“Харваач байна гэдэг их хувь заяа” гэж багш минь хэлдэг

0
хуваалцах
108
үзсэн

Х.ОЮУНБОЛД

 

Энэ удаагийн спорт буланд үндэсний сурын харваач, аймгийн мэргэн, ОУХМ У.Сосорбурамыг урьсан юм.

 

-Та хэзээнээс үндэсний сурын харваагаар хичээллэж эхэлсэн бэ?

-Үндэсний сурын спортоор хичээллэн, харваж эхлээд 15-16 жил болж байна. Хүүхэд байхаасаа энэ спортоор хичээллэсэн. Гэхдээ 2-3 жилийн дараа харвахаа больж 4-5 жил завсарласан үе бий. Харин оюутан болсныхоо дараа харваж эхэлснээс хойш улсынхаа баяр наадамд тасралтгүй 11 жил харваж байна. Энэ хугацаанд спортын дэд мастер, спортын мастер, ОУХМ боллоо. Хамгийн гол нь хүүхэд байхдаа үндэсний сурын харвааг эрэгтэй хүүхдийн тоглоом гэж ойлгодог байсан учраас энэ спортоор хичээллэдгээ их нуудаг байлаа. Учир нь нум сум харваагаар хичээллэхийг ойлгодоггүй. Бас өөрөө дургүй. Харин багш маань харвуулах их сонирхолтой байсан. Гэхдээ намайг жаахан том болоод ирэхэд Ану, Мандухай цэцэн хатан нарын тухай түүхийг их ярьж өгнө. Тэдний дайн тулалдаанд орж хэрхэн нум сум харваж ялалт байгуулж байсан тухай сонсоод сурын харвааг сонирхож эхэлсэн.

-Хүүхэд байхаасаа гэхээр хэдэн настайгаасаа харваж эхэлсэн гэсэн үг вэ?

-8-9 настай байхдаа харваж эхэлсэн. Эрэгтэй хүүхдийн тоглоом гээд ойлгочихсон байсан. Тиймээс нум сумаар харвуулахын тулд гэрт минь ирж намайг авдаг байсан багшийнхаа барааг хараад гэрээсээ зугтдаг хүүхэд байлаа. Харин 10 жил, их сургуульд орж оюутан болоод ямар гоё, сайхан спорт болохыг нь ойлгосон. Түүнээс хойш тасралтгүй сур харваж байна.

-Та аль харваагаар нь дагнан харваж байна?

-Үндэсний сурын харваа чинь бөхийн спорт дотроо жүдо, чөлөөт, кураш гэдэг шиг халх, урианхай, буриад гэсэн төрөлд хуваагддаг. Халх харваа нь их сурын харвааг хэлж байгаа юм. Миний хувьд урианхайгаас бусад харваагаар хичээллэдэг. Гэхдээ ихэвчлэн халх буюу их сурын харваагаар харвадаг. Харвааны энэ төрлүүд нь ойролцоо техниктэй. Ямар ч насны эрэгтэй, эмэгтэй хүн хичээллэж болдог спорт.

-Улсын их баяр наадам дөхөж байна. Хэдэн цагаар бэлтгэлээ хийж байна вэ?

-Мэдээж наадам дөхөхөөр бэлтгэлээ эрчимжүүлэлгүй яахав. Гэхдээ их сурын харваагаар хичээллэж байгаа хүмүүс бусад спорттой адилхан бэлтгэл хийдэг. Өвөл, зунгүй бэлтгэл хийнэ. Тавдугаар сараас есдүгээр сарын хоёр дахь долоо хоногийн амралтын өдөр хүртэл амралтын өдрүүдээр тэмцээн уралдаан болдог байсан. Монголын Үндэсний харваачдын холбооноос зохион байгуулдаг хуваарьтай тэмцээнүүд болдог. Түүнд бэлдэхийн тулд улирал харгалзахгүй бэлтгэл хийнэ. Өвөл хүчний болон тогтмол техникийн бэлтгэл хийдэг. Харин хүмүүс үндэсний их баяр наадмын өмнө хэсэг хүмүүс цуглараад жаахан бэлтгэл хийж байгаад баяр наадмаар харвачихдаг гэж ойлгодог. Тийм биш. Спорт тал руугаа нэлээн хөгжсөн. Мэргэн харваачид, залуучууд тогтмол харваж байж амжилт гаргана.

-Спорт тал руугаа нлээн хөгжсөн гэлээ?

-Манай сурын харваачид ер нь их даруухан хүмүүс байдаг. Тиймээс гаргасан амжилтынхаа талаар олонд зарлаад байдаггүй. Энэ спортын мөн чанар хүнийг даруухан болгож төлөвшүүлдэг учраас би гээд байх хүн ховор шүү. Цол эрэмбэ, ахмад настнаа хүндлэх тал дээр үнэхээр гайхалтай спорт. Цол зэрэггүй байлаа ч нэгнийгээ их хүндэлдэг.

