“Аялагчдад зориулсан 10 дүрмийг гаргасан”

0
хуваалцах
184
үзсэн

Б.БАЯРЧИМЭГ

ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албанаас “Байгаль эн тэргүүнд” төслийн хүрээнд “Хогоор бүү хорло” аяныг өнгөрсөн зургадугаар сард амжилттай зохион байгуулсан. Үүний үргэлжлэл “Ирлээ-явлаа-цэвэр” аян ирэх сарын 28-ныг хүртэл үргэлжлэх аж. Энэ талаар ЦЕГ-ын Экологийн цагдаагийн албаны ахлах мэргэжилтэн Б.Ануратай ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Экологийн цагдаагийн алба нь олон нийт рүү чиглэсэн аянг идэвхтэй өрнүүлж байна. Энэ удаагийн “Ирлээ-явлаа-цэвэр” аяны талаар танилцуулахгүй юу? 
-ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба нь “Байгаль эн тэргүүнд” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд БОАЖЯ, олон улсын ЖАЙКА-тай хамтран дотоодын аялагчид руу чиглэсэн “Ирлээ-явлаа-цэвэр” аянг өрнүүлээд байна. Аль ч улсын аялал жуулчлалын  салбарт стандарт гэж байдаг. Стандартаас гадна тухайн орны аялал жуулчлалын дүрэм гэж бий. Харин манай улсын хувьд хуульчилсан дүрэм журмууд байгаа ч гэсэн иргэдийн мөрдөх ёстой энгийн, ойлгомжтой дүрэм байдаггүй. Тиймээс Цагдаагийн ерөнхий газар, экологийн цагдаагийн албанаас “Аяллын 10 алтан дүрэм”-ийг гарсан байгаа. Үүнийг Улаанбаатар хотоос орон нутаг руу чиглэсэн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодуудад тараах, иргэдэд танилцуулах, видео контентээр дамжуулан олон нийтэд мэдээлэл хүргэх болон аялал жуулчлалын холбоонуудад, орон нутгийн захиргаанд хүргэн хамтарч ажиллаж байна. Мөн аяны хүрээнд нийслэлийн ногоон бүсүүдэд хяналт шалгалт хийж байгаа.


-“Аяллын 10 алтан дүрэм”-ийнхээ талаар товч мэдээлэл өгөөч?
-Нэгдүгээрт, аяллаа сайн төлөвлөх. Энэ нь аялагчид өөрсдийн болон бусдын аюлгүй байдлыг хангаж, аялах хэрэгтэйг сануулж буй. Хоёрдугаарт, ан амьтан үргээхгүй байх. Амьтдыг  айлгах, тэдний оромж үүрийг сүйтгэж эвдлэхгүй байх хэрэгтэй. Гуравдугаарт, амарсан газраа хог хаяхгүй байх. Буудаллаж амрах хугацаанд гарсан хогоо хогны уутанд хийгээд тэмдэглэгээ бүхий хогийн цэгүүдэд хаяарай. Дөрөвдүгээрт, ургамал, модонд ээлтэй хандах. Зөвхөн унасан гишүү модыг түүж хэрэглээрэй. Тавдугаарт, хөрс гэмтээхгүйн тулд шинэ зам гаргахгүй байхыг зөвлөж байна. Зургадугаарт, аяллын явцад байгальд ээлгүй үйлдэл хийж буй хүн, бүлэг хүмүүстэй таарвал тэдэнд эелдгээр шаардлага тавьж, буруу үйлдлийг нь таслан зогсоогоорой. Долдугаарт, ус галын аюулаас сэрэмжлэх. Үертэй байгаа гол, нуур цөөрмийн эрэг орчмоос зайтай байж, баталгаат гүүр далангаар гарахыг анхааруулж байна. Мөн ил задгай түлсэн галыг сайн унтрааж яваарай. Наймдугаарт, байгальд ээлтэй үйлдлээр бусдыг уриалах. Есдүгээрт, чимээ бага гаргах, бусад амрагчийг хүндлэх. Аравдугаарт, түүх, соёлын өвийг хүндэтгэх элдэв бусын зүйл бичиж, зурахгүй байхыг хүсч байна.


