С.САРУУЛ

 “Covid-19”-ийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Зургадугаар сарын 1-ний өдөр нийт 212 хүнд шинжилгээ хийхэд коронавирусын халдвар илрээгүй. Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн зорчигчдод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Бид олон улсын зөвлөмжийн дагуу зорчигчдыг ирмэгц нь мөн 7, 14 хоногийн давтамжтайгаар шинжилгээ хийж байна. Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн 10 жолоочид шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй" гэв. Манай улсад өчигдөр 119 тусгай дугаарт 187 дуудлага ирсний ихэнх нь дэлгүүрийн худалдагч нар амны хаалтаа тогтмол зүүхгүй байгаа тухай шүүмжлэл ирсэн байна. Иргэд амны хаалт зүүж, бээлий өмсөнө үү. Мөн хүний гар хүрч, хүнсэнд хэрэглэгддэг бүтээгдэхүүнийг гялгар уутаар бүтээх шаардлагатайг анхаарууллаа. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Covid-19 өвчин дэлхийн 216 улсад бүртгэгдэж, одоогийн байдлаар 6 358 000 хүн өвчилсөн. Үүнээс 2.9 сая нь эдгэрсэн байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд 99 мянган хүн өвчилж, 2,000 хүн нас барсан. 

ОХУ-д өвчлөл нэмэгдэж, 9000 гаруй хүн шинээр өвчилсөн. Тэр дундаа манай улстай олон аймгаар хиллэдэг Эрхүү, Тува, Читад өчигдөр 39-299 халдвар нэмэгдлээ. Тиймээс Хөвсгөл, Увс, Дорнод аймгийн иргэд хил орчмоор сэлгүүцэхгүй байхыг хүсье. Түүнчлэн өчигдөр “Covid-19”-тэй холбоотойгоор хүүхэд, өсвөр насныханд тохиолдож буй олон эрхтний хам шинжээр Европ, Америк тивийн орнуудад 300 гаруй хүүхэд өвчилж, 4 хүүхэд нас барсан байна. 

Үүний зэрэгцээ Бүгд найрамдах Конго улсад эбола вирусын халдварын дэгдэлт гарч, есөн хүн өвчилснөөс дөрөв нь нас баржээ. Тус улсад коронавирусын болон эбола вирусын халдвар дэгдэж байгаа нь эрүүл мэндийн тогтолцоонд нь хүндхэн сорилт болж байгаа” гэв. 

Эх сурвалж: www.polit.mn