-Олон улсын харвааны тэмцээнд оролцож байсан байх аа?

-Манайх чинь олон улсын харвааны тэмцээнүүдэд их оролцдог. Олон улсын спортын мастер цолыг өгдөг учраас олон явж оролцдог байгаа. Би 2012 оноос олон улсын тэмцээнд оролцож байна. Хамгийн сүүлд 2017 онд оролцоод ОУХМ болж байсан. Мөн Унгарын Будапешт хотод болсон 3D харваанд ганцаарчилсан харваанд түрүүлж, багаараа III байрт шалгарч байсан нь миний оролцсон хамгийн том тэмцээн. БНХАУ-д болдог олон улсын тэмцээнүүдэд оролцсон. Шанхайд болсон тэмцээнд II байр эзлэх зэргээр олон тэмцээнд оролцож байлаа. Харин сүүлийн үед Монголын Үндэсний харваачдын холбоондоо тэргүүлэгч гишүүнээр ажилладаг. Тиймээс дотооддоо болж байгаа тэмцээнүүдийн зохион байгуулалтад оролцож байгаа учраас тамирчны хувьд сүүлийн дөрвөн жил тэмцээнд оролцоогүй. Одоо ч улсын баяр наадмыг зохион байгуулах салбар комисст ажиллаж байгаа учраас зав муутай байна.

-Сурын харвааны тэмцээнийг шүүдэг гэж сонссон?

-Тийм ээ. Холбоонд ажиллаж эхэлснээс хойш шүүгч, зохион байгуулагч гээд бүх л ажлыг хийж байна. Шүүгч хийхээр харваачдыг маргаангүйгээр байгаа онож байна уу, үгүй юу гэдгийг ажигладаг. Ер нь харваач нарын хувьд оноо чухал. Мөн дөрөв дөрвөөрөө эгнэж зогсоод харвадаг. Тиймээс шүүхэд их амар байдаг. Ямар ч маргаан гарах нөхцөл байдаггүй. Зурхай дээр тэр хүнийг харваад зогсч байхад сумыг нь түүдэг хүн оносон эсэхийг нь бас хянаж байдаг. Мөн хамт харваад зогсч байгаа гурван хүнээс гадна үзэгчид харна. Бүх юм ил тод байдаг учраас маргаан гэж байдаггүй.

-Энэ жилийн улсын баяр наадмыг үзэгчгүй хийнэ гэж байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?

-Үгүй яахав. Төр, засгаас гаргасан шийдвэрээ дагаж хүндэтгээд өмнөх тэмцээнүүдэд яаж оролцдог байсан түүнтэйгээ адилхан оролцоно. Харваачид ч гэсэн сонгуулийн дараа гал болж бэлтгэлдээ гараад эхэлчихсэн байна. Ямартай ч баяр наадам маань сайхан болох байх. Манай тамирчид коронавирусын үеэр дагаж мөрдөх ёстой журмаа сахихыг хичээж байна. Гэхдээ оролцохоор төлөвлөж байсан дотоодын болон олон улсын чанартай тэмцээн цуцлагдаж хойшлогдсон. Энэ өвчин хурдан дарагдаасай гэцгээж байна. Миний хувьд БНХАУ, Турк, Солонгост тэмцээнд орно гэж төлөвлөсөн байсан ч хойшлогдсон нь харамсалтай л байна.

-Тамирчин хүнд санаанд үлдсэн дурсамжтай тэмцээн гэж байдаг. Таны хувьд ямар тэмцээн байдаг вэ?

-2014 онд Унгарын Будапешт хотод болсон 3D харваанд оролцож түрүүлж байсан нь их сайхан санагддаг. Дархан мэргэн Ц.Хүдэрчулуунтай явсан тэр тэмцээнд таван километрт тойруулж байрлуулсан зай нь тодорхойгүй амьтны дүрстэй байнуудыг харвах ёстой байсан. Хамгийн эхний гараанд дархан мэргэн Ц.Хүдэрчулуунтайгаа явж таарсан эхний гараанд ямар зайд, ямар бай харвахаа мэдэхгүй байлаа. Гэхдээ гурван сумаар харвадаг тэмцээнд анх удаа орж харвах техниктэй  ч туршлагагүй байсан ч түрүүлэх үед өөрөөрөө бахархах сэтгэл төрж байсан. Харин цуг гарсан Ц.Хүдэрчулуун мэргэн ахын зөвлөснөөр харвахаар оночихдог. Тэр гараанд мэргэн ахтайгаа сугалаа таараагүй бол түрүүлэхгүй байсан байж магадгүй гэж боддог юм. Тэр тэмцээнээр тогорууны дүрстэй байных нь хүзүүг тас харвасныг хүмүүс зургийг нь аваад дэлгэцэн дээр тавьсныг харвах ээлжээ хүлээж байгаа харваачдад харуулдаг юм билээ. Монголоос ирсэн эмэгтэй Бат хааны хатан юм уу. Ямар мундаг харвадаг юм бэ гэлцсэн юм билээ. Манайхан дараа нь намайг Бат хааны хатан,эхнэрээ гэж тоглоом хийж байсан нь надад их сонирхолтой дурсамжтай санагддаг. Харин их итгэлтэй очсон тэмцээндээ эхний гараандаа хасагдахад харамсах гэхээсээ илүү их таагүй мэдрэмж төрсөн муухай тэмцээн байсан. 2017 оны есдүгээр сард Өвөрмонголд болсон олон улсын тэмцээн байсан юм байна.

