Америкийн нэгдсэн улсын Тусгаар тогтнолын өдөр

0
хуваалцах
255
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

Цахим “Зууны мэдээ” www.zms.mn сайт энэ өдрийн түүхийг өгүүлдэг “Зууны нэг өдөр” булангаараа дэлхийн болон Монголын түүхэнд долдугаар сарын 4-нд болсон үйл явдлуудаас онцлон хүргэж байна.

Тусгаар тогтнолын өдөр Америкийн нэгдсэн улсын эрх чөлөөт, тусгаар улс болон төрсний баяр гэгддэг. Америкчууд баяраа сар өдрөөр нь Долдугаар сарын 4 гэж энгийн нэрлэдэг. Конгресс 1776 оны долдугаар сарын 4-нд Тусгаар тогтнолын тунхаглалыг  батлаад түүнд Хоёрдугаар эх газрын конгрессийн ерөнхийлөгч Жон Хэнкок  ба эх газрын конгрессийн нарийн бичгийн дарга Чарльз Томсон нар гарын үсгээ зуржээ. Энэ үеэр Америкийн зүүн эргийн Британийн 13 колонийн оршин суугчид Английн хаан ба парламент нь тэдэнд шударга бусаар хандаж байна гэж үзэн дайн хийж байлаа. Дайн нь 1775 онд эхэлсэн юм. Энэ дайны үеэр тэд шударга хандлагын төлөө биш Английн эзэмшлээс тусгаарлахын тулд байлдаж буйгаа ойлгож авсан байна. Энэ эрмэлзлэлийн тэд Тусгаар тогтнолын тунхаглалдаа тодорхой гаргаж өгсөн байлаа. Анх удаагаа колонийн удирдагч нарын гарын үсгээ зурсан тунхаглалд колони орныг  the United States of North America гэж нэрлэсэн байв. Америкийн энэ баярыг хөрш Канадын мужууд мөн Дани, Норвеги, Швед, Англи, Гватемала ба Филлипин хамт тэмдэглэдэг. Филадельфи. Колони Пенсильванийн Ассамблейн Тусгаар тогтнолын танхим. Энд Британийн 13 колони Тусгаар тогтнолын тунхаглалыг баталж, дараа нь АНУ-ын Үндсэн хуулийг гаргаж байлаа. Манай орны хувьд 1911 оны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 сарын 29-нд Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилж түүнд төрийн тамга, төрийн далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий засгийн газрыг байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол улсыг байгуулсан юм. Монголчуудын сэргэн мандлын эхийг тавьсан 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь төрт ёсны өнө эртний уламжлалтай Монголын ард түмний түүхийн онцгой хуудас, хойч үе нь бахархан дурсвал зохих түүхт үйл явдал мөн. Энэхүү Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон арван жилийн мохошгүй хүсэл тэмүүлэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсрын их сэргэлтийн эхлэл, 1921 оны Ардын хувьсгалын бодит хөрс болсон билээ. Соцализмын он жилүүдэд энэхүү түүхэн чухал өдрийн үнэ цэнийг ойшоолгүй ирсэн ч УИХ-н 2007 оны 8 сарын 16-ны хуулиар 12 сарын 29-г нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны 12 сарын 23 өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан юм. Энэ өдөр улс нийтээр амардаг.

