А.МАРАЛМАА

 

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэн шударга холбоо”-ны тэргүүн Г.Үнэнбаяртай ярилцлаа.

 

-Танд өдрийн мэнд хүргэе. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үнэн шударга холбоо”-ныхоо талаар товч танилцуулахгүй юу?

-Холбоо маань албан ёсоор үйл ажиллагаа явуулаад хоёр сар болж байна. Өмнө нь би “Элэгсэг оршихуй” ТББ-д ажиллаж байгаад энэ холбоог байгуулахаар шийдсэн юм. Манай холбооны чиг үүрэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байрны нөхцөл байдал, дарамт шахалтыг илрүүлэхээс гадна яам, Засгийн газар болон хувийн хэвшлийн байгууллага хуулийн дагуу ажиллаж байгаа эсэх, төсвийн мөнгийг хэрхэн зарцуулж байгаад хяналт тавьдаг. Мөн сургалт, хэлэлцүүлэг, ивээн тэтгэх ажлыг зохион байгуулдаг.

-Хөгжлийн бэрхшээл дотроо олон янз байдаг. Танай холбоо аль төрлөөр нь үйл ажиллагаагаа явуулдаг юм бэ?

-Бүх хөгжлийн бэрхшээлтэй иргэнд үйл ажиллагаа маань нээлттэй. Одоогийн байдлаар эпилепси буюу уналт таталт өгдөг хүмүүс гишүүнээр бүртгэлтэй байна. Энэ иргэдэд тулгамдаж буй асуудлыг илрүүлэх, гэр бүл ойр дотнынхонд нь энэ өвчний талаар мэдээлэл өгөх зорилготой.

-Дөрвөн жилийн өмнөөс Улаанбаатар хотод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан хөтөлбөр хэрэгжиж дууссан байна. Хэрэгжилтийн талаар үзэл бодлоо солилцохгүй юу. Зорилтот хүмүүстээ хүрч чадсан болов уу?

-Зорилтот хүмүүстээ хүрч чадаагүй. Засгийн газар болон ХНХЯ-аас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсөв санхүүг зарцуулахдаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн том холбоодод хандив маягаар эсвэл их хэмжээний мөнгийг хүүгүй зээлээр олгодог. Аль ч Засгийн газар энэ холбоод руу чиглэж үйл ажиллагаа явуулаад сурчихсан байдаг. Харин энэ холбоодод бүртгэлгүй жирийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорилтот хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй. Гэртээ гар урлал хийж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 500 мянгаас нэг сая төгрөгийн зээл олгодог. Ер нь төсөл хөтөлбөр, үйл ажиллагаа болох мэдээлэл бидэнд хомс ирдэг. Болоод дууссаных нь дараа л мэдэх жишээтэй. Мэдээлэлтэй харьцангуй ойр байдаг би гэхэд сэтгүүлчдийн групп хуудаснаас мэдээлэл авч байна. Ямар ч төрлийн хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ямар ч өндөр боловсролтой байсан албан байгууллагад ажилд орохоор хүсэлт гаргахад цэвэрлэгч, жижүүрээр ажилд авна гэдэг. Энэ талаар Хөдөлмөрийн хуульд тусгаж ур чадвараар нь ажилд авмаар байна. Шинэ Засгийн газар ч энэ асуудал руу хандаж үйл ажиллагаагаа явуулаасай гэж хүсч байна.

-Түрүүн ямар холбоодыг хэлсэн бэ?

-Монголын хараагүй-чүүдийн үндэсний холбоо, Монголын сонсголгүй иргэдийн холбоо, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоод багтана. Эдгээр холбоод хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тусалдаг ч гэсэн өөрсдийн бизнесийг хөгжүүлж, тэлэх зорилго нь давамгайлсан байдаг.

-Хөгжлийн бэрх-шээлтэй иргэдэд тулгамдаж буй асуудлын талаар судалгаа хийсэн үү?

-Үнэнийг хэлэхэд судалгаа хийж, статистик мэдээллийг гаргахад хэцүү байна. Энэ тал дээр яам, Тамгын газрууд дэмждэггүй. Үндэсний статистикийн төв хороотой хамтарч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт болон ажлын байрны дарамтыг судлахаар төлөвлөж байна.

-Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллах боломж бүрдсэн төрийн болон хувийн хэвшлийн байгууллага байдаг уу?

