“Би олон хүний бахархал нь байхыг хүсдэг”

0
хуваалцах
318
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

 

Гар урлалын чиглэлээр мэргэшсэн гэж хэлж болох “Ховор угалз” компанийн захирал М.Сувд-Эрдэнэтэй ярилцлаа. 

 

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та бидэнд өөрийн эрхэлдэг ажлаа танилцуулахгүй юу?    

-Намайг М.Сувд-Эрдэнэ гэдэг. Увс аймгийн Бөх мөрөн суманд төрж өссөн. Одоо Улаанбаатар хотод аж төрж амьдарч байна. Би гар урлалын чиглэлээр сургалт үйлдвэрийн үйл ажиллагаа явуулдаг. “Ховор угалз” компанийг удирддаг. Үндэсний монгол, буриад гутлыг  20 гаруй жил урлаж байна. 2011 оноос хойш “Ховор угалз” сургалтын төвөө байгуулаад Сонгинохайрхан дүүрэгт гар урлалын чиглэлээр сургалт явуулж мөн сургалтад суусан хүмүүсээ ажилд оруулж орлоготой болгодог.

-Яагаад гар урлалыг сонирхох болсон юм бэ?

-Би багш мэргэжилтэй. Хөдөөнөөс хотод ирээд ажил хийх зорилготой ирсэн. Аав ээж хоёр минь монгол гутлын дотор талын оймсыг оёдог хүмүүс байсан. Тухайн үедээ тэр оймсоо “Хүчит шонхор” зах дээр нийлүүлдэг байлаа. Тэр үед л ээж аавдаа туслах зорилгоор анх гар урлалыг хийж эхэлсэн. Одоогоос 20 жилийн өмнө багшийн сарын цалин 250 мянга байсан. Тэр мөнгийг бид долоо хоногт олдог байлаа. Тиймээс залуу хүн чинь гутлаа хийнэ. Багш болно түр зуур л гутлаа хийж байна гэж хэлдэг байсан. Хүмүүс гуталчин гэхээр л хэцүү ядуу хүмүүс энэ мэргэжлээр ажилладаг гэж ойлгодог. Гэхдээ ямар ч мэргэжилтэй байсан. Хүн өөрийнхөө хийж байгаа зүйлдээ аажмаар дурладаг. Одоо телевиз, радио, сонин сэтгүүлд хүмүүсээ гуталчин ийм байдаг. Энэ гутлыг ингэж хийнэ гээд заагаад явж байна. Хүн өөрөө хийж байгаа ажил мэргэжилдээ дурласных үр шимийг нь бодит байдлаар хүртэхийг л боддог.

-Танай байгууллагыг өрх толгойлсон эмэгтэйчүүдэд тусалдаг гэж сонссон?

-Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуунд гар урлалын “Иновацийн төв”-ийг бий болгосон. Толгойтын орон нутагтаа болохоор “Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв” гэдэг нэртэй ийм хоёр төвийг бий болгоод байж байна. Энэ хоёр төв дээрээ сургалт зохион байгуулдаг. Энэ сургалтад маань ихэвчлэн өрх толгойлсон ээжүүд хамрагддаг. Сургалтыг төгссөн бүсгүйчүүдийнхээ ажлын байрыг хангаж, ажил олгодог ийм нэгэн үйл ажиллагаатай газар бий. Энэ хоёр төвийг ажиллуулсан гол зорилго нь өрх толгойлсон эмэгтэйчүүдийнхээ амьжиргааны түвшинг дээшлүүлэх юм. Бидний ажиллаж, амьдарч байгаа газар бол хүмүүсийн хэлдгээр “Жи хороолол” боловч энд ийм амжилттай амьжиргаатай эмэгтэйчүүд байгаа гэдгийг хүмүүст харуулах юм.

-Сургалт нь сард хэдэн удаа болдог вэ?

