2020 оны УИХ-ын сонгуулийн сунгаанд улс төрийн нам, эвслүүд шинэ, залуу боловсон хүчнээ олноор нь дэвшүүлсэн. Тухайлбал “Та бидний эвсэл” (МАХН-ИЗНН-МУНН )энэ тодорхойлолтод илүү тохирохоор байна. Тодруулбал, МАХН-аас энэ удаагийн сонгуулийн хамгийн залуу нэр дэвшигч байж мэдэх  Батсуурийн Батхишгийг УИХ-ын сонгуулийн 18 дугаар тойрог, Хэнтий аймагт нэрийг нь дэвшүүлжээ.

Ярилцлагаа шулуухан таны наснаас эхлэмээр санагдлаа. Та хэдэн онд төрсөн бэ?

Би 1991 онд төрсөн. Одоо 29 хүрч байна. 1999 онд Нийслэлийн 86 дугаар сургуульд элсэн орж, Орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгссөн.

Миний багын мөрөөдөл димломатч болох байсан учраас мөрөөдлөө дагаж Их Засаг ОУИС-ыг Гадаад харилцааны мэргэжилтнээр элсэн суралцаж, энэ чиглэлээрээ Япон улсад мэргэжил дээшлүүлсэн. Англи, Орос, Япон хэлний зохих мэдлэгтэй. Одоо Төрийн удирдлагын магистрт суралцаж байна.

Залуучууд үндсэндээ хоёр хуваагдаад байх шиг. Нэг хэсэг нь өөрийн урдахаа хараад, хувийн бизнесээ хийгээд явсан нь дээр гэж үзэж байхад нөгөө хэсэг нь улс төрд орж, ажиллах замыг сонгож байна. Яагаад улс төрд оролцох, идэвхтэй ажиллах сонголтыг хийсэн бэ?

Хүн бүр хүүхэд байхдаа гэнэн байдаг шүү дээ. Бид ч бас тийм л байсан. Арван жилээ төгсөхдөө мэргэжлээ л зөв сонгочихвол сайхан амьдарна гэж ярьдаг байлаа. Ингээд мэргэжлээ сонголоо, төгслөө. Энэ хооронд гэр бүлээ, хань ижлээ зөв сонгочихвол сайхан амьдарна гээд ярьдаг байв. Ингээд хань ижлээ сонгочихлоо. Хүссэн мэргэжлээ эзэмшээд, хайртай хүнтэйгээгээ гэр бүл зохиогоод ажил, амьдрал дээр гараад ирсний дараа одоо эргээд харахад бид санасан шигээ, ярьж, хүссэн шигээ сайхан амьдарч чадахгүй байгаагаа олж харж байна. Ингээд надад асуулт гарч ирсэн. Бүх зүйлээ ярьснаараа төлөвлөж хийчихээд байхад яагаад бидний үеийнхэн, надаас дээш үеийнхэнд сэтгэл хангалуу, сайхан амьдрал тэр бүр ирэхгүй байна вэ. Хариулт нь явж явж бидний хийж байгаа ажил, хүсэл мөрөөдөл буруу байгаадаа биш харин манай нийгмийн тогтолцоо, шийдвэр гаргагчдын боловсруулж буй хууль, эрх зүйн систем, бодлого шийдвэрээс ихээхэн хамааралтай байна гэдгийг олж харсан.

Манай улс залуучуудын орон. Одоо залуучууд нь сэрж, өөрсдөө эх орныхоо хөгжлийн бодлого хэтийн ирээдүйд санаа тавих цаг нь болсон. Бид яг л хүүхэд шиг байсаар байна. Хүүхэд байсан шигээ гэнэн байна. Өөрсдөө хэрсүүжиж, өөрсдийнхөө оролцоог бий болгох цаг болсон.

Болохгүй байгааг анзаарах нэг хэрэг. Харин үүнийг засч залруулах маш чухал. Тийм учраас өөрөө энэ дотор ороод юу нь болохгүй байна, яаж засах ёстой вэ гэдгийг олж хараад, гар бие оролцож, дуу хоолойгоо хүргээд явъя гэж шийдээд улс төрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцох болсон. Сүүлийн найман жил идэвхтэй ажиллаж байна. Миний энэ шийдвэр, өнөөдрийн үйл хэрэг маш олон залуучуудыг сэрээх, хэрсүүжүүлэхэд нэг дохио болно гэж харж байна.

МАХН ч улс төрийн түүхэн туршлагатай, уламжлалаас шинэчлэл рүү зоригтой шилжиж, цаг үеэ мэдэрч чаддаг улс төрийн хүчний хувьд залуу үеэ дэмждэг, тэдний цаг нь ирсэн гэдгийг хүлээн зөвшөөрдөг нь надаар илэрхийлэгдэж байна гэж ойлгож болно.

Өнөөгийн улс төрийн намуудад иргэд итгэл алдарсан гэдэг судалгаа байнга гарч байна. Тийм ч учраас энэ удаагийн сонгуульд бие даагчдын тоо түүхэндээ байгаагүй олон байна. Яагаад МАХН-ыг сонгосон юм бэ?

