Жилээр биш сараар тоологдох настай УИХ, засаглал байгуулагдсан уу?

0
хуваалцах
176
үзсэн

Х.БАТСУУРЬ

 

/Эдийн засагч/

2020 оны УИХ сонгууль Монгол Улсын олон хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчин болж өнгөрлөө гэсэн нийтлэг ойлголтыг үгүйсгэхэд нэн бэрх. Төр засгийн эрхийг атгасан МАН-ын удирдлага ард түмний олонхи хүлээн зөвшөөрөхгүй байгаа энэ сонгуулийн дүнг хүч түрэн батлав. Гэхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ удаагийн их хуралд өмнөх их хуралд байсан ЖДҮ хулгайчууд, гэмт хэрэгтнүүд ахин орж ирснийг сануулаад луйврын сонгуулийг зохион байгуулсан Сонгуулийн ерөнхий хороог огцрохыг их хурлын анхдугаар чуулганы индрээс шаардаж ард түмэнтэйгээ санал бодол нэг буйгаа илэрхийлсэн юм.

Өмнөх дөрвөн жилд төр барьсан У.Хүрэлсүх тэргүүтэй МАН бүлэглэл дахин дөрвөн жил төр барих боллоо хэмээцгээх. Гэхдээ мордохын хазгай гэгчээр анхны алхмуудаасаа хазгай гишгэж эхэлсэн энэ парламент дөрвөн жил болж чадах уу, шинээр байгуулагдаж буй засгийн газар нь хэр удаан тэсэх бол?

Магадгүй, жилээр биш сараар тоологдох настай Парламент, Засгийн газар байх вий. Хууль, эрх зүйг нь орхиод эдийн засгийн асуудлыг би ярья. Тиймээ, өмнөх дөрвөн жилд явуулж ирсэн харалган бодлогын улмаас өнөөдөр манай эдийн засаг сүйрлийн ирмэг дээр тулсан. Сонгуулийн дуулианаар хөөрсөн ард түмэн энэ асуудлыг мартсан, бүр санахыг ч хүсэхгүй байсан. Гэхдээ одоо бид хүссэн хүсээгүй бодит байдалтай нүүр тулж байна. МАН-ын гишүүд бүр анхдугаар чуулганы өдрөөсөө эхлэн тулаад ирсэн эдийн засгийн хүндрэлийг өөрсдөд нь хамаагүй асуудал хэмээн хариуцлагаас зайлсхийж эхлэв. Тулаад ирсэн эдийн засгийн хүндрэлүүдийг Цар тахал руу чихэж бид яалтай ч билээ хэмээн эдийн засаг, санхүү хариуцсан гишүүд нь ширэн нүүрлэв. Нэгэнт хонх цохисон тул та нар бол одоо “МАЙ” гэж ард түмэн лүүгээ гаргаж байгаа мэт сонсогдов.  Тиймээ, би ч бас тэднийг буруутгаж чадмааргүй санагдаж байна. Яагаад гэвэл тэд дөнгөж сая санасандаа хүрсэн. Тэгж хэлэх цаг нь болсон биз.

Монголын засгийн газрын бүртгэгдсэн ХАР ЖАГСААЛТ, ДНБ-ий 270 хувьтай тэнцэх гадаад өр, их наядаар тасарсан төсвийн орлого гээд эдийн засгийн томоохон бэрхшээлүүдийг эрх баригчид хэрхэн даван туулах вэ, асуудлыг бусад руу эсвэл хамааралгүй цар тахал руу бухаад өнгөрнө гэж тооцоолоо юу? Үгүй тэгэхгүй! Эдгээр асуудлуудад бодит шийдлүүд хэрэгтэй эс бол энэ нь Монголын эдийн засгийн, цаашилбал үндэсний аюулгүй байдлын асуудал болж хувирна.  Монгол Улс мөнгө угаадаг, гэмт хэрэгтнүүдийг өршөөдөг, дэмждэг Засгийн газартай, эдийн засгийн гэмт хэргийг өөгшүүлсэн  хууль эрх зүйн орчинтой улс гэж үзээд олон улсын зүгээс тавдугаар сарын 8-ны өдөр ХАР ЖАГСААЛТАД оруулсан. Энэ нь ямар ч цар тахалтай хамааралгүй шийдвэр!  Хар жагсаалтаас гарахын тулд ЖДҮ хулгайчууд, банк дампууруулагчид, оффшор мөнгө угаагч нартайгаа хуулийн шударга хариуцлага тооцох ёстой. Энэ бол ЕХ, олон улсын байгууллагын зүгээс тавьж буй гол шаардлага. Үгүй бол аравдугаар сарын 1-нээс эхлэн Европын холбоо болоод олон улсын зүгээс Монголын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авна, яг л Иран, Ирак, Сири, Зимбабве улсын эсрэг авдаг хориг арга хэмжээ шиг. Хориг арга хэмжээ авагдвал Монголын эдийн засаг шууд дампуурлаа зарлах хэмжээнд хүрнэ гэдгийг хэн эс андах вэ?