-Нийслэлийн ногоон бүсэд хяналт шалгалт хийж байгаа юм байна. Ямар зөрчлүүд илэрч байна вэ?
-Нийслэлийн ногоон бүсүүдэд хийсэн шалгалтын явцад голын эрэг сав дагуу хог хаягдал асгасан, авто машинаа угаасан зөрчил илэрч байна. Шалгалтаар өдөрт 10-15 зөрчил илрүүлдэг. Зөрчлийн тухай хуулиар хог хаягдал асгасан тохиолдолд иргэнийг 100 мянга, хуулийн этгээдийг нэг сая төгрөгөөр торгодог. Улсын хэмжээнд энэ оны эхний хагас жилд хүрээлэн байгаа орчны эсрэг, гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 886 гомдол хүлээн авч шалгасан. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.8 дахин өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 640, зөрчлийн шинжтэй 246 хэрэг байгаа. Гэмт хэргийн шинжтэй зөрчлүүд нь химийн хорт бодисыг хууль бусаар эргэлтэд оруулсан 11, ойн хээрийн түймэр тавих тав, байгаль орчныг бохирдуулах хоёр, хууль бусаар ашигт малтмал олборлох 146, хууль бусаар ан агнах 57, хууль бусаар мод бэлтгэх 156 гэмт хэргийн зөрчил бүртгэгдсэн. 


-“Хогоор бүү хорло”, “Ирлээ-явлаа-цэвэр” аян нь хог хаягдлын асуудлыг түлхүү хөндөж байна?
-Тийм ээ. БОАЖЯ-наас гаргасан судалгаагаар нэг иргэн өдөрт дунджаар 2.7 кг хог хаягдал гаргадаг гэсэн тоо бий.  Хог хаягдлыг багасгахын тулд өдөрт гаргаж байгаа ахуйн хогоо эх үүсвэр дээр нь бууруулах шаардлагатай. Хоёрдугаарт, ахуйн хүрээнд хог хаягдлаа ангилаад дахин боловсруулах үйлдвэрүүдэд өгөх хэрэгтэй. Мөн хөдөө орон нутагт зорчихдоо их хог хаягдал гаргадаг. Жишээлбэл, модонд нийлэг хадгийг олноор авчирч тавьдаг. Энэ нь байгаль орчинд сөрөг нөлөөтэй. Хадгийг модонд уяж орхисноор модны бодисын солилцоог удаашруулаад зогсохгүй биологийн төрөл зүйл болох шувуу, мэрэгч амьтад үүнд нь орооцолдож эндэх асуудал байдаг. Мөн овоон дээр шилтэй архи үлдээгээд явдаг. Энэ нь наранд халаад түймэр үүсэх магадлалтай. Мөн төрийн мөнгөн тэмдэгтийг хадны завсар, овоо тахилганы дунд тавих нь буруу үйлдэл. Энэ нь эргээд байгальд л хог болж үлдэнэ. Тиймээс байгальд ээлтэй хандаж өөрийн биеийн нэг хэсэг мэт хайрлан хамгаалж яваарай.


-Алба байгуулагд­санаас хойш ямар үйл ажиллагаа явуулав?
-Дэлхийн усны өдрийг тохиолдуулан иргэдийн амралт чөлөөт цагаа өнгөрүүлдэг Туул голын эрэг орчим газруудад тодорхой бүтээн байгуулалтын ажлыг хийсэн. Тухайлбал, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалахад нөлөөлөх зорилго бүхий ажлыг хийлээ. Мөн Монгол Улсын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, зохицуулах зөвлөл, Экологийн цагдаагийн алба, Мөрдөн байцаах алба, Дэлхийн байгаль хамгаалах сан хамтарч хүрээлэн буй орчны гэмт хэргийг бууруулах, энэ төрлийн мэдээ мэдээллийг олон нийтэд түгээх, нөлөөлөх бүхий “Байгаль эн тэргүүнд-Ногоон дуу хоолой” аянг зохион байгуулсан. Аяны хүрээнд гэмт хэргийн илрүүлэлт 88.5 хувиар өссөн. Үүнээс үзэхэд иргэдийн оролцоо нэмэгдэж байгаагийн нэг илрэл юм. Дараагийн аян бол “Байгаль эн тэргүүнд-Хогоор бүү хорло” аянг зохион байгуулсан. Аяны гол зорилго нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын хүрээнд гарсан хог хаягдлын менежментээ сайжруулах зорилготой байсан.


-Байгальд ээлгүй хандлага гаргасан хувь хүн болон хуулийн этгээдийн үйлдлийг ямар утсанд мэдээлэх вэ?
-Иргэн та Мэдээллийн шуурхай удирдлагын төвийн 103 болон Экологийн цагдаагийн албаны 70191071 тоот утсанд хандах боломжтой.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.24  БААСАН № 141 (6366)