Б.ДОЛЖИНЖАВ

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат болон Б.Отгонбаатар нарын өмгөөлөгч  “хэргийн материалтай танилцах боломж олгож, шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсангүй. Учир нь зургадугаар сарын 22-нд тус хэргийг хэлэлцэхэд мөн ийм шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлуулсан. Өмнө нь зургаадугаар сарын 16-нд шүүх хурал болох байсан ч  шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нар нь өмгөөлөгч нараасаа татгалзаж, шинээр өмгөөлөгч авч, хэргийн материалтай танилцах боломжоор хангах өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу 22-ныг хүртэл хойшлуулсан юм. Ийн урьдчилсан хэлэлцүүлгээс хойш гурван удаа зөвхөн Ж.Эрдэнэбатын хүсэлтийг харгалзан хуралдааныг хойшлуулсан тул энэ удаа дахин хойшлуулах боломжгүй гэдгийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр мэдэгдсэн юм. Тиймээс шүүх хуралдаан түр завсарлаад дахин хуралдаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг чөлөөлөхийг шаардан Сэлэнгэ аймгийн иргэд шүүх байрны гадаа жагссаар байна. Тэдний төлөөлөл Сэлэнгэ аймгийн засаг даргын орлогч Б.Нарантуяа “Шинэ өмгөөлөгч н.Батсүх өнөөдөр ирсэн тул хэргийн материалтай танилцаж амжаагүй. Гэтэл хэргийн материалтай танилцах хугацаа олгох хүсэлтийг хүлээн аваагүй нь өмгөөлүүлэх эрхийг зөрчиж буй хэрэг. Хэргийн материалтай өмгөөлөгч танилцаж амжаагүй байхад шийдвэр гаргах нь эрсдэлтэй” гэж ярилаа.

Эх сурвалж: www.polit.mn