-Багшаасаа магтаалын үг хэр сонсдог вэ?

-Миний багш Монгол Улсын гарамгай харваач Д.Ганбат гэж хүн бий. Багш маань даруухан бай. Чи өөр хүмүүстэй биш өөртэйгээ өрсөлдөж байгаа гэж хэлдэг. Мөн харваач байна гэдэг их хувь заяа. Бусад хүний хийж чаддаггүй зүйлийг чи хийх гэж хичээж байна. Энэ чинь их мундаг бусад хүнтэй харьцуулшгүй зүйл гэдэг. Намайг урамшуулахаараа хэлдэг магтаал нь сайн байна, болж байна, ингэж чадна  гэж хэлдэг. 2016 оны аваргын тэмцээнээр намайг спортын мастерын болзол хангахад ч сайн байна гэж хэлж байсан.Түүнээс өөрөөр нэг их сайн байна гэж хэлдэггүй. Харин яагаад хичээдэггүй юм бэ. Энэ чинь ингээд болоо. Ийм амархан зүйл шүү дээ. Гэхдээ бас тийм хатуу хүн биш. Шаардлага тавина. Магтаалыг бол тэр болгон хэлээд байдаг хүн биш гэж боддог.

-Тамирчин хүн бүр амжилтаа ахиулахсан гэж боддог. Таны хувьд?

-Мэдээж өмнө нь тогтоосон амжилтаа ахиулахыг хүсдэг. Улс, бүс нутгийн чанартай тэмцээнүүдэд 40 сумаар оносон хоёр тохиолдол бий. Дархан мэргэн Х.Оюунчимэг, даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр 40 сумаа онож байсан. Тэгэхээр харваач бүр 40 сумаар онож үзэхсэн гэж хүсдэг. Болзлыг нь хангаад спортын мастер, ОУХМ-ын зэрэг цолоо давтахсан гэж боддог байх. Мөн улс, бүс нутгийн чанартай том тэмцээнүүдэд 35-36 онож түрүүлсэн бол түүнийгээ ахиулах хүсэл бүх харваачид байдаг шиг надад ч бас байна. Миний хувьд бэлтгэл сургуулилтын үеэр 38 сумаар онож байсан. Сурын харваанд 40 сумаа хананы, хасааны гэж хоёр хуваадаг. Бэлтгэлийн үеэр хананы 20 сумандаа нэг удаа л бүгдийг нь онож байсан. Дахин тэгж онож үзэхсэн гэж боддог.

-Та Монголын Үндэсний сурын холбооны тэргүүлэгч гишүүний хувьд шийдвэрлэхийг хүсдэг асуудал бий юу?

-Байлгүй яахав. Харвах, бэлтгэх талбай гээд л байна. Энэ спортоор хичээллэдэг хүний тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Намайг анх харваж байхад хэрэгсэл, материал тааруухан, олдоц муутай байсан бол өнөөдөр өөр орноос ч гэсэн захиалаад авч болохоор болжээ. Бэлтгэл сургуулилтаа тасалдуулахгүй хийж болж байгаа давуу тал байна. Гэхдээ талбай хүрэлцээгүй асуудал бий. Төв цэнгэлдэхийн сурын талбайд 540 хүн бэлтгэлээ хийнэ гэхэд санаанд багтахгүй хэцүү. Дүүрэг дүүрэгт бэлтгэл, тэмцээн хийж болдог талбайтай бол сайхан байна. Хамгийн хэцүү нь газрын асуудал. Ер нь төр, засгаас үндэсний спортыг дэмжих тал дээр жаахан тааруухан байдаг шүү. Сая хотын дарга С.Амарсайхан, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд энэ санаагаа уламжилсан. Асуудлыг авч хэлэлцэнэ гэсэн. Одоо хүртэл хариу алга байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.30  МЯГМАР № 126 (6351)