Б.ДОЛЖИН

Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх цэвэр усны шугамын ажил эхлэхтэй холбоотойгоор Баянбүрдийн тойргийн уулзварыг өнөөдөр /2020.07.03/ оройны 23:00 цагаас маргаашийн 06:00 цаг хүртэл хаах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Бүс хариуцсан ахлах инженер Б.Намсрайжав нар мэдээлэл хийлээ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн “Баянбүрдийн тойргийн замыг үе шаттайгаар хаахаар болсон. Өнөө орой 23:00 цагаас Баянбүрдийн тойргоос 3,4 дүгээр хороолол руу өгсдөг хэсгийн замын хөдөлгөөнийг маргааш өглөөний 06:00 цаг хүртэл хаана. Бямба, Ням гарагийн орой дараагийн зурвас хэсгийн хөдөлгөөнийг хаана. Ингэснээр Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх HDPE ф900мм-ийн цэвэр усны шугамын ажил хийгдэнэ. Засварын ажлыг авто замын хөдөлгөөнд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулна” гэж ярилаа. Мөн хэсэгчлэн хаасан зурвас авто замаар 22:00-06:00 цагийн хооронд зорчих боломжгүй гэдгийг анхаарууллаа.

Эх сурвалж: www.polit.mn