-Ер нь байхгүй. Гэхдээ сүүлд сонссоноор “CU” байна. Унаж татдаг иргэд зарим тохиолдолд ажлын байран дээрээ алдаа гаргаж саажилт юм уу, уналт өгнө. Үүнийг хүмүүс их цочирдсон байдалтайгаар хүлээн авч ажиллуулах боломжгүй гээд ажлаас халах тохиолдол гардаг. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэнд сэтгэл зүйн хувьд хүнд дарамт болж байна. Ялангуяа, манай томоохон байгууллагууд “Наран”, “Номин”, “Голомт”, “Таванбогд” компани хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд авдаггүй мөртлөө авдаг хэмээн татвараас чөлөөлөгдөж байна. Оюуны чадамж өндөртэй залуусыг үйлчлэгч, цэвэрлэгчийн хүрээнд л хардаг. Бидний дунд хуульч, өмгөөлөгч, гидрологич гэсэн өндөр боловсролтой залуучууд байна. Оюуны чадамж гэдэг нь улс орны капитал. Оюуны бэрхшээлийг Монгол Улсын хувьд огт авч хэлэлцдэггүй. Ганц авч хэлэлцдэг нь дауны, аутизм. Бусдыг нь орхигдуулдаг. Японд оюуны бэрхшээлийг нэгдүгээрт тавьдаг. Оюуны бэрхшээл дотроо 70 орчим төрөл байдаг. Тухайлбал, синдром, бронхит, дауны, аутизм, эпилепси гэх мэт. Эпилепси, синдром, бронхиттой хүнийг харахад эв эрүүл юм шиг харагддаг. Уналт, таталт өгөх, ажлын цаг бага зэрэг асуудал гардаг ч ажлынхаа ард гарч байж сэтгэл нь амардаг үнэнч, шударга хүмүүс байдаг. Бид энгийн хүмүүс шиг ажиллах хүчин гэж үнэлэгдмээр байна.

-Нийгэмд энэ төрлийн хөгжлийн бэрхшээлийг таниулсан нөлөөллийн чанартай ажил хийж байв уу?

-МҮОНРТ,  Эпилепситэй иргэдийн ТББ-ууд хамтарч энэ өвчнийг таниулах зорилгоор нэвтрүүлэг хийж байсан. Дүүргийн хэмжээнд найман сургуульд сургалт орсон. Хүн харахад хөгжлийн бэрхшээл нь илт мэдэгдэхгүй ч тэдний хувьд хамгийн чухал нь уудаг эм, хамт олон байдаг. Хамт олон, найз нөхөд нь энэ хүмүүсийг босгох хүч өгнө. Хэрэв анги хамт олон тухайн хүний өвчнийг ойлгоод, тусалбал тэр хүн хөгжих боломжтой. Заавал тусламж ирж байгаа хэрэг биш, ойлгож харьцахад л тухайн хүн нийгэмшинэ. Өдөртөө 4-5 унадаг байсан залуу хамт олон дотор ороод сүүлийн хагас жил унаагүйн дээр шатрын мастер болсон. Бие биеэ түшиж л босно уу гэхээс заавал сондгойрох шаардлага алга. Мөн энэ хүмүүсийн уналтын хоорондын зай, уналт өгөх хугацаа, уудаг эм, тун нь хүртэл ялгаатай. Тухайн хүнд шаардагддаг зарим эмийг Монгол Улсад хориглодог.

Эрүүл мэндийн яаманд энэ эмүүдийг оруулж ирэх хүсэлт гаргасан ч нэмэр байдаггүй. Ийм өвчтэй хүмүүсийг ойлгох, туслах сургалтыг оруулж өгөх хэрэгтэй. Хүн хүнээ ойлгох ухамсрын хичээлийг ЕБС-ийн хичээлд оруулахыг хүсч байна.  Сүүлийн үед энэ өвчний насны тоо буурч, хүрээ нь тэлж байна. Нийгмийн ухамсар, сэтгэлгээ их доройтсон. Монгол хүний сэтгэл ямар уужуу, хүн хүнээ тосч, дэмнэж явдаг билээ. Хоёр эрүүл хүнээс хүртэл ийм өвчтэй хүүхэд төрч байна. Эцэг эх нь байнгын хэрүүл, зодоонтой байдгаас шалтгаалж төрөлхийн сэтгэл зүйн өвчтэй төрөх тохиолдол нэмэгдсэн. 10-аад жилийн өмнө сэтгэцийн эмчид үзүүлэхэд 1-2 хүн дугаарладаг байсан. Харин одоо зах дээр байгаа юм шиг л хүмүүс ирдэг болсон.

-Японд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажилд зуучилдаг байгууллага байдаг. Манайд ийм үйл ажиллагаа явуулдаг газар байдаг уу?

-Байхгүй. Зарим төрийн бус байгууллага гишүүдээ ажилд зуучилдаг. Хэрэв ямар нэгэн холбоо, ТББ-д бүртгэлгүй бол ийм үйлчилгээ хүртдэггүй. Том компаниуд хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн хандивын аян зохиож байгаа ч Тэргэнцэртэй иргэдийн холбоо, Харааны бэрхшээлтэй иргэдийн холбоог тал бүрээс нь өөр байгууллагууд дэмждэг. Мөн ажлын байранд очиход нэг асуудал тулгарч байгаа нь Шархад буюу СЭМҮТ-д хэвтвэл ажилд авахаас татгалзаж байна. Хүмүүс ядрахаараа СЭМҮТ-ийн ядаргааны тасагт хэвтье гэж ярьдаг. Гэтэл тэнд хэвтсэн хүн дараа нь нийгэм дээр гарахад сэтгэцийн өвчтэй хэмээн хочилдог. СЭМҮТ-д сэтгэцийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, архины эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийг хамт хэвтүүлдэг.

