С.САРУУЛ
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт орших Аварга тосон рашаан сувиллын газар энэ жил нуураа цэвэрлэх зорилгоор үйл ажиллагаагаа түр зогсоож амарсантай холбоотойгоор иргэд аялагчид Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутагт орших Гүрмийн нуурыг зорих болсон аж. Тэгвэл өчигдөр буюу 2020 оны долдугаар сарын 14-ний өглөө 09 цаг 30 минутад иргэнээс “манай 4 хүүхэд нууранд живлээ, туслаарай” гэх дуудлага мэдээллийг тус сумын цагдаагийн хэсэгт өгчээ. Эрдэнэт хүний алтан амь минут, секундээр хэмжигдэж байсан энэ үед Хэнтий аймгийн Баян-Овоо сумын хэсгийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Н.Раднаабазар, хэсгийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Э.Мөнхтуяарах-Од нар 09 цаг 40 минутад Гүрмийн нуурны зүүн талд шуурхай очиж шалгахад 4 хүүхэд нуурны эргээс холдон гол хэсэгт хийлдэг гудас дээр хөвж явсан байна.

Тус нуур нь гол хэсгээрээ 30 метрийн гүнтэй, 20 орчим км-ийн тойрог радиустай бөгөөд цагдаагийн алба хаагчид автомашины дугуйны олгой хаммерыг хийлж, усны хантааз өмсөн Баян-Овоо сумын 4 дүгээр багийн засаг дарга С.Отгонбаярын хамт нуур луу сэлж орон 5-8 насны 4 хүүхдийг уснаас эсэн мэнд аварч гаргасан байна. Үер усны улмаас гол, нуур, цөөрмийн түвшин дээшилсэн энэ үед ард иргэд амарч, аялаж зугаалгаар явахдаа бага насны хүүхдүүдийг гол, нуур, цөөрмийн орчимд тоглуулахгүй, хийлдэг завь, гудас ашиглуулахгүй байх, хараа хяналтгүй орхихгүй байхыг цагдаагийн ерөнхий газраас анхааруулж сэрэмжлүүлж байна.

Эх сурвалж: www.polit.mn