инженер хүн. Түүний төрсөн Баруун хязгаар нутаг 1940-өөд онд их үймээнтэй байлаа. Энэ маргааныг зохицуулах Монголын болон гадаадын нисгэгч нарын онгоц  Баян-Уул суманд буудаллаад цааш нисдэг байсан аж. Тиймээс тэрээр хүүхэд байхаасаа нисэх хэмээх энэ гайхам сайхан салбарыг сонирхох болжээ. Ийн аймгийн дунд сургуулиа төгсөөд хувь заяаны жимийг даган Латви улсын нийслэл Рига хотын Иргэний нисэхийн холбоо Навигацийн дунд сургуульд сурахаар 1957 онд эх орноо орхин явлаа. Түүнийг мөрөөдлөө биелүүлэхээр явсан энэ үе бол Монгол Улсад Иргэний агаарын тээвэр нээгдэж, шинэ боловсон хүчин бэлтгэхээр сурах их хүсэл тэмүүлэлтэй 27 залууг гадаад руу илгээж байсан цаг үе юм. Тэнд дөрвөн жил сурч ирээд Иргэний нисэхийн ерөнхий газрынхаа Нисэхийн холбооны албанд техникч, инженерээр 1964 он хүртэл ажилласан. Байнгын шинэ зүйл  сурч мэдэхийн ирмүүн хүсэлд хөтлөгдсөн тэрээр Украйны Киев хотын Нисэхийн инженерийн дээд сургуульд сурахаар дахин харь нутгийг зорьсон юм. Ийн  1969 онд төгсч ирээд 1987 оныг хүртэл буюу тэтгэвэртээ гартлаа Иргэний агаарын тээврийг удирдах ерөнхий газрын байнгын курсын захирал, Тээврийн хэлтсийн даргаар ажиллажээ. Тодруулбал, 1980-1984 он хүртэл Сургалтын төвийн захирал, 1984-1987 он хүртэл Иргэний агаарын тээврийн Нисэхийн удирдах ерөнхий газрын тээврийн хэлтсийн даргаар ажилласан. Тэтгэвэртээ гарсны дараа ч 1991 он хүртэл Белорусс улсад Монголоос сурдаг  Техник мэргэжлийн сургуулийн /ТМС/ оюутнуудын  Монгол дахь төлөөлөгч, багшаар нь ажилласан юм. 
Хэсэг, цехийн даргаас онгоцыг нислэгт бэлэн байлгах албыг хариуцдаг инженер болтлоо дэвшсэн З.Сэсээр гуай нисгэгч, инженер, техникч сургах сургалтын төв нээж ажиллуулах Сайд нарын зөвлөлийн тогтоолын дагуу уг сургалтын төвийн захирлаар 1980 оны эхээр ажиллаж эхэлсэн юм. Нисэх салбарын анхны сургалтын төв хэдэн хүний бүрэлдэхүүнтэй байх, ямар хичээл заах гэсэн бүх судалгааг эхнээс нь нарийвчлан гаргах хүнд ачааг нуруундаа үүрч,  нисэхийн сургалтын албаны суурийг тавьсан түүгээр бахархахгүй байхын аргагүй.  Монгол Улсын нисэхийн салбарт анхны байнгын сургалттай бие даасан курс, сургалтын төвийг байгуулахад оролцож, захирлаар нь ажиллаж байсан тэрээр “Нисэхийн сургалтын түүх” гэсэн албаныхаа алдаа оноог дэнсэлсэн номыг 2011 онд гаргажээ. Түүний энэ бүтээл нь манай улсад нисэх хүчин хэрхэн үүссэн түүхээс эхлээд Монголын агаарын тээврийнхэн өөрийн хөдөлгөгч хүч болсон боловсон хүчнээ гадаадад хэрхэн бэлтгэсэн туршлага, дайны талбарт ч энхтайван бүтээн байгуулалтын өрнүүн үед ч Монголын нисэх хүчин-Иргэний агаарын тээврийг хөгжүүлэхэд ОХУ-ын агаарын цэргийн яамныхан хэрхэн тусалж байсан тухай өгүүлэх юм. Энэ нь нисэхийн сургалтын албаны түүхийн анхны ном бөгөөд нисэхийн салбарын лавлах бүтээл гэдгийг онцлон тэмдэглэх нь зүй юм.