Нэг талаараа энэ эмнэлгийг татан буулгахыг шаардаж байна. Ядаргааны тасагт хэвтэхэд их хэмжээний унтуулга хийдэг. Энэ нь тархины эд эс үхжиж, мартамхай болгож байна. Үүнд хяналт шалгалт хийх ёстой. Шархад биеэ үнэлэгчдийн сургууль болсон гэхэд хилсдэхгүй. Архичдыг сэтгэцийн өвчтэй хүнтэй хамт хэвтүүлдэг. Өөрийгөө удирдах чадваргүй сэтгэцийн өвчтэй эмэгтэйчүүдийг тамхи элдэв зүйлээр хуурч оройн цагаар бэлгэвчгүйгээр бэлгийн харьцаанд ордог. Жилд таваас доошгүй ийм үйлдэл хийхээр тэр эмэгтэйчүүдийн сэтгэцэд нь өөрчлөлт орж донтой болсон байдаг. Энэ хүмүүс эмнэлгээс гараад биеэ үнэлээд явж байхыг үгүйсгэхгүй. Үүнээс халдварт өвчин тархах аюултай.

-Хөгжлийн бэрх-шээлтэй иргэд гэдэг нэрийг тусгай хэрэгцээт болгохоор олон хүн хэлэлцсэн. Таны бодлоор юу гэж нэрлэвэл зохистой вэ?

-Янз бүрийн онцлогтой хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа. Хүн хүний бэрхшээлээс шалтгаалж өөрөөр нэрлэх хэрэгтэй. Хөгжлөөс дутсан биш өөрөө өөрийгөө хөгжүүлээд явж байгаа нь ч бий. Онцлог хэрэгцээт гэж нэрлэвэл тохирох болов уу.

-Ажил олгогч нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг баялаг бүтээгч гэж харахаасаа өмнө нийгмийн халамж хүртэгч байдлаар хардаг. Ер нь нийт масс хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хэрхэн харьцаж байна вэ?

-Монголын залуучууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ялгаварлан гадуурхдаг. Энэ өвчнийг ойлгож байгаа хүн улсын хэмжээнд 20 байна. Нийгмийн хандивын үйл ажиллагаа явуулахдаа дандаа өрх толгойлсон эх, эмзэг хүүхдүүдэд хандив өгдөг. Хуучин цагт ажил болгоны ард хяналт шалгалт байсан. Харин одоо хариуцах эзэн нь тодорхой бус олон зүйл байна. Зорилтот бүлэгт очих ёстой төсвийн мөнгө хаашаа орсон нь сураггүй. Бид таван төгрөг хүсч байгаа юм биш, сурч хөдөлмөрлөж, өөрсдөө бүтээхийг хүсдэг. Яам, Засгийн газар хөгжлийн бэрхшэлэтэй иргэдийг ажлын байраар дэмжихдээ гарааны бизнесээр дэмжихгүй дандаа ЖДҮ-ээр бага хэмжээний зээл өгч дэмждэг. Үүнээс болж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол мэдлэг муудаж амьдрал дорой байна. Нэг дүүрэгт гэхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 70-80 хувь нь залуучууд. Үүний 20 хувь нь л ажил эрхэлж байна. Үлдсэн залуучуудын ирээдүй нэг бол архичин, нэг бол өвчтэй хүн гэж үнэлэгдсээр дуусна.

Ажлын байр гаргаж өгөхгүй юм аа гэхэд жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зээл тусламжаа хандив маягаар өгөхийг хүсч байна. Дүүргийн эмч нар унаж татдаг хүмүүсийг группээс хасахгүй бол өөрсдийнх нь ажилд хүндрэл учирсан мэт харьцдаг. Гадаадад хөгжлийн бэрхшээлтэй иргэд дуу хоолойгоо өргөж болдог байхад Монголд дуу хоолойгоо өргөсөн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд өндөр хэмжээний торгуультай байдаг. Аль ч засаг гарсан ахмад настанд чиглэсэн бэлэг тусламж үзүүлдэг. Ахмадуудын тэтгэврийг нэмсэн хэрнээ бидний 188 мянган төгрөгийг нэмнэ гэж хэн ч ярихгүй байна. Зарим хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилгүй, халамжийн 188 мянган төгрөгөөр үр хүүхдээ тэжээж, эм тариа, хоол ундаа авч байхад яаж амьдрах вэ. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн цэнхэр үнэмлэхийг олгохдоо зурган дээр тамга дарахгүй шууд өгдөг. Тиймээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд үнэмлэхээ 50-100 мянган төгрөгөөр зардаг. Эсвэл гэр бүлийнхэн нь хууль бус үйл ажиллагаад ашиглаж байна. Мөн гэр бүлийнхэн нь СЭМҮТ-д хэвтүүлчихээд группийн мөнгийг нь авдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.10  БААСАН № 134 (6359)