Т.НОМИН

ЭМЯ-наас /06.12/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус-Монголд

"Зургадугаар сарын 11-нд гурван лабораторид нийт 241 хүнд шинжилгээ хийхэд 238 тохиолдлоос халдвар илрээгүй. Нурсултан-Улаанбаатарын онгоцоор ирсэн 184 хүнээс гурвыг нь ХӨСҮТ-д тусгаарлан шинжлээд хариуг нь өчигдөр мэдээлсэн байсан. Үлдсэн 181 иргэний сорьцыг цуглуулж, шинжлэхэд гурван хүнд коронавирус илэрлээ.Өнөөдөр зургаан хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарч, дараагийн ажиглалт руу шилжлээ. Эдгэрсэн хүмүүс бүгд оюутан. Дөрөв нь батлан хамгаалахын сургуулийнх бөгөөд хоёр нь эмэгтэй, дөрөв нь эрэгтэй. Тавдугаар сарын 13, 14-нд ирсэн эдгээр оюутнуудын эмчилгээ 27-29 хоног үргэлжиллээ. Ингээд нийт батлагдсан тохиолдол 197 болж байгаагийн 95 нь эдгэрсэн. Эмчилгээнд 102 хүний биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 91, хүндэвтэр 11 байна. Жирэмсэн эмэгтэй гурав, хорт хавдартай иргэн нэг, чихрийн шижин өвчинтэй нэг хүн ХӨСҮТ-д эмчлэгдэж байна" гэж ХӨСҮТ-ийн захирал Х.Нямхүү мэдээлэв. 

Зарим судалгааны үр дүнгүүдээс танилцуулбал:

  • АНУ-д хийгдсэн нэгэн судалгаагаар COVID-19 халдвар авсан өвчтөнүүдийн 20 гаруй хувьд арьс салстаар тууралт гарсан байна. Эдгээр тууралт нь өвчний эхэн үед илрэх нь бага бөгөөд өвчний ид үед илэрч, 3-4 долоо хоногийн дараа аажимдаа арилж байсныг тогтоожээ.
     
  • COVID-19 халдвар болон тамхины хамаарлыг судалсан 12 судалгааны ажил хийгджээ. Судалгаанд хамрагдсан 9,025 өвчтөний 9.7 хувь нь хүндээр өвдсөн, 5.5 хувь нь тамхи татдаг. Харьцуулсан судалгаагаар халдвар авсан тамхи татдаг хүн тамхи татдаггүй хүнээс хоёр дахин их байгааг тогтоосон байна.
     
  • АНУ-д тархвар зүйн судалгаа хийсэн. Ингэхдээ усан тамхи хэрэглэдэг иргэдийн тоог халдвар авсан хүмүүсийн тоотой харьцуулсан байна. Муж бүрээр нь харьцуулсан уг судалгааны үр дүнд тухайн мужид усан тамхи хэрэглэгчдийн эзлэх хувь нэг хувиар нэмэгдэхэд халдвар авсан тохиолдол 0.3, нас баралт 0.4 хувиар нэмэгджээ. Энэхүү хамаарлыг үндэслэн усан тамхи хэрэглэх нь COVID-19 халдвараар өвчилсөн тохиолдолд биеийн байдлыг хүндрүүлэх магадлалтай гэж үзсэн байна.
     
  • COVID-19 халдварын үед халуурах шинж тэмдэг илэрдэг амьсгалын замын өвчин боловч, өвчтөнүүдийн 50 орчим хувь нь хоол боловсруулах системийн өвчлөлийн шинж тэмдэг илэрсэн байна. БНХАУ-ын Хубэй мужийн 204 өвчтөнд хийсэн судалгаагаар өвчтөнүүдийн 48.5 хувьд хоол боловсруулах системийн өвчлөлийн шинж тэмдэг илэрчээ. Өвчтөнүүдийн 84 хувьд хоолны дуршил буурах, 29 хувьд шингэн алдах, 0.8 хувь нь бөөлжих, 0.4 хувьд нь гэдэс өвдөх шинж тэмдэг илэрчээ. Иймд эрдэмтэн судлаачид COVID-19 халдвар хоол боловсруулах системийг өвчлүүлдэг дээр санал нэгдэж байна. 
     
  • COVID-19 халдвар авсан хорт хавдартай иргэдийн нас барах магадлал хорт хавдаргүй өвчтөнийхөөс 2.5 дахин илүү байна. Төрлөөр нь авч үзвэл уушгины болон цусны хорт хавдартай иргэд илүү өндөр эрсдэлтэй байгааг эрдэмтэд тогтоожээ.

Вакцин

АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр "Модерна" компанийн хөгжүүлж буй COVID-19 халдвараас сэргийлэх вакцины туршилтын сүүлийн шатны судалгаа долдугаар сард эхлэхээр болжээ. Тухайн туршилтын хоёрдугаар шатанд нийт 300 хүнийг хамруулж, хүний дархлаа уг вакцинд ямар хариу үйлдэл үзүүлэхийг судалсан бол ирэх сард эхлэх сүүлийн шатны туршилтад нийт 30 мянган хүнийг хамруулахаар төлөвлөжээ. Вакцины гуравдугаар шатны уг судалгаагаар нь аюулгүй байдал болон үр дүнтэй эсэх хамгийн гол дүгнэлт гарах учиртай" гэдгийг онцолж байв.

Үргэлжлүүлэн "Түүний дараа,

  • Наймдугаар сард Оксфордын их сургууль болон Астра Зенека компанийн хамтран хөгжүүлж буй вакцин,
  • Есдүгээр сард Жонсон ба Жонсон компанийн халдвараас сэргийлэх вакцины гуравдугаар шатны туршилт тус тус эхэлнэ гэх мэдээллийг АНУ-ын Харшил, халдварт өвчний үндэсний төвийн захирал хэвлэлд өгсөн ярилцлагадаа онцолсон байна.

Эх сурвалж:www.polit.mn