Б.ДОЛЖИНЖАВ

Тарваган тахлын уушгины болон булчирхайн хэлбэрээр өвчилсөн хоёр хүний биеийн байдал сайжирч, нэг, хоёрдугаар хавьтлыг бүрэн хяналтад авсан тул Ховд аймагт тогтоосон хөл хориог цуцалсан.  Үүнтэй зэрэгцэн Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн талаар өчигдөр ЭМЯ мэдээлсэн.  Тус суманд 15 настай хүүхэд нохой зууж ирсэн тарваганы мах идсэний улмаас халуурах шинж тэмдэг илэрч эмнэлэгт тусгаарлагджээ. 

 Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Нохой тарвага зууж ирнэ гэдэг бол хөдөлгөөн нь удааширсан, өвчтэй тарвага гэсэн үг. Тухайн хүүхдийн биеийн байдал харьцангуй сайжирсан. Одоогоор халуун нь бууж, суганы булчирхайн эмзэглэл нь багассан гэсэн мэдээлэл байна. Мөн нэгдүгээр хавьтлын 34 хүнийг бүрэн хяналтад авлаа. Сэжигтэй тохиолдлоос авсан сорьц өнөө орой 22 цагийн онгоцоор ирж, ЗӨСҮТ-д баталгаажуулах шинжилгээ хийгдэнэ” гэлээ. Мөн БНХАУ-ын ӨМӨЗО-нд ч тарваган тахлын тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбоотойгоор ОХУ тарвага агнахыг хориглосон арга хэмжээг өчигдрөөс авч эхэлжээ.  Иймээс хөдөө гадаа аялж, зугаалж явахдаа тарвага агнахгүй байх, тарваганы мах хэрэглэхгүй байхыг зөвлөлөө.

Эх сурвалж: www.polit.mn