Дональд Трамд анх удаа маск зүүж, Жо Байдены доог болов уу

0
хуваалцах
289
үзсэн

Б.ДОЛЖИНЖАВ

Коронавирус дэгдэж эхлэхэд Хятадын өвчин, жирийн ханиад хэмээн үл тоомсорлож байсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн бямба гаригт Вашингтон хотын Уолтер Ридийн цэргийн эмнэлэгт зочлохдоо анх удаа маск зүүсэн юм. Тэрээр “Би ахиж хэзээ ч маск зүүхийг эсэргүүцэхгүй. Гэхдээ зөв цаг үедээ л зүүх ёстой гэж боддог. Эмнэлгээр үйлчлүүлэхдээ ялангуяа, олон цэрэгтэй харилцаж байгаа үед маск зүүх нь маш чухал” гэж хэлжээ. АНУ-ын Өвчнөөс урьдчилан сэргийлэх төв дөрөвдүгээр сарын эхээр коронавирусын тархалтыг зогсоохын тулд бүх нийтээрээ амны хаалт зүүхийг зөвлөсөн ч Дональд Трамп энэ зөвлөгөөг дагахгүй гэж сэтгүүлчдэд хэлж байсан юм. Мөн Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байденыг элэглэн хэзээ ч маск зүүхгүй хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгвэл чухам юу түүнийг маск зүүхэд нөлөөлөв гэдэг нь олны анхаарлыг татаж байна. АНУ-д шинээр илэрсэн коронавирусын халдварын тохиолдол баасан гаригт буюу нэг дэх өдөр 69 мянга бүртгэгдсэн нь хамгийн өндөр үзүүлэлт юм. Өчигдрийн байдлаар АНУ-д коронавирусын халдварын батлагдсан тохиолдол 3.5 саяд хүрч, 140 мянга орчим хүн нас барснаар дэлхийд нэгдүгээрт жагсаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.16  ПҮРЭВ № 135 (6360)