Бага хурал Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийн нэрийг дэвшүүлэв

0
хуваалцах
267
үзсэн

С.САРУУЛ

Шинэ парламентын бүрэн эрх хэрэгжиж, УИХ-ын даргаар Г.Занданшатарыг улираан сонгоод байгаа юм. Тэгвэл МАН-ын Бага хурлын VII хуралдаанаас Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг улираан дахин нэр дэвшүүлэх шийдвэр гаргалаа. 

 Мөн Д.Амарбаясгалан ерөнхий нарийн бичгийн даргаараа үргэлжлүүлж ажиллана гэдгээ мэдэгдлээ. Тэрээр Бага хурлаас гарсан шийдвэрийн талаар “ Монголын ард түмэн 2020 оны парламентын сонгуулиар МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг багаар нь сонгосон. Энэ хүндтэй сонголтыг  МАН-ын Бага хурлаар баталгаажуулж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх тогтоолыг хэлэлцэн баталлаа. Монголынхоо нийт ард түмэнд талархаж байгаагаа дахин илэрхийлье. Ирэх дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсад эдийн засгийн нөхцөл байдал хамгийн хүнд байгаа. Дөрвөн жилийн хугацаанд бид  2.9 тэрбум ам.долларын өр тэглэх том үүрэг хариуцлага  байна. Мөн дэлхийн нийтээрээ тэмцэж буй цар тахлыг даван туулах мөн орлого нь хумигдаж байгаа ард иргэдээ орлоготой болгох, ажлын байр нэмэгдүүлэх гэх мэт олон асуудал бидний өмнө бий. МАН өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн эрх барьж байсан учраас дараагийн дөрвөн жилд илүү тогтвортой ялангуяа төрийн албаны тогтвортой байдлыг хангах ажиллана.

Одоохондоо сайд нарын асуудлыг хэлэлцэж эхлээгүй байна. Өнөөдөр Ерөнхий сайдын нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр УИХ-аар оруулж, батална.  Түүний дараа Ерөнхий сайд Засгийн газартаа тодорхой хэмжээний бүтцийн өөрчлөлт хийнэ. Тэр нь Үндсэн хуультай холбоотой асуудал. Үндсэн хуулиар эдийн засгийн асуудлыг чухалчилж үзэх нөхцөл бий болсон. Хоёрдугаарт, МАН мөрийн хөтөлбөртөө Соёлын яам байгуулна гэж онцгойлон тусгасан. Эдийн засгийн хөгжлийн яам гэж тусдаа яам байх ёстой гэж эдийн засагчид үздэг. Нөгөө талдаа Сангийн яамнаас салсан тохиолдолд  яах вэ гэдэг олон зүйлээс хамаарч тусдаа яам байх нь зөв үү буруу юу гэдгийг бид хэлэлцэж байна. Намынхаа Удирдах зөвлөл дээр ярина.

ЖДҮ-д холбогдсон гишүүд гэж өмнөх парламентыг үздэг байсан. УИХ-ын гишүүд ёс зүйн алдаа дутагдал гаргаснаа олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрсөн. Олон нийт ч шүүмжилж байсан учраас тэднийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх боломжийг намын удирдлагын зүгээс олгоогүй. Хоёрдугаарт, энэ асуудалд холбогдсон гишүүд өөрсдөө ч гэсэн ухамсарлаж  нэр дэвшихээс татгалзсан. Нөгөө талдаа тухайн хүмүүсийн буруу гэдгийг хуулийн байгууллагаас тогтоогдоогүй гэдгийг анхаарах хэрэгтэй. Ёс зүйн хариуцлагаа хүлээж  хойшоо суусан хүмүүсийг бид насан туршид нь шийтгэнэ гэж байхгүй. Тодорхой хэмжээний улс төрийн хариуцлага хүлээлгэж байгаа. Магадгүй тодорхой түвшинд намын томилолт авч ажиллахыг үгүйсгэхгүй. Өнөөдрийн байдлаар тэр, энийг  сайд болгоно гэж албан ёсоор яригдаагүй учраас  одоо хэлэхэд эрт байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn