Д.НАМУУНЦЭЦЭГ

2020 оны УИХ-ын сонгуульд 121 бие даагч нэр дэвшсэн. Гэвч бие даагчид сонгуулийн дүнг будлиантуулсан гэж үзэж мэдээлэл хийж байна. УИХ-ын сонгуулийн  28-р тойрог Сонгинохайрхан дүүрэгт бие даан нэр дэвшсэн С.Мөнхчулуун " Би 2,755 гэсэн санал дээр таслалтай гэж зогсож байгаад 10 мянга хүрээд нэмэгдэж эхэлсэн. Тэгээд  тавдугаарт жагссан. Дүн ирүүлсэн тоо харуулж байхад 59 хэсгийн хорооноос тавынх нь ирсэн байхад Н.Учрал 13339, Д.Сумъяабазар 9172 санал, П.Анужин 8051 санал авсан байгаа юм. Энэ яагаад ийм асуудалтай байна вэ гэхээр нэг хэсгийн хороон дээр хуулиараа дүүрэгт 3000 хүртэл сонгогч бүртгүүлэх боломжтой юм. Манай Сонгинохайрхан дүүрэг 59 хэсгийн хороотой, 111 мянган сонгогчтой. 111 мянган сонгогчоо 59 хэсэгтээ хуваахаар нэг хэсгийн хороон дээр 1800 орчим сонгогчид дээд тал нь бүртгүүлсэн гэсэн үг. 1800 сонгогч таван хэсгийн хороон дээр 100 хувийн ирцтэй очиход 9000 сонгогч очно. 9000 сонгогч очиод 100 хувь саналаа өглөө гэхэд дээд тал нь 9000 санал авах боломжтой. Гэтэл энэ хүмүүс 100 хувь ирцтэй очиж санал өгөх хүмүүсээс илүү гарчихсан 13 мянган санал авчихсан яваад байна. Тиймээс санал авах машин нотой байна гэдгийг харуулж байгаа юм.  Таван хэсгийн хороонд 45 мянга орчим санал орж ирэх ёстой. Гэтэл нийт саналын тоо нь 65 мянга болж байна. 20 мянган санал хаанаас гарч ирсэн нь ойлгомжгүй байна. Сонгуулийг илтэд луйвардсан гэдэг нь ойлгомжтой байна" гэв.

Эх сурвалж: www.polit.mn