С.САРУУЛ

Завхан аймгийн Улиастай суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрчээ. Тодруулбал, Улиастай сумын иргэн 39 настай Д долоо хоногийн өмнө тарваганы мах худалдан авч гэр бүлээрээ боодог хийж идсэнээс халуурсан, булчин, толгой өвдсөн шинж тэмдэгтэй дуудлага өгсөн байна.

Дуудлагын дагуу аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт яаралтай тусгаарлажээ. Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Аймгийн Онцгой комисс шуурхай хуралдаж нэгдүгээр хавьтлын есөн хүнийг Цагдаагийн байгууллага гэрийн тусгаарлалт, хяналтад авах, Зоонозын өвчин судлалын төв нэг, хоёрдугаар хавьтлыг тогтоох, шинжилгээ хийх, хяналтад авах ажлыг яаралтай зохион байгуулах,  Онцгой байдлын Ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу Улиастай сумаас орох, гарах хяналтын найман цэг дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2020 оны долдугаар сарын 25-ны өдрийн 21:00 цагаас тодорхойгүй хугацаагаар хязгаарлах шийдвэрийг  гаргалаа.

Эх сурвалж: www.polit.mn