ДИЛАВ ХУТАГТТАЙ АМЬДРАЛАА ХОЛБОСОН НЬ

З.Сэсээр гуайн аав М.Загдсүрэн, ээж Т.Норовбал нар нь Баян-Уул сумын уугуул, эгэл жирийн малчин хүмүүс бөгөөд хүүхэд тогтдоггүй айл байжээ. Тэд Дилав хутагтыг нутагт нь ном хурахаар ирэхэд том хүү болох З.Сэсээр гуайн ахыг авч очжээ. Тэгэхэд нь Дилав хутагт “Хүүхэд тогтохгүй байгаа хоёр хүн надтай уулзахаар ирсэн юм байна. Харамсалтай нь надад цаг алга. Тэгэхээр эхлээд нэрийг нь Гэлэнжаа болгож өөрчил. Ном хурж эхлэхээр 1000 лам орж ирнэ. Өлгийтэй хүүхдээ босгон дээр тавиад 1000 ламаар алхуул” гэж хэлжээ. Аав ээж нь хутагтын үгийг дагаж ахынх нь нэрийг өөрчилж, 1000 ламаар алхуулжээ. Гэртээ буцаж ирснийх   нь дараа М.Загдсүрэн гуайн ах ирээд “Чи Дилав хутагтад хүүхдээ аваад биеэрээ очоод адис хүрт” гэжээ. Тэгэхэд нь Т.Норовбал гуай хүүгээ арагт хийж үүрээд 200 гаруй км явсны эцэст Дилав хутагтын хүрээнд очжээ. Гэтэл Дилав хутагт  Улаанбаатар явчихсан учир Наро банчон гэгээнээс адис аваад гэртээ буцаж очсоноос хойш тэднийд  хүүхэд тогтдог болсон түүхтэй аж. Ийн түүний ах эрүүл саруул өсч бойжсоноос хойш Сэсээр гуай, түүний дараа гурван ч хүүхэд эсэн мэнд хүн болсноор М.Загдсүрэн гуайнх өнөр өтгөн айл болсон нь Дилав хутагттай холбоотой юм. 
Түүний аав их үнэнч шударга, хэлэх гэсэн зүйлээ ил хэлчихдэг, хар буруу санаагүй цагаахан сэтгэлтэй хүн байжээ. Харин ээж Т.Норовбал нь хүүхэд бүрийнхээ зан ааш, үйл хөдлөлийг нарийн сайн ажигладаг, юу хүсч мөрөөддөгийг нь сайн мэддэг эмэгтэй байсан юм. З.Сэсээр гуай энэ талаар “Ээж намайг манайхаас энэ хүүхэд л эрдэм номын мөр хөөх байхаа гэж хэлж байсан” хэмээн дурслаа. Мөн “Хүүхэдтэй болохын тулд ээж маань  ямар хол замыг туулж байсныг нь бодоход биширмээр. Ээжийн минь амь, амьдрал Дилав хутагт, Наро банчон гэгээнтэй холбоотой байсан учраас Дилав хутагтыг судлах хувь надад ногдсон” хэмээн ярилаа. Зохиолч маань “Хувь заяаны орчил” романдаа Дилав хутагтын тухай өгүүлэхийн сацуу түүний сууж байсан хүрээг очиж үзэхээр АНУ-ыг зорихоор төлөвлөөд байгаа юм билээ. 

АВСТРИ БҮСГҮЙТЭЙ ХАНИЛСАН ТҮҮХ

Хүүхэд насныхаа мөрөөдлийг биелүүлэхээр Латви улсад сурч байхдаа нэг насныхаа ханьтай учирчээ. Түүний эхнэр Австри хүн. Гэргийтэйгээ хэрхэн танилцсан тухайгаа “Латвийн Иргэний нисэхийн холбоо Навигацийн дунд сургуулийн III курст сурч байхдаа  сургуулиас өгсөн амралтын бичгээр Карбатын нуруу руу явсан юм. Гадаадад сурч байгаа хүн болсон хойно эх орноо, Монголоо үргэлж бодно. Тэнд очоод шуудангийн газарт орсон чинь хар хүрэн үстэй охин цаашаа харчихсан ямар нэгэн зүйл хийгээд зогсож байлаа. Сонин авах гээд зогсож байхад над руу эргэж хартал Латвийн шар үстэй биш Монгол хүн шиг хар үстэй бүсгүй байсан. Тэгээд бид танилцаж амьдралаа холбосон доо” хэмээн ярьсан юм. Хүний хувь заяа гэдэг ямархан тааварлашгүй, хүмүүний амьдрал гэдэг ямархан баялаг гэдгийн нотолгоо нь тэдний учрал биз ээ. Тэд нэг хүү, нэг охинтой. Хоёр хүүхэд нь өдгөө Герман улсын Хамбург хотод  ажиллаж, амьдардаг. Хүү нь цэргийн хүн бол охин нь эмзүйч мэргэжилтэй.
Ном, бичиг цаастай амьдрал нь салшгүй холбоотой тэрээр өдгөө 87 настай ч “Миний амьдрал-Миний  дурсамж” хэмээх номоо хэдийнэ бичээд эхлүүлчихсэн, ирэх онд нийтлүүлнэ гэж байв. Уран зохиол хэмээх энэ салбарт үзгээ дүрсэн хэнбугай ч бичиг цаастайгаа зууралдахаас залхана гэж байдаггүйн тод жишээ нь З.Сэсээр гуай байлаа. Тэрээр  “Надад бичих сэдэв олон байгаа ч цаг алга. “Хувь заяаны орчил” роман IX боть болох ёстой. Миний нас дээр гарчихлаа. “Уран зохиолын роман бичмээр байна” гэсэн хорхой нь хөдөлсөн залуу надад олдохгүй юм. Тийм хүн байвал зөвлөөд романаа үргэлжлүүлмээр байна. Ийм зохиол цааш үргэлжилбэл их сайхан роман болох байгаа юм. Тэр байтугай энэ номоор маань уран сайхны кино хийж болно. Даанч цааш амьдрахгүй, ингээд дуусах юм шиг байна” хэмээн ихэд харуусангуй ярьж байсан. Бичиж эхлүүлсэн зохиолоо дуусгаж чадахгүйн шаналлыг гагцхүү зохиолчид л мэдэрдэг сэн. Дашрамд хэлэхэд би бээр өмнө нь олон айлаар зочилж, зургийнх нь цомгийг үзэж байсан боловч нийтлэлийн баатар З.Сэсээр гуайнх шиг тийм олон, тийм чамин, их хөдөлмөр шингэсэн цомог харж байсангүй ээ. Учир юун хэмээвээс зураг бүрийн  хажуу талд тухайн зургийг хэзээ, хэрхэн даруулсан, тухайн үед ямар үйл явдал болсон гээд дэлгэрэнгүй тайлбар бичсэн нь түүний амьдралын түүхийг илчлээд өгнө лээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.27  ДАВАА № 142 (6367)