Б.ДОЛЖИНЖАВ

Хэнтий аймгийн Баянмөнх сумын Баянбулаг багийн “Жаргалант” гэдэг газарт аялж байсан 12 хүний гурав нь “Хэрлэн” голд осолджээ. Энэ тухай дуудлага мэдээлэл зургадугаар сарын 26-ны 19:00 цагийн орчимд аймгийн Онцгой байдлын ерөнхий газарт ирсний дагуу алба хаагчид эрэн хайх аврах ажиллагааг эхлүүлжээ. Тодруулбал, 32 настай эрэгтэй Г, 31 настай эрэгтэй М, 20 настай эрэгтэй М нар усанд осолдсон байна.  Эрэн хайх багийн алба хаагчид иргэн М-ын цогцсыг зургадугаар сарын 29-нд усанд осолдсон газраас зүүн зүгт 6 км-т “Жаргалангийн зүүн-Үзүүр” гэдэг газраас олсон бол маргааш нь /2020.06.30/ “Жаргалангийн-Үзүүр гэдэг газраас иргэн Н-ын цогцсыг, өчигдөр /2020.07.01/ “Жаргалант толгой” гэдэг газраас “Хэрлэн” голын эрэг дээрээс иргэн Г-ын цогцсыг олж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.

Усанд осолдсон дуудлага мэдээллээс гадна гал түймрийн хоёр дуудлага өчигдөр ОБЕГ-т бүртгэгджээ. Тухайлбал,Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Нүхтийн хад” гэдэг газарт гал түймэр гарч нэг га талбай шатсан байна. Мөн Булган аймгийн Сэлэнгэ сумын Сэлэнгэбүрэн багийн “Баянголын-Эх” гэдэг газарт нэг га талбай шатжээ. Түймрийг өчигдөр 23.00 цагийн үед цурманд оруулсан байна.

Эх сурвалж: www.polit.mn