Т.САЙХАН

ЭМЯ-наас /06.07/ ээлжит мэдээллээ хийж, коронавирусын нөхцөл байдлыг танилцууллаа.

Коронавирус-Монголд

"2020 оны зургадугаар сарын 6-нд ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, Дархан-Уул аймгийн салбар лабораторид нийт 217 хүнд шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илрээгүй. Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. Монгол Улсад батлагдсан 193 тохиолдол байгаагаас 75 нь эдгэрч гарлаа. Одоогоор 118 хүн эмчилгээнд бий. 95 хүний биеийн байдал хөнгөн, хүндэвтэр 23 байна. 153 хүн эмчилгээ, ажиглалтад байгаа бөгөөд тэдэнд 35 эмч, сувилагч нар үйлчилж байгаа гэж ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэв. 

Коронавирус-Дэлхийд

Дэлхийн 216 улс орон,  нутаг дэвсгэрт бүртгэгдэж, өнөөдрийн байдлаар 6.9 сая хүн өвчилсөн. 3.4 сая хүн эдгэрсэн бол 3.1 сая хүн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт 108 мянган хүн шинээр өвчилж, 3,000 гаруй хүн нас барсан байна. Европын зарим оронд өвчлөл буурах хандлага ажиглагдаж эхэлжээ. 

Коронавирус-ОХУ-д

Манай хойд хөршид хоногт 8,855 хүн халдвар шинээр авсан. Эрхүү, Тува, Читад халдвар хурдацтай нэмэгдэж байна. Ялангуяа Тувад өвчлөл өндөр тархацтай байгаа. Тус мужид 1,498 хүн өвчилж, дөрвөн хүн нас барсан. Тиймээс Туватай хил залгадаг Увс аймгийн Давст сумын иргэд онцгой анхааралтай байх хэрэгтэй" гэлээ.  Түүнчлэн ОХУ-тай хил залгадаг аймгуудын малчид, ард иргэд сонор сэрэмжтэй байхыг Эрүүл мэндийн яамнаас сэрэмжлүүллээ. 

ДЭМБ-ын уриалга

Маск зүүх нь бүрэн хамгаалалт болохгүй ч тодорхой үр дүнтэй байгааг ДЭМБ хэлж хүн олноор цугласан газраар явахдаа иргэдийг зайлшгүй маск зүүх шаардлагатайг онцолсон байна. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагын бүх ажилтан маск зүүхийг зөвлөжээ.Гэхдээ маск зүүсэн ч гараа тогтмол угаах, бусдаас зай барих дэглэмээ үргэлжүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэйг иргэдэд сануулсан байна.

Эх сурвалж: www.polit.mn