Тэдний зодоон ил гарч ирж, АН-ынхны зөрчилд төгсгөл ирлээ

0
хуваалцах
265
үзсэн

Б.ДАМДИН-ОЧИР

Ерөнхий сайд Ч.Сайханбилэгээс Ерөнхийлөгч Х.Баттулгад бичсэн ил захидал өчигдөржин олны яриа, цахим сүлжээний сэдэв боллоо. Ч.Сайханбилэг “...Бүх “Шорон операци”-ийг ганц Маэстро л удирдаж байгаа. Тэр нь ганц Баттулга!

...“Эрэл”-ийн Эрдэнэбатын хормойнд зүүгдэн улс төрд “ногоон”-оороо орж ирэхдээ чи миний найз С.Баярцогтоос суралцана, зааж зөвлөж өгч байгаач гэж гуйж байсан чинь өчигдөрхөн. Дараа нь чи гэрээр нь орж гарч гарынх нь хоолыг хүртдэг байсан ч С.Баярцогтын хоёр хөгшинг хужаа болгож нэгийг нь сэтгэлээр нь өөд болгосон. Өнөөдөр чи хүүгийнх нь эрх чөлөөг, хөгшин эхдээ үнсүүлэх духыг нь булааж авлаа.

Чи өөртөө хэрэг болно гэж зургаан нялх хүүхдийн эцэг Б.Бямбасайханг хажуудаа хоёр жил зарлаа. Хамаг санаа, хичээл зүтгэлийг нь ашиглаад эцсийн мөчид сурсан зангаараа өшиглөлөө. Ардчиллын лидерүүдийг бөөнд нь гүйцээж дарахын тулд Да.Ганболдыг ч хоморголон хэлмэгдүүлэхээ чи мартсангүй. М.Энхсайхантай хамтарч ажилласан багахан хугацаандаа боловсрол мэдлэг, үндэслэл баримтаар дандаа даруулж байсан болохоор өшөөгөө авч, терроризмээр сүртэй эхлүүлж тэрэг машин төдийхнөөр хэнз үрсээс нь холдуулж чи хээвнэг цоожлох шив” гэх мэтээр уртаас урт захидал бичиж нийтлүүллээ. Тэрээр бас өөрийнхөө холбогдсон асуудлыг өмгөөлөх байр сууринаас тайлбарлажээ. Гэвч Ч.Сайханбилэгийн захидлыг уншсан хүмүүсийн ихэнх нь “...Сайханбилэг өөрөө эх орондоо ирээд үнэн мөнөө олуулчихсан бол энэ хүмүүс ял уншуулж шоронд орох байсан уу, үгүй юу” гэцгээж байна. Өөрөөр хэлбэл, Ч.Сайханбилэг өөрөө зугтаачихаад, нөхөд нь яллагдахаар араас нь гашуудаж, матрын нулимс унагалаа гэж байгаа юм.

Гэхдээ энэ бүхэн тусдаа асуудал юм. Ч.Сайханбилэг хэзээ нэгэн цагт Монголдоо ирж таарна. Тэр цагт нэг тийш шийдэгдэх нь тодорхой.Харин Ч.Сайханбилэгийн энэ захидал, түүний агуулга нь ерөөсөө АН-ын лидерүүдийн хоорондын зөрчлийн илрэл ажээ.

Ерөнхий сайд асанаас Ерөнхийлөгчид гэж бус Ч.Сайханбилэгээс Х.Баттулгад хандсан үг, захидал хэмээх нь зохилтой бололтой.

Ч.Сайханбилэгийн “...Чи өөрийгөө 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн цорын ганц горилогч байлгахын тулд Монгол төрийн хоёр тулгуур баганын нэг АН-ыг бодлогоор шороотой хутгалаа” гэснээс харж болно. Бүр тодруулбал, АН-ынхны л зөрчил байсан нь харагдаж байна.

Ер нь бол АН яалт ч үгүй Монголын улс төрийн том намуудын нэг. Могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэдэгчлэн АН хэдий задравч буцаад нэгдэх эсвэл босох үндэс суурь байж л байдаг.

Энэ нам 2016 оны УИХ-ын сонгуульд ялагдсан. Шалтгаан нь АН-ын олон фракцийн хагарал байв. 2020 оны сонгуульд бас ялагдсан. Шалтгаан нь АН-ын лидерүүдийн зөрчил болов. Энэхүү лидерүүдийнх нь зөрчлийн нэг хэсэг нь Ч.Сайханбилэгийн захидал болж байна. Ч.Сайханбилэгийн үгийг тогтоод, задлаад харвал хэний санаа, хэний үг дайгдаж яваа нь тодорхой харагдах аж. Хамгийн гол нь энэ зодоон ил гарна гэдэг АН төгсгөл рүүгээ явж байна гэсэн үг. АН-д хэрэгтэй. Ахиад босч ирэх, нэгдэж ажиллах боломж нь наашилж байгаа юм.

Тэгэхээр эх сурвалжийн мэдээллээр, энэ хэрүүлээс хол, намдаа ойр ажиллаж ирсэн нөхдүүд нь даруй зохион байгуулалтад орж АН-аа шинэчлэх ажилдаа ханцуй шамлан орж байгаа бололтой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.21 № 138 (6363)