Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

0
хуваалцах
178
үзсэн

Ш.НОМИНДЭЛГЭР

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран 2021-2024 онд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ төсөл ирэх жилээс дөрвөн жилийн хугацаатай хэрэгжих бөгөөд төслийн явцад Япон улсаас мэдлэг, туршлагатай мэргэжилтэн, зөвлөхүүд ирж сургалт, семинар явуулахаас гадна манай улсын холбогдох салбарын мэргэжилтнүүдийг Япон, Малайзад сургалтад хамруулахаар төлөвлөж байгаа аж. Төслийн нэгдүгээр шатны “Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл”-ийг 2016-2020 онд амжилттай хэрэгжүүлсэн. Тиймээс хоёрдугаар шатанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар нийгмийн оролцоог хангаж, бие даан амьдрах, амьдралыг нь сайжруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх юм байна. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих загвар үйл ажиллагааг хэрэгжүүлж улсын хэмжээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах, дэмжих талаар олон нийтэд зориулсан мэдээллийг түгээх ажээ.

Мөн энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоо, НЛМ Норвегийн тусламжийн байгууллагаас “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл”-ийн санамж бичигт гарын үсэг зурсан. Энэ төслийг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Баян-Өлгий, Ховд аймгийн ЗДТГ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс, аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар, аймгийн Эрүүл мэндийн газар, аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, аймгийн Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар хамтран 2020-2024 он буюу таван жил хугацаанд Баян-Өлгий, Ховд аймагт хэрэгжих юм байна.

Төслийн талаар төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийн сэтгэгдлийг сонирхлоо.

 

ЖАЙКА-гийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын орлогч дарга Ёшимура Токүжи:

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллах эрхтэй

 

-Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА нь ХНХЯ-тай хамтран 2016 оноос эхлэн дөрвөн жил хөгжлийн бэрхшээлтэй иргэд ялангуяа, тэдний нийгмийн оролцоог дэмжих төсөл хэрэгжүүлсэн. Нэгдүгээр шат нь дуусч байгаа учраас дараагийн шатны төсөлд юу хийх, ямар чиглэлээр хамтран ажиллах талаар ярилцсан. Үүний үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн төслийг дөрвөн жил хэрэгжүүлэхээр тохиролцсон. Хөгжлийн бэрхшээлтэй хүн хөдөлмөр эрхлэхэд янз бүрийн асуудалтай тулгардаг. Японд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажилд зуучилж өгдөг байууллага байдаг. Тиймээс Японд байгаа мэдлэг, туршлагатай хүмүүсийг авчираад сургалт хийх төлөвлөгөөтэй байгаа. Үүнээс гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч гэсэн энгийн хүмүүстэй адил ажиллаж, амьдарч, сурч боловсрох эрхтэй гэдгийг нийгэмд таниулах зорилготой. Хууль тогтоомжид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамгаалах талаар тусгасан. Түүний хэрэгжилтийн тал дээр ЖАЙКА Монгол Улсад тусалж чадвал олон улстай харьцуулахад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд тийм ч их ялгаа гарахгүй гэж бодож байна. 

 

ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр:

Тэдэнд нөөц бололцоо бий

 

-Засгийн газраас хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээмж, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн оролцоог нэмэгдүүлэх тал дээр тодорхой бодлого, хөтөлбөр, төслийг хэрэгжүүлж ирсэн. Ирэх дөрвөн жилийн хугацаанд хэрэгжих хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төслийг шинээр эхлүүлэхээр өнөөдөр /өчигдөр/ санамж бичигт ЖАЙКА-тай хамтран гарын үсэг зурлаа. Өнгөрсөн дөрвөн жил Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог сайжруулах төслийг хэрэгжүүлсэн. Үүний дараа бид ЖАЙКА-тай хамтран ирэх дөрвөн жилд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудал дээр онцгойлон ач холбогдол өгч анхаарч ажиллах хүсэлт тавихад Японоос судалгааны баг ирж ажиллаад ирэх дөрвөн жилийн хугацаанд Монголд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн төслийг эхлүүлье гэсэн шийдвэр гаргасан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрийн гэсэн нөөц, бололцоотой байдаг. Түүнд нь тохирсон ажлын байрыг бий болгох нь төслийн гол зорилго.

