Б.ДОЛЖИН

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр 172 иргэн өнөөдөр /2020.7.7/ 13:00 цагт эх орондоо ирлээ. МИАТ ТӨХК-ийн долдугаар сарын 7-ны өдрийн 12:10 цагийн тусгай үүргийн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ307/308 дугаартай нислэг агаарын хөлгийн маяг өөрчлөх болсонтой холбоотойгоор маргаашийн 10:00 цагт хөөрөх болсныг мэдээлээд байгаа юм. Улсын онцгой комиссын шийдвэрээр долдугаар сард тусгай үүргийн таван нислэгээр гадаадын оронд гацсан иргэдээ авчирна. Хуваарийн дагуу долдугаар сарын 2-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 420, 4-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр 263 иргэн эх орондоо ирсэн юм. Харин нөгөөдөр буюу 9-нд Истанбул-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж, иргэдээ татна. Истанбул чиглэлийн нислэгээр Туркт байгаа иргэдээ татан авахаас гадна Турк улс Европын орнуудтай агаарын хилээ нээж байгаатай холбогдуулж, европын улсуудаас иргэдээ татан авах боломжтой байна. Харин долдугаар сарын 15-нд Сөүл рүү дахин нислэг үйлдэж транзит зорчигчдыг авна.

Эх сурвалж: www.polit.mn