С.САРУУЛ

НОБГ, НБОГ, НЭМГ, НМХГ-ууд хамтран цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Баяр наадмын амралтын өдрүүд олон хоног үргэлжилнэ. Ус, цаг уур орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр энэ өдрүүдэд байнгын бороотой, аянга буух төлөвтэй байна. Зарим үед салхины хурд 16-17м/секундэд хүрнэ. Нийслэлийн иргэдийг үер усны аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхаарч, цаг агаарын мэдээллийг тогтмол авах хэрэгтэй. Гол уснаас хол байх, хүүхдэдээ тавих анхаарлаа нэмэгдүүлэх, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байхыг анхааруулж байна.

Мөн баталгаатай гүүр, гарцаар явахыг зөвлөе.  Гол дагуу есдүгээр сарын 10-н хүртэл завьт эргүүл ажиллаж байгаа. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Хар усан тохойгоос Нисэхийн эцэс хүртэл 50 орчим км газарт хөдөлгөөнт эргүүлийн аврах анги 105-ын завьт эргүүл, Баянгол, Сонгинохайрхан, Хан-Уул, Баянзүрх дүүргийн онцгой байдлын алба хаагчид Гэр бүл,  хүүхэд залуучуудын газар, цагдаагийн байгууллагатай хамтран эргүүл, хяналт шалгалтын ажлыг зохион байгуулж, гол дагуу хараа хяналтгүй явж байгаа хүүхдүүдийг эцэг эхэд нь хүлээлгэн өгч байгаа. Ингэснээр өнгөрсөн долоо хоногт 10 хүнийг гол усны аюулаас авран хамгаалсан.

Богино хугацааны аадар бороонд голын усны түвшин эрс нэмэгдэж, энэ үед хүний амь нас секунд, минутаар хэмжигддэг учраас аврагчид байнга байх хэрэгтэй байна. Нийслэлийн онцгой байдлын 2,046 албан хаагч 56 машинтайгаар бэлэн байдалд ажиллана Өнгөрсөн 14 хоногийн мэдээг харахад 3 настай хүүхэд усанд осолдсон. Тодруулбал, 17 хоногийн хугацаанд Туул голд 12 хүн унаж эндсэн байна. Тиймээс бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, аль болох голоос хол амрахыг онцгойлон анхаарахыг хүсье.  Баярын өдрүүдэд буюу долдугаар сарын 10-ны 08:00 цагаас 16-ны 08:00 цаг хүртэл өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, Нийслэлийн онцгой байдлын 2,046 албан хаагч 56 машинтайгаар бэлэн байдалд ажиллана. Баяр наадмын өдрүүдэд хөдөө гадаа явж амрахдаа цаг агаарын мэдээллийг байнга авч гол усны аюулаас сэрэмжтэй байхыг хэлье" гэв.

Эх сурвалж: www.polit.mn