“Би азийн шилдэг жүжигчин болохыг хүсдэг”

0
хуваалцах
453
үзсэн

Б.ОЮУНЗУЛ

 

Энэ удаагийн “Шинэ үеийнхэн”  буландаа авьяаслаг залуу жүжигчин Э.Отгончимэг урьсан юм. Тэрээр одоогоор зургаан кинонд тоглоод байгаа бөгөөд  саяхан нээлтээ хийсэн “Дурсаж яваарай” киноны гол дүрийг бүтээжээ. 

 

Залуу жүжигчин Э.Отгончимэг “Сити” их сургуулийн жүжигчний ангид суралцаж байгаад БНСУ-ын Кино урлагийн  их сургуульд суралцах урилга авчээ. Тэрээр одоогоор  зургаан кинонд туслах болон гол дүрийг бүтээсэн байна. Түүний бахархам зан чанаруудын нэг нь,  өөрийгөө олон зүйлд сорих дуртай. Тэрээр “Эко” телевизийн залуучуудын нэвтрүүлгийг нэг жил хөтөлж, хүүхэд залууст шинэ мэдлэг мэдээлэл түгээсэн байна.Мөн “Улаанбаатар принт”-ын “Мэдлэгтэй дэвтэр”-ийн  сурталчилгаанд моделиор нэг жил ажиллажээ. Энэ бүхнээс харахад, тэр залуу хүний хувьд чамлахааргүй хөдөлмөрлөж  үеийнхнээ манлайлж яваа авьяаслаг бүсгүй ажээ.

Хүүхэд, залуусын маань хамгийн сайн мэдэх дүр бол  өнгөрсөн сарын 24-нд нээлтээ хийсэн “Дурсаж яваарай” киноны “Хөөрхөн охин”-ы дүрд тогложээ. Анх кинонд хэрхэн тоглосон тухай асуухад тэрээр “Эхний киноныхоо гол дүрийн шалгаруулалтад тэнцэхдээ маш их баярласан ч зурагтаар хардаг, хүндэлж явдаг хүмүүстэйгээ нэг кинонд тоглоно гэдэг алдахааргүй том боломж байсан. Гэсэн  ч бас айж сандарч байлаа” гэсэн юм.

 “Дурсаж яваарай” киноны найруулагч нь түүнийг гол дүрээ бүтээлгэхээр сонгосон нь Э.Отгончимэгийн хувьд гайхмаар үйл явдал болжээ. Киноныхоо зохиолтой танилцаад өөрийн эрхгүй уйлсан гэж байв. Учир нь, киноны гол дүр нь өөрийн биедээ баймгүй их ачааг үүрч, өвчтэй ээжийгээ асардаг, ажил хийдэг,  дотроо яаж ч шаналсан түүнийгээ ээжээсээ нууж, ээжийнхээ хажууд баяр баясалтай байхыг хичээдэг. Энэ хүнд хэсгүүдэд тоглоход түүнээс жүжигчний ур чадвар их шаарджээ. Уг киноны зураг авалт бүтэн жил үргэлжилжээ. Сэлэнгэ аймгийн Шаамар суманд киноны зураг авалтыг хийсэн байна. Энэ кинонд 1990-ээд оны ном устгалд оруулж байсан үйл явдлууд гардаг байна. Хамгийн хүнд нь мотор үүрээд шуурган дунд алхдаг хэсэг гэнэ. Энэ хэсгийн зураг авалт хоёр өдөр үргэлжилжээ. Зураг авалт дууссаны дараа мөр нь шархалж халуурсан хэмээн ярьж байв. Мөн энэ кинонд гавьяат жүжигчин С.Сарантуяа багштайгаа хамтарч тоглосондоо маш их баярлаж байгаа гэлээ.

Э.Отгончимэг “Би Мөрөнгийн дүрд тоглосноос хойш олон зөв дадал, зуршлыг өөртөө суулгасан. Шалихгүй зүйл дээр гомдолж шантрахаа ч байсан. Залуу үеийнхэнд сургамжтай зүйлс ихтэй кино. Би өөрийнхөө мөрөөдөл, зорилгоо ч тодорхойлсон. Эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн Азийн шилдэг жүжигчин болохыг хүсдэг. Энэ мөрөөдөл хүслээ биелүүлнэ гэдэгтээ итгэлтэй байна. Миний мөрөөдөл хүслийг хурцалж, дэмжиж өгсөн, тусалж дэмжсэн бүх хүнд баярлаж талархаж явдаг. Кинонд тоглоно гэдэг миний хувьд мөрөөдөл төдий байсан. Гэтэл одоо зургаан кинонд тоглочихоод байна. Энэ бол ганцхан миний бүтээсэн дүр биш надад итгэдэг хүн бүхний дүрүүд гэж би боддог” гэлээ. Кино бол амьдралын дүр зураг. Кино зохиол төдийгүй сайхан зохиол бүтээл бол үнэхээр амьдралын толь, ертөнцийг харах цонх юм.  Тиймээс үеийнхээ хүүхэд залуусыг номтой сайн нөхөрлөхийг  уриалсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.2  МЯГМАР № 108 (6333)