Д.НАМУУНЦЭЦЭГ

Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээнээс УИХ-ын 2020 оны сонгуульд хийсэн мониторингийн дүнгээ өнөөдөр /06.26/ танилцууллаа. 

 Энэ удаа нийт 112 хэсгийн хороонд хөндлөнгийн ажиглалт хийсэн байна. Ажиглалтаар тухайлбал, 25 хэсгийн хороонд ажиглагчийг баганын араар суулгах, сандал, ширээний хүрэлцээ тааруу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд санал өгөхөд хүндрэлтэй гэсэн зөрчлүүд илэрсэн байна. Санал хураах үйл явц хэвийн үргэлжилсэн ч зарим санал авах байрны жижгээс хамаарч сонгогчийн нууцлал алдагдах нөхцөл байдал үүсчээ. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 6 хэсэгт сонгогчийн нэрсийн жагсаалттай холбоотой асуудал гарсан байна. Тодруулбал, дөрвөн ам бүлтэй айлын хаяг дээр 20 гаруй хүн бүртгүүлсэн тохиолдол гарчээ. Ийм маягаар нэрсийн жагсаалттай холбоотой долоон удаагийн зөрчил гарсан аж.

Энэ үеэр МИДАС ТББ-ын гүйцэтгэх захирал С.Энхжаргал "Манай байгууллага СЕХ болон улс төрийн намуудын төлөөлөлтэй хамтран хар машины тооллогод тест хийсэн. Санал танилцуулах дэлгэцэд мэдээлэхэд бага зэрэг алдаа гарсан. Таслалын хувьд хувиргалтад гарсан таслал. Мэдээллийг тоо биш текст хэлбэрээр ордог учраас хувиргалтад таслал гарч байгаа юм. Мөн энэ жил тодорхой хэмжээнд "царцаа" нүүдэллээ. Ховд аймагт л гэхэд арванхоёрдугаар сарын 23-наас хоёрдугаар сарын 1 ний хооронд 900 гаруй хүн орчсон. Баянхонгор, Увс аймагт 200-500 хүн шилжиж очсон байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn