Х.ХАТАН

 

Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Станислав В.Чепурнойтой ярилцлаа.

 

-Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам нээгдээд зургаан жил боллоо.  Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь улсын хоёр талын харилцааны өнөөгийн түвшинг Та хэрхэн үнэлж байгаа вэ?

 -Тийм ээ, манай Элчин сайдын яам 2014 оны зургадугаар сард үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэхдээ манай хоёр улсын хамтын ажиллагаа зургаан жилийн өмнө биш найрсаг харилцаа, харилцан ойлголцол, түншлэлийн түүхэн  уламжлалттай билээ.

Беларусь улсыг ЗХУ-ын бүрэлдэхүүнд байх үед Монголын удирдагчид олонтоо айлчилж, манай нийслэлд Монголын соёлын өдрүүдийг зохион байгуулж байсан. Беларусийн мэргэжилтнүүд танай улсын аж үйлдвэрлэл, дэд бүтцийн баазыг бий болгох үйлсэд оролцож, Монголын залуус Беларусь улсад боловсрол эзэмшиж байсан. Бид олон салбарт идэвхтэй хамтран ажиллаж байв.

ЗХУ тарсаны дараа Монгол Улс 1991 оны арванхоёрдугаар сард Бүгд Найрамдах Беларусь улсын тусгаар тогтнол ба төрийн бүрэн эрхт байдлыг хүлээн зөвшөөрсөн анхдагч улсуудын нэг байсан. 1992 оны нэгдүгээр  сард Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхий сайд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж, хоёр улсын хооронд дипломат харилцааг тогтоосон. Өнгөрсөн зууны 1990-ээд оны үед манай хоёр улс эдийн засаг, нийгэм ба төрийн бүтцийн холбогдох өөрчлөлтүүдтэй холбоотой дотоодын олон асуудал, зорилтуудыг шийдвэрлэх болсон. Тиймээс 20 жилийн турш голчлон худалдаа, эдийн засгийн салбар дахь хамтын ажиллагааг хадгалж ирсэн.

Хоёр талын харилцаа холбооны хүрээнд Бүгд Найрамдах Беларусь улсын Гадаад хэргийн сайд Владимир Сенько 1996 онд Монгол Улсад айлчилж, түүний монгол мэргэжил нэгт нөхөр Л.Эрдэнэчулуун Беларусь улсад 2001 онд айлчилсан билээ. Тухайн үед Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Д.Цогтбаатарын ачаар манай гадаад яамдуудын хоорондын харилцаа 2011 оноос үргэлжилсэн билээ.

Үүний үр дүнд Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхий сайд Михаил Мясникович 2013 онд Монгол Улсад айлчилж, Монгол Улсын төрийн өндөр албан тушаалтнуудтай уулзаж, Беларусь улсын анхны Үндэсний үзэсгэлэн болон Беларусь-Монголын анхны бизнес форумыг зохион байгуулсан билээ. Бүгд Найрамдах Беларусь улсаас Монгол Улсад суух Элчин сайдын яамыг 2014 онд нээсэн нь хоёр талын харилцааны хөгжлийн жам ёсны үе шат ба дээд хэмжээний тохиролцооны үр дүн болсон билээ.

Сүүлийн жилүүдэд манай хоёр улсын хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж байна. Өндөр, дээд болон байгууллага хоорондын түвшиний харилцаа холбоо хадгалагдаж, олон улсын байгууллагуудын хүрээнд ажил хэрэгч харилцан үйлчлэл явагдаж, худалдаа, эдийн засгийн харилцаа хөгжиж, хоёр талын хууль эрх зүйн бааз тогтвортой бүрдэж ирсээр байна.

Шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, боловсрол, спортын салбарын хамтын ажиллагаа ч хөгжиж байна.

Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд Беларусь, Монгол хоёр улсын Ерөнхийлөгчийн уулзалтыг хоёр удаа, Ерөнхий сайд, Шадар сайдуудын түвшний уулзалтыг хэд хэдэн удаа зохион  байгуулсан. Монгол Улсын Гадаад харилцааны сайд 17 жилийн дараа Беларусь улсад 2018 онд айлчлал хийлээ.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Беларусь улсад суух Элчин сайдын яамыг Минск хотод нээх шийдвэрийг 2019 онд гаргасан. Энэ оны тавдугаар сараас эхлэн Элчин сайдын яам үйл ажилагаагаа эхлүүлсэн. Беларусь улсад Монгол Улсын дипломат үйл ажиллагааг өргөжүүлэх нь манай хоёр улсын хоёр талын хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэхэд тус дэм болно гэдэт итгэлтэй байна.