Энэ өдөр дэлхий дахинд болсон үйл явдлууд

1670.07.04. Атаман Стенька Разины 20 мянган хүнтэй дээрмийн гэхээр арми Астрахань хотыг эзэлжээ. Степан Разин, Борис Кустодиевын зурсан зураг Тэр жилийнхээ хавар казакийн атаман Степан Разин Ижил мөрний саваар аян  хийн хамжлагат тариачдыг бөөнөөр нь босгож байлаа.Тэрээр захидал илгээн эрх чөлөөг хүссэн бол өөртөө нэгдэхийг уриалж байсан юм. Тэрээр хааны эсрэг биш гэдгээ хэлж, харин бүх засаг захиргаа, сүм хийдийн эсрэг гэж байв. Разинчуудын эзэлсэн хот суурин бүрт төв засгийн төлөөлөгчдийг алан хядаж бичиг баримтыг нь устгаж худалдаачдыг тонон дээрэмдэж байлаа. Астрахань хотыг эзлээд тэрээр хотын захирагч Прозоровскийг гүнг хоёр хүүгийнх нь хамт хөнөөсөн байна. Мөн тэнд байсан турк, армян, перс, энэтхэг наймаачдыг бас цаазалжээ. Астраханийн дараа Царыцин, Саратов, Самара зэрэг олон цайзыг эзэлсэн тэрээр Симбирскийн бүслэн хаасан ч эзэлж чадалгүй шархдан Дон мөрний зүг буцаад бүгжээ. 1671 онд тэрээр казакийн ахлагч нарт олзлогдсон байна. Түүнийг дүү Фролынх нь хамт хааны захиргаанд тушаасан юм. Москвад эхлээд түүнийг тамлан байцаагаад 1671 оны зургадугаар сард түүнийг Улаан талбайд мөчлөн цаазалжээ.

1790.07.04. Английн газар зүйч, геодезист, нэрийг нь дэлхийн хамгийн өндөр ууланд өгсөн Жорж Эверест 220 жилийн өмнө Уэльст төржээ. Тэрээр 16 насандаа цэргийн сургууль төгсөөд Энэтхэгт алба хаахаар илгээгдсэн байна.Тэрээр тэнд геодезийн албанд ажилласан ба Ява аралд аян хийсэн байна. Эверест 1818 оноос Уильям Лэмбтоны хамт Энэтхэгийн геодезийн зураг бүтээх ажилтай байсан ба олон жилийн ажлын явцад тэрээр Энэтхэгийн энэ салбарын ажлын цоо шинэ төвшин_д гаргаж чадсан байна. Түүний удирдлагаар Гималайн өндөр уулсын өндрийн хэмжээгүйгээр нь бүртгэсэн юм. 1843 онд тэрээр хурандаа цолтойгоор тэтгэвэртээ гарч Англид буцан иржээ. Эверест 1861 онд тэрээр сэр цол авч жилийн дараа нь Хаантны Газар зүйн нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч болсон байв.Түүний шавь Эндрю Во багшийнхаа тэмдэглэсэн бүх өндөр уулсын өдрийг гаргаад хамгийн өндөр ууланд нь Эверест гэсэн нэр өгөх санал гаргасан юм.

1848.07.04. Одооноос 162 жилийн өмнө “Коммунист намын тунхаг” хэвлэгдэн гарчээ. Карл Маркс, Эридрих Энгельс хоёр энэ тунхагийг бүтээжээ. Шинжлэх ухааны коммунизм ба олон улсын коммунист байгууллагуудын анхны хөтөлбөрийн шинжтэй баримт бичиг нь энэ болсон юм. 1847 онд болсон Коммунистуудын холбооны хоёрдугаар конгрессийн даалгавраар бичин түүхийг ойлгох материалист ойлголт, нийгмийн хөгжлийн бодит хууль, үйлдвэрлэлийн нэг аргаас нөгөөд шилжих гэх мэтийн зүйлийг коммунист үзлийн өмнөөс тайлбарласан байна.Уг тунхагт ангит нийгмийн өмнөх түүхийг ангийн тэмцлийн түүх гэж тодорхойлжээ. Тунхагт хөрөнгөтөн нийгмийн суурь, үзэл санаа ёс зүй болон хувийн өмч, хөрөнгөтний гэр бүл зэрэг ширүүхэн шүүмжлэгдсэн байв. Тунхгийг бүтээгчид пролетари ангийг дарангуйлагч анги болгох санааг дэвшүүлсэн байв. Тэр хоёр уг тунхагтаа коммунист намын тухай сургаалиа гарган коммунистуудад пролетари ангиас гадуур ашиг сонирхол байхгүй гэсэн байна.

Эх сурвалж www.zms.mn