31 дэх Ерөнхий сайд томилогдож, 29 дэх Ерөнхий сайд ял сонсов

0
хуваалцах
1394
үзсэн

УИХ-ын  Анхдугаар чуулганы өчигдрийн  (2020.07.02) хуралдаан 10:04 цагт 54.7 хувийн ирцтэйгээр эхэлж,  Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох тухай асуудлыг хэлэлцлээ.   Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хурал  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр 11:00 цагт эхэллээ.

2020 оны ээлжит сонгуулийн дүнгээр  
62 суудал авсан МАН-аас У.Хүрэлсүхийг  Ерөнхий сайдад нэр дэвшүүлснийг Үндсэн хуулийн 39.2 дахь хэсэгт заасны дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдыг  томилох саналыг УИХ-д хүргүүлсэн. Саналыг ЕТГ-ын дарга Ө.Шижир танилцуулав. 
Шүүгч Х.Идэр: 
-Өмгөөлөгчөө сольсон, өмгөөлөгч нь хавтаст  хэрэгтэйгээ бүрэн танилцаж чадаагүй гэх Ж.Эрдэнэбат нарын хүсэлтийг хүлээж авах боломжгүй. Хэвлэл, мэдээллийнхэн гарна уу, шүүх хуралдаан цааш үргэлжилнэ. 

У.Хүрэлсүхийг гишүүдийн  93.3  хувь саналаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар  томилсон тогтоолыг УИХ баталлаа.  Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий  газрыг худалдан авч, уг тусгай зөвшөөрлөө “Алтай констракшн” компанийн захиралд худалдсан гэх хэрэгт яллагдагчаар татсан.  

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: 
-Ялалт,  амжилтын ихэнхийг авчирсан  манай Ерөнхий сайдын ахалж ажилласан Засгийн газар,зөв бодлого, хийсэн, эхлүүлсэн ажил, цаашид хийх  ажил, бүр цаашилбал У.Хүрэлсүх даргын маань энэ бүх ажлыг зөв удирдаж явсны  үндэс гэж үзэж байна. Хэцүү цаг үед томилогдож байгаад нь баяр хүргэж, амжилт хүсье. 
Сэлэнгэ аймгийн иргэд:
 -“Бидний сонголтыг чөлөөл”,
"Орчин цагийн хэлмэгдүүлэлтээ зогсоо”, “Хууль бус баривчилгааг эсэргүүцэж байна” гэсэн лоозон барьсан байлаа.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: 
-Ерөнхий сайдаар дахин нэр дэвшиж байгаа Ухнаагийн Хүрэлсүх даргыг дэмжиж байна. Та бол Монгол Улсаа бүтэн тойрсон хүн. Сүүлийн 30 жилд гарсан алдаа гажуудлыг засахад хүч тавьж ажилласан, үүнийгээ үргэлжлүүлээрэй.  
Сэлэнгэ аймгийн Мандал сумын 
МАН-ын хорооны дэд дарга Э.Баярхүү: 
-Энэ бол хүчээр ял тулгах зорилготой цэвэр улс төрийн захиалга, хэлмэгдүүлэлт гэдэг нь тодорхой. Бид илт хууль бус шийдвэрийг эсэргүүцэн жагсаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинээр томилогдсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хүлээн авч уулзаад, Монгол Улсын Ерөнхий сайдаар улиран томилогдсонд нь баяр хүргэлээ. Ж.Эрдэнэбатын өмгөөлөгч Д.Батсүх: -Хэргийн материалтай танилцахын тулд багадаа 14 хоногийн хугацаа надад хэрэгтэй. Гэвч шүүх хуралдааныг хойшлуулахаас татгалзсан нь  нэгдүгээрт, Үндсэн хуульд заасан иргэн өөрийгөө өмгөөлүүлэх эрхийг, хоёрдугаарт, олон улсын гэрээ конвенцид заасан хувь хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Тиймээс энэ удаагийн шүүх хуралд оролцох боломжгүй.
Дугаар шилжих мөчид шүүх хурал үргэлжилж байлаа.  

Бэлтгэсэн: Ч.Олдох, Б.Должинжав

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.3  БААСАН № 129 (6354)

жирийн иргэд
Баярхүү дарга ч барагтайхан л юманд хушуу хуруу хоёроо дүрждээ,илт хэлмэгдүүлэлт энэ тэр гэж мэдэмхийрэх нь намын дарга хүний үг мөн үү?хуулийн байгууллага шалгаад тогтоосон асуудалд намын дарга үнэлэлт өх нь тийм ч зөв сайн зүйл биш,тэгээд ч хуулиараа бол шүүхийн ажиллагааг нам биш,дээд шатны шүүх нь хянадаг хуультай,хэрэгтэй хэрэггүй юмруу их савсагнах нь намын дарга хүнд тийм ч зохимжтой зүйл биш гэдгийг ахмадын хувьд зөвлөе