-Ноён Элчин сайд, Та Монгол Улсад Элчин сайдын яам нээгдсэн үеэс эхлэн ажиллаж байна. Энэ хугацаанд хийсэн ажлынхаа талаар дэлгэрэнгүй ярихгүй юу.

-Ерөнхийдөө, ажил маань манай хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, улс төрийн яриа хэлцлийг эрчимжүүлэх, шинжлэх ухаан, хүмүүнлэг болон бусад харилцан сонирхол татсан салбаруудын харилцан үйлчлэлийг сэргээхэд төвлөрч байна.

Орчин цагийн Беларусь нь экспорт руу чиглэсэн эдийн засагтай,  эрчимтэй хөгжиж буй IT салбартай, аж үйлдвэр, шинжлэх ухаан, хөдөө аж ахуйн улс. Эдийн засгийн онцлог, газар зүйн байрлал, түүхэн харилцаа холбоо, нээлттэй, гадаад зах зээл рүү чиглэсэн байдал нь манай улсыг тодорхойлж өгнө. Беларусь улс нь 170 гаруй улс оронтой худалдааны харилцаатай, дэлхийд үйлдвэрлэж буй карьерын самосвалуудын гуравны нэг, хөдөө аж ахуйн комбайнуудын бараг тавны нэг, тракторын зургаан хувийг үйлдвэрлэдэг. Сүүн бүтээгдэхүүн экспортлолоороо дэлхийд эхний тавд ордог.   Нэг хүнд ногдох IТ үйлчилгээний экспортоор  ТУХН-ийн бүх орны дунд тэргүүлдэг.  

Манайд үйлдвэрлэдэг “БЕЛАЗ” самосвал, “МАЗ” ачааны машин, “Беларус” трактор, “Атлант” (өмнө нь “Минск” гэдэг байсан. Редакцийн тайлбар) хөргөгч нь брэнд болсон бүтээгдэхүүнүүдийг хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан үеэс Монголд сайн мэддэг болсон. Улаанбаатарын замаар “МАЗ” автобусууд явж, тариалангийн талбайд  “Гомсельмаш” комбайнууд ажиллаж, эмийн сангууд, худалдааны төвүүдэд Беларусьт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүд худалддаг.

Беларусиас нийлүүлдэг  хуурай сүүг Монголд хүнсний үйлдвэрлэлд ашигладаг. Танай зах зээл дээр саяхнаас танил болоод буй нийтийн аж ахуйн техник төхөөрөмж, галт тэрэг, цахилгаан шат, цахилгаан трансформатор, синтетик утас болон бусад  бүтээгдэхүүн ч сонирхол татсаар байгаа.

Гэвч хамтын ажиллагаа зөвхөн худалдааны салбарт төдийгүй хөгжиж байна. Өнөөгийн Монгол Улс нь үйлдвэрлэл, дахин боловсруулалт гэсэн эдийн засгийн салбараа хөгжүүлэх сонирхолтой. Манай хоёр улс хөдөө аж ахуй, мал эмнэлэг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, боловсруулах салбаруудыг хөгжүүлэхийг сонирхож байна. Монгол Улсад анхны сүүний кластер бий болгох хамтарсан төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа. Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хоёр талын Ажлын хэсгийн байгуулж, хоёр удаагийн хуралдааныг зохион байгуулсан байгаа.

Тээвэр ложистикийн салбар дахь хамтын ажиллагаа хөгжиж байгаа. Беларусь, Монгол хоёр  далайд гарцгүй улс боловч дамжин өнгөрөөх томоохон нөөц бололцоотой. Брест-Улаанбаатар чиглэлээр “Монголын вектор” чингэлгийн цувааг бүрдүүлэх хамтарсан төслийг 18 жил хэрэгжүүлж сүүлийн жилүүдэд Хятад-Европ гэсэн чиглэлээр  төсөл хэрэгжүүлж байна. Олон улсын машины тээврийн харилцаа  идэвхжиж, Беларусь, Монголд  харилцан олгож буй зөвшөөрлүүдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Олон улсын ачаа тээврийн хоёр талын комиссыг байгуулж, анхны хурлаа хийсэн.

