С.САРУУЛ

“Жи тайм  корпоррейшн” ХХК нь 11.398 иргэнд 25.801.303.770 төгрөгийн хохирол учруулсан  586 хавтастай 11398  хохирогчтой “Жи тайм”  сүлжээтэй холбоотой шүүх хуралдаан нөгөөдөр буюу долдугаар сарын 2-ны 09.00 цагт Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн  хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт товлогдсон. Хохирогчдын нэрсийн жагсаалт, шүүх хуралдааны товыг  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн цахим сайтад байршуулаад байгаа юм.  Засгийн газраас цар тахлын үед авах арга хэмжээний хүрээнд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан болон Эрүүл мэндийн яамнаас өгч буй зөвлөмжийн хүрээнд  шүүхийн тамгын газраас шүүх хуралдааныг иргэдийн  бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулан хохирогч нарт шүүх хуралдааны явцыг www.zindaa.mn болон “Шүүхийн мэдээ” пэйж хуудсаар шууд дамжуулахаар болжээ.  

Нийслэлийн прокурорын газраас 2015 онд   /Залилах /  гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийг Баянгол       дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх  2020 оны 5 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авсан. Улмаар  2020 оны зургадугаар сарын 23-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Шаравнямбуу, шүүгдэгч  Э.Оюунчимэг нараас  гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж,  анхан шатны шүүх хуралдаанаар уг  хүсэлтийг шийдвэрлэхээр болсон юм.   

Эх сурвалж: www.polit.mn