Удахгүй хэдхэн хоногийн дараа долдугаар сардаа багтаан Монгол Улс Хятадын ардын банкинд свап-хэлцлээр авсан 2.6 тэрбум ам.долларын өрөө төлөх ёстой. Энэ бол Монгол Улсын төсөвт тусгагдаагүй мөнгө. Манай засгийн газрын зүгээс төлбөрөө хойшлуулья гэж гуйсаар байгаа. Гэхдээ Монгол Улс энэ мөнгийг эрт, орой нэг их удаалгүйгээр төлж л таараа.  Тажикстан шиг Хятадад төлөх өрөө газар нутгаараа төлсөн гашуун нөхцөл Монголд бүү үүсээсэй гэж хүсч байна. Ер нь 2020-2024 онуудад Монголын төр, засгаас нийт 6 тэрбум ам.долларын гадаад өр төлөх ёстой. Энэ нь манай улсын бараг бүтэн хоёр жилийн төсвийн орлоготой тэнцэх хэмжээний мөнгө. Тиймээ, бид гадаад өрийг барагдуулаасай, шийдээсэй  гэж буйгаас НЭМЖ ӨР тавин түр хааж ард түмнээ хуураасай, ирээдүйгээсээ хулгайлаасай гэж хүсэхгүй байгаа. Ирэх жилүүдэд мөн нэмээд их хэмжээний хувийн хэвшлийн өрүүд төлөгдөх хуваарьтай байгаа.  Их хуралд орсон нөлөө бүхий хувийн хэвшлийн төлөөлөл  өөрсдийн гадаад өрийг засгийн газраар төлүүлэх үүрэг хүлээсэн байдаг нь шинэ зүйл биш!

Цар тахлын улмаас гэхээсээ илүүтэй эдийн засгийн буруу бодлого, хэт улайран улс төржсөн, сонгууль угтсан үйлдэл, эрээ цээргүй халамж, мөнгө цацалтын улмаас төрийн сан хоосорч төсвийн орлого хэдэн их наядаар тасалдсан, хүндрэл цаашид үргэлжлэх нөхцөл үүсээд байна.  ЭТТ компанийн хувь эзэмшигч  1072 хувьцааны эздэд олгогдох ногдол ашгийг өгөхгүй удааж, хэрхэхийг Засгийн газар  шийднэ гэж буй нь иргэдийнхээ өмчид халдсан бүдүүлэг үйлдэл болоод буй юм. Тавдугаар сарын 1-30 хооронд олгоно гэж төлөвлөсөн ногдол ашгийн ~210 тэрбум төгрөг одоо хаана байгааг, хаашаа юунд орсныг мэдэх хэн байгааг бүү мэд.

Тиймээ, мордохын хазгай болсон энэ УИХ, засаглал хэр урт настай вэ? Жилээр биш хэдхэн сараар тоологдох настай юу? Хонх цохисон анхдугаар чуулганы эхний минутаас эхлэн тулаад ирсэн нийгэм-эдийн засгийн хүндрэл, асуудлууд нь бидэнд хамаагүй, хамааралгүй гэх утгын зүйл ярьж мэлзэж эхэлсэн нь тун чиг сайны тэмдэг биш? Улсаа хар жагсаалтаас гаргахад, өр зээлээ дархад, төсвийн орлогоо нэмэгдүүлэхэд та бүхний хийх ёстой ажил тов тодорхой! Харин энэ бүхнийг хийх хүсэл зориг, чадвар та бүхэнд байна уу? Ямартай ч төрийн эрхийг авсан та бүхнээс ард түмэн хариуцлага нэхэх болно.  Бултах, булзах газар үгүй!

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.2  ПҮРЭВ № 128 (6353)