Беларусь нь шинжлэх ухааны томоохон нөөц бололцоотой, шинжлэх ухаан, эрдэм шинжилгээний байгууллагууд хөгжингүй тогтолцоотой. Өндөр технологийн салбарт  нэлээд туршлага хуримтлуулсан. Төрийн байгууллагууд болон Беларусь, Монголын ШУА-ийн шугамаар шинжлэх ухаан-техникийн салбарын хамтын ажиллагаа идэвхжсэн байгаа. Шинжлэх ухаан, технологийн салбарын хамтын ажиллагааг хариуцсан  комисс байгуулж, хоёр удаа хуралдсан. Хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, шинжлэх ухааны хэд хэдэн хамтарсан төслийг хэрэгжүүлж байна.

Беларусь улсад 50 гаруй их, дээд сургууль бий. Оюутан, хүн амын харьцааны үзүүлэлтээрэ  Европт нэлээд дээгүүрт ордог. ЗХУ-ын үед Монголын оюутнууд Беларусын их, дээд сургуулиудад суралцаж байсан. Тэдгээрийн дийлэнх нь төр ба нийгмийн салбарт одоо ч хариуцлагатай алба хашиж байна.  Амжилттай бизнес эрхэлж буй хүмүүс ч цөөнгүй.   Олон жилийн дараа боловсролын салбарын хамтын ажиллагаагаа сэргээсэн. Одоогийн байдлаар Беларусьт 10 монгол оюутан үнэ төлбөргүйгээр сурч байгаагаас тавыг нь өнгөрсөн жилээс гадаад оюутнуудад олгодог тэтгэлэгт хамруулсан. Үүнээс гадна мэргэжил, техникийн боловсрол эзэмших хүрээнд Монгол Улсын 15 иргэн Жодино хот дахь Улсын политехникийн колллежид  “БЕЛАЗ” ходдингийн Монгол дахь дилер болох “Юнайтед БЕЛАЗ Машинери” компанийн зардлаар суралцаж байна.

Спортын салбарын хамтын ажиллагаа ч эрчимжсэн. Монголын бөхчүүд 2018 оноос эхлэн Бүгд Найрамдах Беларусь улсын ерөнхийлөгчийн нэрэмжит, жил бүр зохиодог Олон улсын самбогийн тэмцээнд оролцох болсон. Байнга шагналт байранд ордог. Хамгийн сүүлд  2019 оны долдугаар сард болсон тэмцээнд оролцсон.

-2019 онд манай хоёр улсын хамтын ажиллагааны үр дүнгийн талаар манай уншигчдад сонирхуулаач?

-Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хүрээнд Засгийн газар хоорондын комиссын тавдугаар хуралдаан жилийн өмнө Улаанбаатарт болж Беларусь, Монголын  2019-2021 онд хамтран ажиллах “Газрын зураг”-т гарын үсэг зурж, түүндээ улс төрийн яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуйн салбаруудын хамтын ажиллагааг  цаашид өргөжүүлэн хөгжүүлэх, тээвэр, шинжлэх ухаан, технологи, боловсрол, соёл, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар тусгасан.

Монгол Улстай хийх худалдаанд Беларусь улсын Хөгжлийн банкны хөнгөлөлттэй экспортын зээлийн механизмыг ашиглахаар болсон. Энэ схемийн хүрээнд  Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын Гал түймэртэй тэмцэх техник хэрэгслийг шинэчлэх төсөл хэрэгжүүлэх ажлыг аль хэдийнэ эхлүүлсэн.

Хөнгөлөлттэй зээлийг зөвхөн бараа бүтээгдэхүүн худалдан авахад төдийгүй хамтарсан төсөл хэрэг-жүүлэх, Беларусийн талаас Монголд ажил гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлэх  чиглэлээр ашиглаж болно.