-Янз бүр. 7-14, нэг сар эсвэл бүр 45 хоногийн сургалт явуулдаг. Ямар төрлөөр сурч байгаагаасаа хамаарч хугацаа нь харилцан адилгүй байдаг. Мөн ажилтай бүсгүйчүүддээ зориулж бямба, ням гаригт сургалт явуулдаг. 

-Гутал хийхийг заах хэр хүнд вэ?

-Мэргэжлийнхээ онцлогийг гаргадаг. Багш хүн чинь дадлагаар олж авсан зүйлээ практикаар хийж шавь нартаа зааж сургадаг. Сургалтаа амжилттай зааж байна гэсэн үг.

-Сургалтад хэдэн насныхан түлхүү сууж байна?

-Манай сургалтад найман настай балчраас 80 настай буурай хүртэл явдаг. Хүүхдүүд жижиг гар урлалын зүйлс хийдэг. Өндөр настангуудаас гадна хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс их суралцдаг. Яагаад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг онцолж байгаа вэ гэхээр энэ хүмүүс эрүүл хүмүүсээс илүү чанартай бүтээгдэхүүн хийдэг. Энэ хүмүүс ажлын байраа алдахгүйн тулд илүү чанартай бүтээгдэхүүн хийдэг. Мөн манай төв надтай хамт 18 жил ажилласан одоо 76 настай Ж.Жавзан гэдэг хүн ажилладаг. Анх өрхийн үйлдвэр хийж байхад над дээр ирж шавь орж байсан. Багшаа би тантай 80 хүртлээ ажиллана гэдэг мундаг хүн байгаа юм. Бид хүмүүсээ хийсэн бүтээлийнх нь тоогоор цалинжуулдаг. Манайх бүтээгдэхүүнээ олон төрлөөр хийдэг. Эсгий нь өөрөө бүх зүйлийг хийх боломжтой гэдгээрээ онцлог.

-Танай компанийн нэр их содон юм. Яагаад “Ховор угалз” гэж нэрлэсэн юм бэ?

-Угалз гэдэг нэн ховор маш гоё сүрлэг амьтан байдаг. Миний төрж өссөн Увс аймагт их байдаг. Дархан цаазтай амьтан мөн монгол гутлын хээ угалзыг бодож ховор нандин зүйл хийе хэмээн энэ нэрийг өгсөн.

-20 гаруй жил гутал хийсэн гэлээ. Энэ хугацаанд хэр их зүйлийг сурч мэдсэн бэ?

-Энэ хугацаанд манай хийдэг гутлын загвар жил ирэх тусам өөрчлөгдсөн. Залуу хүн болохоор алаг эрээн, дан цагаан өнгөөр монгол гутлаа хийх гэх мэт олон зүйлийг туршиж байсан. Уламжлалт загварыг эвдэж явсаар байгаад илүү чанартай хэрэглэгчээс хэрэглэгчийн ам дамжин магтагдсаар байгаад өнөөдрийн энэ түвшинд хүрсэн гэж хэлж болно. Дүүргийн удирдлага болон Хөдөлмөр, халамжийн хэлтэс, Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтарснаар бидний  үйл ажиллагаа өргөждөг. Мөн манай бүтээгдэхүүн гадаадын зах зээл рүү гарч эхэлсэн. Өвөрмонгол руу бүтээгдэхүүнээ түлхүү гаргадаг. 20 жилийн хугацаанд 1000 гаруй шавьтай болсон байна.    

-Таны цаашдын зорилго?

-Би энэ байгууллагад олон жил ажиллалаа. Сонгинохайрхан дүүргээс олон хүнийг ажилтай, орлоготой, тэрбумтан ээжүүдийг төрүүлэх хүсэлтэй байдаг. М.Сувд-Эрдэнэ гэдэг хүнээс сурсан зүйлээрээ амьдралынхаа түвшинг дээшлүүлсэн олон эмэгтэйг харахыг хүсдэг. Мөн олон хүний бахархал нь байхыг хүсдэг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.10  БААСАН № 134 (6359)