С.САРУУЛ

Энэ жилийн наадмаар зургаан насны морь болон эрлийз гурван насны гээд нийт есөн насны морины уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлэсэн гэдгийг өнөөдөр /2020.07.09/ Үндэсний Их баяр наадмын зохион байгуулах хорооны Хурдан морины уралдааны салбар хорооноос мэдэгдлээ.  Үйлдвэрлэг байдал, сэрвээний өндрийг хэмжих ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, ХХААХҮЯ-ны мэргэжилтэн Н.Бямбадорж “Морин спорт уяачдын холбооноос морьдыг зөвхөн сэрвээний өндрөөр уралдуулах санал ирсэн. Харин өнөөдөр мөрдөгдөж буй хууль, тогтоомжоор бол сэрвээний өндөр болон морины үйлдвэрлэг байдлыг харж уралдуулна гэсэн байдаг. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос гаргасан тогтоолоор батлагдсан журмыг баримталж монгол морьдоос эрлийз морьдыг ялгах ажлыг зохион байгуулна. Тодруулбал,Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журмыг хавсралтаар баталж, Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журмыг үндэсний их баяр наадам засгийн газрын шийдвэрээр хийж байгаа шилмэл бүсийн уралдааны зохион байгуулан мөрдлөг болгож ажиллахаар тогтоох юм.  Мөн үндэсний их баяр наадмын хорооны тогтоолоор уралдах морьдын сэрвээний өндрийг хэмжих ажлын хэсгийг томилж, журамд заасны дагуу эрлийз морьдыг тусад нь уралдуулах ажлыг зохион байгуулна гэсэн” гэв.

Дараах хэмжээг давсан морьдыг эрлийз гэж үзнэ.

Азарга, соёолон -140 см

Их нас -141 см

хязаалан 137 см,

шүдлэн 132 см,

даага 127 см өндөртэй байна.

Хурдан морьдын уралдах зай:

Азарга, соёолон 23 км

Их нас 25 км

Хязаалан 17 км

Шүдлэн 14 км

Даага 11 км

Эрлийз дээд нас 23 км

Эрлийз дунд нас 17 км

Эрлийз бага нас 11 км тус тус уралдана.

Түүнчлэн сэрвээний өндөр нь дээрх хэмжээнд хүрэхгүй боловч биеийн ерөнхий галбир, харьцаа, толгой, хоншоор, хүзүү, хүзүүний суулт, дэл сүүлийг харж, эрлийз адууг уралдуулахгүй. Мөн эрлийз байж болзошгүй, удам угшил нь тодорхой бус морьтой уяачид морьдоо уралдуулахаас хоёр хоногийн өмнө сэрвээний өндөр хэмжих ажлын хэсэгт хандаж насанд нь уралдуулах үүрэгтэй. Уралдааны өмнө шийдвэрлэхгүйгээр хасагдвал хариуцлага хүлээх юм байна.

Эх сурвалж: www.polit.mn