Улаанбаатарт болсон “Улаанбаатарын түншлэл 2019” олон улсын үзэсгэлэнд манайх оролцож, Беларусь, Монголын бизнес форумыг хоёр удаа зохион байгуулж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн салбарт хамтран ажиллах боломжийн талаар бизнесийн төлөөлөгчид уулзалт, хэлэлцээр хийж, ажил хэргийн шууд харилцаа  тогтоосон.

Монгол Улсад сүүний кластер бий болгох хамтарсан төсөл боловсруулах ажлыг эхлүүлээд байгаа. Хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааг хариуцсан ажлын хэсгийг байгуулж,  хуралдаан ба мэргэжилтнүүдийн айлчлалыг  зохион байгуулсан.

Шинжлэх ухаан, технологийн салбарт хамтран ажиллах хоёр улсын комиссын хоёр дахь хуралдаан Минск хотод болсон. Энэ үеэр  2020-2021 онд  шинжлэх ухаан, техникийн тэргүүлэх чиглэлээр  хамтарсан төслийн ээлжит уралдааныг зарласан юм.

 Улаанбаатарт болсон соёлын хамтын ажиллагааны хүрээнд Беларусь улсыг нацистын түрэмгийлэгчдээс чөлөөлсөний 75 жилийн ойд зориулан Беларусийн киноны долоо хоногийг анх удаа зохион байгууллаа. Мөн Беларусийн нэрт зохиолч Янка Купалагийн сонетуудын эмхэтгэл,  сэтгүүлч А.Шербаковын “Даль жигүүртнүүдэд тэнгэрийг даатга” Халхголын  тулалдаанд онцгой гавьяа байгуулсан ЗХУ-ын анхны хошой  баатар, нисгэгч С.И.Грицевецын туулсан амьдралын тухай номыг Монголд анх удаа хэвлүүлж уншигчдын хүртээл болгосон. Энэ хоёр номыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б. Галаарид орчуулсан.

Улс төрийн яриа хэлэлцээг идэвхжүүлэхийн тулд Минск хотноо Беларусь, Монголын Гадаад харилцааны яамдын дэд сайд нарын  зөвлөлдөх уулзалт болсон. Олон улсын байгууллагуудын хүрээнд улс төр, худалдаа, эдийн засгийн салбарт хоёр талын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, хэтийн төлөв байдыг судалж, ойрын ба ирээдүйн хамтын ажиллагааны үндсэн чиглэлийг тодорхойллоо.

-Хоёр улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд энэ онд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ?

-2020 оны нэгдүгээр сард Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Беларусь улсад айлчилсан. Тэрээр Беларусийн салбаруудын сайд нар,  тээвэр ложистикийн байгууллагын дарга нартай уулзаж, хэлэлцээ хийсэн. Тээврийн болон олон улсын ачаа тээврийн чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх хэтийн төлвийг хэлэлцэж,  хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурсан. Энэ жилдээ багтааж олон улсын авто тээврийн  харилцааны асуудлаар хоёр талын комиссын II хуралдааныг Минск хотод хийхээр төлөвлөсөн.

 Энэ жил Минск хотод худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдааныг хийхээр төлөвлөж байна. Худалдаа, эдийн засгийн салбарын хамтын ажиллагааны хэтийн төлөв, хамтарсан  төслүүдийн заримыг нь хэрэгжүүлэх талаар ярилцана.

Монголын уул уурхайн компаниудад “БЕЛАЗ”-ийн уул уурхайн тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг үргэлжлүүлэх болно. Монгол Улсын холбогдох газруудтай Беларусийн экспортын зээлийн хүрээнд хэрэгжүүлэх тодорхой төслүүдийг хамтран боловсруулж байна.

Монгол Улсад  сүүний кластерыг бий болгох хамтарсан төслийн практик хэрэгжилтийг эхлүүлэхээр төлөвлөсөн. Хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах хоёр талын Ажлын хэсгийн ээлжит хуралдааныг зохион байгуулахыг төлөвлөж байна.

Дээр дурдсан зүйлүүд  харилцан үйлчлэлийг өргөжүүлэх хоёр талын сонирхол байгааг нотолж, Беларусь улс нь  эртний  найдвартай түнш Монгол Улстай хамтын ажиллагаа тууштай хөгжих болно гэдгийг итгэлтэй хэлж болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.3  БААСАН № 129 (6354)