Т.САЙХАН

УИХ-ын сонгуулийн санал хураалт өглөөний 06.00 цагаас эхэлсэн. Саналаа өгсөн сонгогч дахин санал өгч будилаан үүсгэхээс сэргийлэн сонгогчдын хуруунд бэхээр тэмдэглэгээ хийдэг байсан юм. Харин 2012 оны сонгуулиас хойш иргэд хурууны хээгээрээ бүртгүүлж саналаа өгдөг болсноос хойш бэхээр давхар тэмдэглэгээ хийх шаардлагагүй болсон юм.

Энэ удаад ч мөн сонгогчдын хуруунд бэхээр тэмдэглэгээ хийх боломжгүй гэдгийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байх үед хэлсэн юм. Тэрээр "Сонгогчдын хурууны хээнд тэмдэглээ хийдэг бэхийг Энэтхэгээс авдаг байсан. Ганцхан Энэтхэгт л үйлдвэрлэдэг байсан юм. Гэтэл үйлдвэр нь хаагдсан. Мөн энэ бэхийг онгоцоор тээвэрлэхийг хориглосон. Дээрээс нь энэ бэхэнд түлэгдсэн хүмүүс гомдол гаргаж байсан. Бүр хүнд түлэгдсэн зарим хүн эмнэлгийн нотлох баримтаа авч ирээд Сонгуулийн ерөнхий хорооноос нөхөн төлбөр авсан. Энэтхэгийн үйлдвэрээс Афганистан, Монгол хоёр л энэ бэхийг авдаг байсан юм билээ. Манай улс 2008 оноос хойш аваагүй. Мөн Афганистан авахаа больсон учраас худалдан авагчгүй болж үйлдвэр нь хаагдсан гэсэн мэдээлэл авсан" гэсэн байдаг. 

Эх сурвалж:www.polit.mn