Ерөнхийлөгч зарлиг гаргавал Н.Батсуурь даян аварга болно

0
хуваалцах
581
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Өнгөрсөн жилийн Үндэсний их баяр наадамд түрүүлж, аварга цол хүртсэн Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн нь Допингийн үндэсний төвийн шинжилгээгээр баталгаажсан ч үл зөвшөөрч, Захиргааны хэргийн давж заалдах шатанд гомдол гаргасан. Тэгвэл гомдлыг шүүх өчигдөр хэлэлцэж, түүний барилдах эрхийг нэг жилээр хасах, аварга цолыг хураах, өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол, чимгийг олгуулах шийдвэр гаргалаа. Хэдийгээр шүүхээс шийдвэр гарсан ч Ерөнхийлөгч зарлиг гаргаж, бөхөд цол олгох ёстой.

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Э.Оюунболдод унасан, цол, чимэг нэмэх бөхчүүдийн мэдээллийг хүргэе.

Нэгийн даваанд: Хэнтий аймгийн залуу бөх М.Баярбаатар,

Хоёрын даваанд: Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн начин Т.Лхагвасүрэн,

Гурвын даваанд: Төв аймгийн харьяат, аймгийн харцага М.Жамсрандорж,

Дөрвийн даваанд: Завхан аймгийн Алдархаан сумын харьяат, аймгийн арслан П.Батсүх,

Тавын даваанд: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын харьяат, аймгийн арслан Н.Мустафа,

Зургаагийн даваанд: Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, тухайн жилдээ шинэхэн улсын начин болсон Б.Цэдэнсодном,

Долоогийн даваанд: Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, тухайн жилдээ шинэхэн улсын харцага болсон Д.Анар,

Наймын даваанд: Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат, улсын арслан Ц.Содномдорж,

Есийн даваанд: Увс аймгийн Ховд сумын харьяат, улсын аварга Н.Батсуурь зэрэг хүчит бөхчүүдийг давж, Э.Оюунболд Монгол Улсын аварга болсон билээ.

Шүүхийн шийдвэрийг үндэслэн Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргавал аймгийн арслан Н.Мустафа Монгол Улсын начин,  улсын начин Б.Цэдэнсодном Монгол Улсын харцага, улсын харцага Д.Анар Монгол Улсын заан, улсын арслан Ц.Содномдорж Үлэмж бадрах чимэг,  улсын аварга Н.Батсуурь Монгол Улсын Даян Аварга цол хүртэнэ.

Эх сурвалж: www.polit.mn