Мөн Баян-Өлгий, Ховд аймагт байгаа хөгжлийн бэрхшээлтэй гэр бүл, хүүхдүүдийг дэмжиж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. НЛМ-М Норвегийн тусламжийн байгууллага болон Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоонд ХНХЯ-ны өмнөөс баярлаж байгаагаа онцолж хэлье. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй гишүүнтэй гэр бүлүүдийг дэмжих нь манай яамны бодлогын салшгүй нэг хэсэг юм. Баян-Өлгий, Ховд аймагт төсөл хэрэгжсэнээр та бидний хамтын ажиллагаа жишиг загвар бий болгоно гэж бодож байна. Та бүхний бий болгох энэ сайн жишиг загварыг бусад аймаг, орон нутагт нэвтрүүлэх, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх тал дээр ХНХЯ,  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоотой хамтран ажиллах болно.

 

ХНХЯ-ны Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн:

Ажлын байрны шаардлагад нийцсэн ур чадварыг эзэмшүүлэх нь чухал

 

-Улсын хэмжээнд 107 мянга орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаагаас 30 гаруй мянга нь хөдөлмөр эрхэлдэг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхлэхэд олон асуудал тулгардаг. Тухайлбал, хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэрээсээ гараад ажлын байр хүртлээ явах зам дэд бүтцийн хүртээмж тааруу байна. Нөгөө талаас ажлын байр руугаа ороход ажил олгогч тэр хүнийг баялаг бүтээгч гэж харахаасаа өмнө нийгмийн халамж хүртэгч байдлаар хардаг. Нийгмийн амьдралд оролцож чадахгүйгээс боловсрол, мэргэжлийн байдал нь тухайн ажлын байрныхаа шаардлагыг хангахгүй байх тохиолдол гардаг. Төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажилд зуучлахаас эхлээд тухайн ажлын байрандаа дасан зохицох, хамт олны уур амьсгалыг өөрчлөх, ажлын байрны шаардлагад нийцсэн ур чадварыг эзэмшүүлэх, ажил олгогчид нөлөөлөх цогц арга хэмжээг энэ төслийн хүрээнд хэрэгжүүлж загвар үйл ажиллагаануудыг бий болгож байна. Цаашдаа улсын хэмжээнд нэвтрүүлэхээс гадна бодлого, хөтөлбөр, хууль тогтоомжийг боловсронгуй болгох ажлыг хийнэ.

 

НЛМ-М Норвегийн тусламжийн байгууллагын Суурин төлөөлөгч Давид Самуел Олсон:

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сайн сайхны төлөө хичээн ажиллах болно

 

-Энэ төслийг хэрэгжүүлэх, хамтран ажиллах боломжийг олгосон ХНХЯ, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбоонд баярласнаа илэрхийлье. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд тэдний эцэг эхчүүдийн сайн сайхны төлөө та бүхэнтэй хамтран ажиллаж байгаадаа баяртай байна. Бид өмнө нь олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байсан. Энэ төсөл ч мөн адил амжилттай хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна. Ховд, Баян-Өлгийгөөр зогсохгүй цаашдаа илүү өргөн хүрээнд хэрэгжинэ гэж найдаж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд тэдний гэр бүлийн сайн сайхны төлөө хичээн ажиллах болно.

 

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны тэргүүн Г.Аюуш:

Норвегийн тусламжийн байгууллагын хамт олонд баярлалаа

 

-Манай байгууллагын оролцоог төрийн үйл ажиллагаанд хамтатган хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын сурч хөгжих эрх зүйн боломжийг бодлогоороо дэмждэг ХНХЯ-ны хамт олонд талархаж байна. Мөн Норвегийн тусламжийн байгууллагын хамт олон бидний хүрч хийж амжихгүй байгаа ажилд санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаад талархаж байна. Холбоо эцэг эхчүүдийн амьдралд тулгарсан энэ бэрхшээлийг хамтын хүчээр даван туулах зорилгоор бий болсон. Бид 20 жилийн хугацаанд 16 аймагт өөрийн гэсэн салбарт үйл ажиллагаа явуулдаг болсон. “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил төсөл”-ийг Ховд, Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэхээр боллоо. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжүүлэхэд хамгийн чухал үүрэгтэй эцэг эхчүүдийг чадавхижуулах, мэдлэгжүүлэх зорилготой. Яагаад Ховд, Баян-Өлгий аймгийг сонгон энэ хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр шийдсэн бэ гэвэл өмнө нь хоёр жилийн хугацаанд бэлтгэл төсөл хэрэгжсэн байгаа. Үүнээс гадна алслагдсан аймаг учраас мэдлэг, мэдээлэл хүрэх нь бага байдагтай холбоотой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.2  ПҮРЭВ № 128 (6353)