Б.ОЮУНЗУЛ

Бид энэ удаагийн “Урлан” буландаа уртын дуучин, гар урлаач Н.Баяжихмааг онцолсон юм.

Н.Баяжихмаа 2009-2013 онд СУИС-ийн уртын дуучны ангид суралцаж төгссөн байна. Тэрээр төрөөд гэртээ байх хугацаандаа гар урлалыг анх сурчээ. Гар урлалаар хийж болох бүх төрлийн зүйлийг хийж туршсан байна. Тэр дундаа монгол үндэсний зүүсгэл гоёлоо урлах илүү дуртай гэж байсан юм. Уртын дуучин хүний хамгийн нандин хэрэглэл бол үндэсний дээл тэр дундаа ээмэг, гоёл зүүлт нь байдаг аж. Үндэсний гоёл чимэглэл хийх нь бусад гоёлоос ажиллагаа, хийц, өнгөний хувьд илүү нарийн ур чадварыг шаарддаг байна. Н.Баяжихмаа “Үндэсний  гоёлыг хийхэд судалгаа хийх хэрэгтэй байдаг. Мөн материал, өнгө сонголт их чухал.

Одоо үндэстэн ястны хувцасны ялгаа, гоёлыг яаж шинэлэг орчин үеийн болгож гаргаж ирэх вэ гэж их боддог гэсэн. Урлаач маань гурван охинтой. Тэднийгээ гоёх их дуртай. Тиймээс хүүхдийн толгойн гоёлыг их хийдэг. Тэднийгээ үндэсний хувцастай, үндэсний гоёлоор гоёход өхөөрдөм харагддаг гэж байсан юм. Мөн тэрээр сувдан даруулга хийдэг. Сувдан даруулгыг заавал урт үстэй бүсгүйчүүд зүүх албагүй. Богино үстэй бүсгүйчүүд ч бас үндэсний гоёлоороо гангарах боломжийг олгож байгаа аж. Н.Баяжихмаа толгойн гоёл, ээмэг, бүс, могойн ээмэг зүүлт, багсармал ээмэг зүүлт, загасан нуруут хослол, бисер сүлжмэл, брошь, зүүд манагч хийдэг.

Эдгээрийг хийхэд ажиллагаанаас хамаарч 2-7 долоо хоногт хийдэг байна. Могойн зүүлтний хувьд манай үндэсний гоёл бөгөөд нарийн ажиллагаатай хийдэг гоёл ажээ. Шар будааны чинээ жижиг шүрээр сүлжиж хийдэг юм байна. Хэлбэр дүрсний хувьд могой шиг болохоор дээшээгээ ороож сүлждэг болохоор могойн зүүлт гэж нэрлэжээ. Түүний хамгийн их захиалгатай бүтээлийн нэг нь зүүд манагч гэсэн. Н.Баяжихмаа өөрөө ч зүүд манагч хийх дуртай гэв. Хүмүүс зүүд манагчийг машиндаа болон гэртээ хамгаалалт хийх зорилгоор захиалдаг ажээ. Түүний хийсэн зүүд манагч нь бүгд өөрийн гэсэн загвартай. Ихэвчлэн захиалагчтайгаа ярилцаж байгаад загвараа сонгодог. Мөн интернэтээс санаа авч хүн бүрт ганц бүтээл хийж өгөхийг эрмэлздэг  гэж байлаа.

Мөн гар урлал сонирхдог бүсгүйчүүддээ зориулан сургалт явуулж байна. Охид бүсгүйчүүд ихэвчлэн могойн зүүлт, зүүд манагчийг хийж сурахыг хүсдэг байна. Түүний сургалт багцаасаа хамаарч янз бүрийн үнэтэй байдаг. Нэг багцдаа 2-3 гоёл заадаг аж. Тэрээр цаашид өөрийгөө улам хөгжүүлж үндэсний гоёлын урлантай болохыг хүсдэг бөгөөд мэргэжлээрээ ч ажиллах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Өөртөө тавьсан зорилгодоо хүрэхийн тулд алхам алхмаар урагшилж яваа авьяаслаг бүсгүйд амжилт хүсье.

FACEBOOK хуудас

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.4  ПҮРЭВ № 110 (6335)