Б.ДОЛЖИНЖАВ

Эрүүл мэндийн яамнаас шинэ төрлийн коронавирустэй холбоотой асуудлаар ээлжит мэдээлэлээ хийлээ. Өчигдрийн байдлаар /2020.07.02/ дэлхий дахинаа 10 сая 978 мянган хүн коронавирусын халдвар авснаас 578 мянга нь нас баржээ. Сүүлийн 24 цагт 183 мянган хүн шинээр халдвар авч 4 мянга гаруй хүн нас барсан байна. Манай улсын хувьд шинэ тохиолдол бүртгэгдээгүй. Харин тавдугаар сарын 28-нд ОХУ-аас ирсэн нэг оюутан, ачааны машины нэг орос жолооч нийт хоёр хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа.  Ингээд батлагдсан 220 тохиолдлоос 179 нь эдгэрлээ. Эмчилгээнд байгаа 41 хүний 35 нь хөнгөн, зургаа  нь хүндэвтэр байгаа аж. Энэ талаар ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Долдугаар сарын 2-нд дөрвөн лабораторид нийт 194 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Өчигдөр АНУ-аас ирсэн 25 хүн, эдгэрээд сувилалд тусгаарлагдаж байгаа хүмүүс, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа нэг, Сэлэнгэд байгаа тав, Орхон болон Дархан-Уул аймагт тусгаарлагдсан хоёр, тандалтын зорилгоор авсан гурав, 24 тээврийн жолооч, Замын-Үүдэд хийсэн 108 шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-ээс гарч, дараагийн тусгаарлалтад шилжлээ” гэж ярилаа. Өчигдөр БНСУ-аас хоёр онгоцоор 420, АНУ-аас 25 хүн, Замын-Үүд боомтоор 96 хүн орж ирсэн байна. Эдгээр иргэдээс есөн хүнийг ХӨСҮТ, 22 хүнийг Цэргийн төв эмнэлэгт, үлдсэн хүмүүсийг буудлуудад тараан байршуулжээ.ЗӨСҮТ-ийн баг өчигдөр тусгай үүргийн гурван онгоцыг ариутган, халдваргүйжүүлсэн байна. БНСУ-аас ирсэн 420 хүнээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна.

Эх сурвалж: www.polit.mn