Б.ДОЛЖИН

Бүгд Найрамдах Казакстан улсын иргэн М болон Монгол Улсын иргэн О нарт холбогдох “Жи тайм” сүлжээний гэгдэх 11,385 хохирогчтой хэргийн шүүх хурал энэ сарын 8-ны 09:00 цаг хүртэл хойшлогдлоо. “Жи тайм” сүлжээний гэх тодотголтой энэ хэрэг нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар хориглосон “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж, ашиг хонжоо олох” үйл ажиллагаа эрхэлсэн юм. Ингэхдээ манай улсын 11 мянга 385 иргэнийг элсүүлэх замаар бэлэн мөнгө авч нийт 25 тэрбум 801 сая 303 мянга 770 төгрөгийг хохирол учруулсан байна.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан /Залилах / гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурлыг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд шүүх хуралдааныг хойшлууллаа. Улмаар шүүгдэгч Э.Оюунчимэг өмгөөлөгч Ч.Шаравнямбуугаас татгалзан шинээр хоёр өмгөөлөгч авч, өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн байна.Тус хэргийг Нийслэлийн прокурорын газраас хянаад энэ оны тавдугаар сарын 8-нд яллах дүгнэлт үйлдэж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм.

Эх сурвалж: www.zms.mn