С.САРУУЛ

 

Нийслэлчүүдийг сайжруулсан шахмал түлшээр 100 хувь хангах зүүн бүсийн сайжруулсан шахмал түлшний хоёр дахь үйлдвэрийн барилгын ажилтай Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэргүүтэй албаныхан танилцлаа.  Зүүн бүсийн үйлдвэр таван блокоос бүрдэнэ. Шахмал түлшний үйлдвэр гурав, коксын үйлдвэр, нүүрс угаах гэсэн таван блок үйлдвэртэй бөгөөд ирэх арваннэгдүгээр сард бүрэн ашиглалтад орох юм. Одоогийн байдлаар тус үйлдвэрийн дэд бүтцийн болон барилга хийцийн угсралт, тоног төхөөрөмжийн ажлуудыг хийж байна. Техник, төхөөрөмжийн угсралтын ажил 70 хувьтай явагдаж байна. Өнөөдрөөс сайжруулсан түлш үйлдвэрлэх эхний блокыг ажиллуулж 72 цагийн туршилт хийж эхэлсэн  бөгөөд үргэлжлүүлэн түлш үйлдвэрлэх аж. Ингэснээр цагт 30 мянган тонн түлш үйлдвэрлэнэ. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг БНСУ-аас нийлүүлж байна. Нэг блок үйлдвэр  цагт 90 мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Нэг ээлжинд 12 цаг ажиллахаар тооцоолбол 1800 тонн түлш үйлдвэрлэх юм.

Мөн үйлдвэрийн үндсэн байгууламжийг газар доор байгуулж байгаа нь байгаль орчинд ээлтэй, агаарт дэгдэх тоосжилт гэсэн сөрөг асуудлуудыг үүсгэхгүй. Утаа, тоос, тортог гарахгүй бүгд далд системээр хийгдсэн гэв.

 “Тавантолгой түлш” ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Ганбаатар “Налайх дүүрэг болон Төв аймгийн Зуунмодын МСҮТ-тэй хамтран үйлдвэрт ажиллах боловсон хүчнийг бэлтгэж байгаа. Урьдчилсан байдлаар 800-1000 орчим ажилчдын орон тоо зөвхөн үйлдвэрт ажиллахаар тооцоо гарсан. Налайх дүүрэг, Төв аймаг, Улаанбаатар хотоос ажиллах сонирхолтой иргэд санал хүсэлтээ ирүүлсэн. Энэ иргэдээс тодорхой шалгуур тавьж ажилтнаар авч, сургалтад хамруулна. Зүүнбаян Тавантолгойн төмөр зам ашиглалтад орохоор Тавантолгойгоос сайжруулсан шахмал түлшнийхээ түүхий эд болох медлингээ төмөр замаар зөөвөрлөнө.

Ингэснээр үйлдвэрлэл бүрэн хүчин чадлаараа ажиллаж түлшний хэрэглээгээ 100 хувь хангаж чаддаг болно. Эрдэмтдийн зөвлөх баг түлшний чанарыг сайжруулах, хорт хийн ялгарлыг бууруулах, олон улсын стандартад хүргэх талаар нарийн судалгаа шинжилгээнүүдийг хийсэн. Үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа” гэлээ. Засгийн газрын 62 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт орж, нийслэлийн бүх дүүрэг хороодод түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон. Иймд ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд айл бүрийн зуух яндангийн битүүмжлэлийг шалгаж, сайжруулсан түлшний зөв хэрэглээ, угаарын хийнээс сэрэмжлүүлсэн зөвлөмжийг хүргэж ажиллахыг холбогдох албаныханд даалгалаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.6  ДАВАА № 130 (6355)