АН их хурлаа наймдугаар сарын 23-нд зарлан хуралдуулна

0
хуваалцах
213
үзсэн

С.САРУУЛ

Ардчилсан намын удирдлагууд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнэ: УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр шинэ парламент бүтэц бүрэлдэхүүнээ томилж эхэлж байна. Гэхдээ 2020 оны УИХ-ын үр дүнгийн маргаан дуусаагүй байгаа. Энэ сонгуулиар хууль зөрчсөн  эсэх асуудлыг улс төрийн намууд хамтарч тогтоолгох тал дээр ажиллаж байгаа. Цаашид ч гэсэн энэ ажил үргэлжлэх байх.

Ардчилсан нам улстөрийн хариуцлагатай хүчний хувьд нийгэм, улстөрийн тогтвортой байдлыг бий болгохын тулд аливаа асуудалд хүндэтгэлтэй хандаж байна. Ардчилсан нам бол Үндсэн дүрмийнхээ хүрээнд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа улстөрийн хүчин. Тиймээс ч Үндсэн дүрмийн бус аливаа үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхгүй. Ардчилсан нам  Үндсэн дүрмийнхээ дагуу намын Их хурлыг зарлан хуралдуулах ёстой. Намын даргын бүрэн эрхэнд бий. Тиймээс энэ  сарын 02-ны өдөр тушаалаа гаргасан. Ардчилсан намын Үндсэн дүрмийн 5.17.1, 5.12.2 дахь заалтыг үндэслэн намын X их хурлыг 2020 оны наймдугаар сарын 23-ны өдөр зарлан хуралдуулна. X хуралдаанаар Ардчилсан намын бүх  гишүүдийн саналаар сонгогдсон шинэ намын даргыг батламжлах, ёсчлох болон бусад асуудлыг хэлэлцэнэ” гэв. Ардчилсан намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал “Ардчилсан намын даргын сонгуулийг товлон зарлаж байна. Долдугаар сарын 6-9-ний хооронд Ардчилсан намын даргад нэр дэвших  хүмүүсийн бүртгэл явагдана. Мөн энэ сарын 16-наас наймдугаар сарын 14-ний хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдана.  Харин санал хураалт наймдугаар сарын 16-нд явагдана. Тус сонгуульд өнөөдрийг хүртэл бүртгэлтэй Ардчилсан намын 200 гаруй мянган гишүүн саналаа өгөх эрхтэй. Ардчилсан намын даргад нэр дэвшигчээс ямар нэгэн дэнчин, бүртгэлийн хураамж авахгүй. Зөвхөн хөндлөнгийн аудитын байгууллагаар хянагдсан сонгуулийн зардлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар зохион байгуулна. Өнөөдрөөс Ардчилсан намын  даргын сонгуулийн  бүртгэл эхэлснийг мэдэгдэж байна” гэв.

Эх  сурвалж: www.polit.mn