Шилжилт хөдөлгөөн буурсан ч гадаадад суурьшсан иргэдийн тоо өсөв

0
хуваалцах
117
үзсэн

Б.ТӨГС

 

Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогоор манай улс 3,296,866 хүн, 897,427 өрхтэй гэж тоологдсон. Олон нийтэд танилцуулаад удаагүй байгаа тооллогын дүнгээс анхаарал татах хэд хэдэн баримт харагдана.

Тухайлбал, гадаадад оршин суугаа 122301 иргэн байгаа нь 2010 оныхоос 14.2 хувиар өссөн дүн. 2010 онд гадаадад оршин суугаа иргэдийн 38 хувь нь хөдөлмөрийн гэрээгээр буюу хувиараа ажиллах зорилгоор, 37 хувь нь суралцахаар харь орныг зорьсноо хэлж байж. Тэгвэл 10 жилийн дараа гарсан дүнгээс харахад манай улсын иргэд гадаадад амьдран суух сонирхолтой болсныг харж болохоор байна. Учир нь гадаадад байгаа 122 мянган иргэний 11.7 хувь нь тухайн улсдаа суурьших, 12.6 хувь нь гэр бүлийн шалтгаанаар оршин суух зорилготой гэсэн хариултыг өгчээ. Тэдний дөрөвний нэг нь анх тус улсыг зорихдоо суралцахаар явж байсан аж. Мөн хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн 20 орчим хувь нь мөн л суралцахаар анх тухайн улсаа зорьж байжээ. Магадгүй дараагийн арван жилд энэ тоо улам өсөх биз. Учир нь эдгээр тоо баримт нь манай иргэд гадаадад ажиллаж, амьдрах сонирхол өндөр байгааг төвөггүй илэрхийлж байна. Үүнд олон шалтгаан дурьдаж болно. Цалин орлого, ажлын байр, боловсролын чанар, амьдрах орчин гээд. Хамгийн их нөлөөлж байгаа шалтгаан нь тогтвортой, хангалттай цалин орлого гэдэг нь Солонгос улсыг зорьсон, зорих хүсэлтэй залуучуудыг харахад тодорхой биз.

Эх орноо биш харь улсыг сонгож байгаа тэдний тоо улам өсч байгааг улсын хөгжилтэй холбож тайлбарлахаас өөр арга байхгүй. Гадаадад тоологдсон хүн амын дүнг оршин сууж байсан аймгаар нь 2010 оны тооллогын дүнтэй харьцуулахад Говьсүмбэр аймгаас явсан хүний тоо 3.2 дахин, Ховд аймгийнх 2.9 дахин, Баян-Өлгий, Дорноговь аймгаас явсан хүний тоо ойролцоогоор хоёр дахин өссөн байна.

Харин Завхан, Говь-Алтай аймгаас гадаад улсад байнга оршин сууж байгаа хүн амын тоо өмнөх тооллогын дүнтэй харьцуулахад буурчээ.

Гадаадад байгаа хоёр хүний нэг нь буюу 58.8 хувь нь Ази, Номхон далайн бүс нутагт, таван хүн тутмын нэг нь Европ тивд суугаагаар тоологдсон байна.

Монгол Улсын баруун бүсээс явсан хүн амын 10 хүн тутмын ес нь Ази, Номхон далайн бүс нутагт суугаагаар тоологдсон байна.

 

Шилжилт хөдөлгөөн 50 хувиар буурчээ

 

Манай улсын хүн амыг суурьшлын бүсээр нь харвал 46 хувь нь Улаанбаатар хотод, 19 хувь нь хангайн бүсэд, 16 хувь нь төвийн бүсэд, 13 хувь нь баруун бүсэд, долоон хувь нь зүүн бүсэд оршин сууж байна.

Төв суурин газар уруу 1990-ээд оны эхэн үеэс эхэлсэн шилжилт сүүлийн 20 гаруй жилд үргэлжилсээр байгаа. Монгол Улсын хүн амын нягтрал  2000 онд нэг квадрат километр нутаг дэвсгэрт 1.5 хүн ногдож байсан бол 2010 онд 1.7 хүн, 2020 онд 2.1 болж өссөн нь хүн амын ердийн цэвэр өсөлтийн нөлөө хэмээн Үндэсний статистикийн хороо үнэлжээ.

Харин Улаанбаатар хотын хүн амын нягтрал сүүлийн 10 жилд 33.4 хувь,  Орхон аймгийнх  хувь, Дархан-Уул аймгийнх 17.8 хувиар тус тус өссөн нь шилжих хөдөлгөөнтэй холбоотой байна. Харин сүүлийн таван жилийн шилжих хөдөлгөөн нь аймаг, нийслэлийн хооронд 49 хувь, бүсүүдийн хооронд мөн 49 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Үүнд 2017 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр гарсан Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хөдөө орон нутгаас Улаанбаатар хотод байнга оршин суухаар ирэх иргэдийн шилжилт хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл зогсоосон шийдвэр гаргасан нь тодорхой хэмжээнд нөлөөлсөн гэж үзжээ. Шилжилт хөдөлгөөн нь  хотын хүн амын тоо өсөж, төлөвлөлтгүй суурьшил бий болсон нь юуны түрүүнд хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй. Төрөөс үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж зэрэг үйлчилгээ хэт ачааллаас болж доголдох, ялангуяа гэмт хэрэг, зөрчил нэмэгдэж, замын хөдөлгөөнд түгжрэл үүсэх зэргээр нийгмийн харилцаа, эдийн засгийн үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгааг тооллогын тайланд мөн онцолсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.29  ДАВАА № 125 (6350)