Нам бол тодорхой итгэл үнэмшил дээр нэгдэж, түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө явж байгаа хүмүүс. Нийгэмдээ улс төрийн боловсон хүчнийг бэлтгэж өгч байх ёстой институци. Эндээс бодлого гарч, бодлогыг иргэд сонгож, тэр нь төрийн үйл хэрэг болж нийтэд үр өгөөжөө өгч, улс орон хөгжих ёстой. Энэ утгаараа үзэл баримтлал, үйл хэргийг нь хараад МАХН-ыг сонгосон. Намууд мөнгөний, бүлэг, фракцын нам болчихоод байгаа учраас нэр хүнд нь унах бол ойлгомжтой асуудал. Барууны үзэл баримтлалтай гэж дүрмэндээ заачихаад зүүний бодлого хэрэгжүүлэх, эсрэгээрээ зүүний нам барууны онол баримтлах гээд үзэл баримтлал, бодлого шийдвэр нь ойлгомжгүй болчихсон. Харин МАХН эдгээр улс төрийн намуудаас ялгаатай нь бодлоготой, зүүн төвийн үзэл баримтлалтай нам. Иргэдэд тэгш гараанаас эхлэх боломжийг олгодог нам.

Бие даагчдын хувьд ард иргэд сонголоо ч гэсэн олонхоороо шийдвэр гаргадаг одоогийн нөхцөлд сонгогчдодоо амласнаа хэрэгжүүлэх бараг боломжгүй.

Яагаад Хэнтий аймагт нэр дэвших болов? Одоо эд мандаж яваа, рейтинг өндөр улстөрчид Хэнтийд өрсөлдөхөөр байгаа шүү дээ.

Нэгдүгээрт миний нутаг юм. Миний аав Батсуурь Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын хүн. Хэдийгээр би Улаанбаатарт төрсөн ч миний бага нас Хэрлэн голын хөвөөнд өнгөрсөн гэж хэлж болно. Манай удамд Өмнөдэлгэр сумандаа алдар цуутай Моломын Гаасүрэн гэж баатарлаг, дайчин хүн байсан. Халх голын тулаанд гавьяа байгуулж явсан түүхтэй.

Хоёрдугаарт, миний өөрийн зан чанар бий. Би спортоор хичээллэдэг байсан, спортын хүн учраас чанга өрсөлдөгчөөс нэг их айдаггүй. Аваргыг давж аварга болдог жамтай. Надад айж, эмээгээд байх зүйл алга. Залуу хүний хувьд иргэдтэйгээ уулзаж, тэднийхээ санаа бодлыг сонсоё. Өөрийнхөө юу бодож яваагаа, ямар ажил хийх гэж байгаагаа хуваалцая. Эцсийн дүндээ сонголт ард түмнийх учраас өөрийгөө хэн бэ гэдийг л сайн таниулая гэж бодож байна.

Гуравдугаарт манай өрсөлдөгчид сүүлийн гурван жил төрийн ордонд вакум орчинд суучихсан бол би сүүлийн гурван жил Монгол эх орноо бүтэн гурван удаа тойрлоо. 21 аймгаар орлоо. Бүх сумдад очлоо. Яг л өөртэйгөө адилхан жирийн ард иргэдтэй уулзлаа. Иргэдийн амьдрал ямар байна, тэдэнд юу үгүйлгдэж байна, ямар бодлого хүндээ хүрч, улсдаа хөгжил авчирах юм бэ гэдгийг би сайн мэдэж байна.

Таны асуусанчлан Хэнтий аймагт түүхэндээ байгаагүй өндөр рейтингтэй улстөрчид өрсөлдөж байгаа. Тэд хийсэн ажилтай, хэлэх үгтэй гээд бардам яваа байх. Тэгвэл би энэ ярилцлагаар дамжуулж асуумаар санагдаж байна. Та нар үнэхээр мундаг байсан юм бол иргэд чинь яагаад ядуу байгаа юм бэ, улс чинь яагаад мөнгөгүй байгаа юм бэ?

Улс орны өнцөг булан бүрт очиж, иргэдтэй уулзсан хүний хувьд та одоогийн төрийн эрхэнд байгаа бодлого боловсруулагчдаас асуусан асуултдаа өөрөө хариулбал ямар вэ? Яагаад бид ядуу, улс нь мөнгөгүй байна вэ?

Ерөөсөө л нөгөө тогтолцоо буюу сууриа засч залруулах явдал юм. Монгол хүн Үндсэн хуулиар олгогдсон амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, боловсрол эзэмших үндсэн эрхээ эдлэхийн тулд зээл авдаг, өрөнд ордог тогтолцоондоо зүдэрч байна. Зах зээлийн харилцаатай улс орнуудад зээл авах нь хэвийн зүйл л дээ. Гэвч манайд зээл авсныхаа төлөө насаараа хүүгийн дарамтад амьдарч байна шүү дээ. Хүн байхын утга учир, Монгол хүн болсны хувьд сэтгэж, хөгжих боломжгүй болчихоод байна. Амьтан хүртэл өөрийн оромжтой байхад Монгол хүн орон гэртэй болохын төлөө амьдралаа зориулаад дуусч байна. Залуучууд 100 саяын байрыг зээлээр аваад хүүнд нь нэмээд 100 саяын хүү төлөх болдог. 20-30 жил хүү төлөхийн төлөө амьдарч байна. Уг нь бол улсаа хөгжүүлэх, амьдралаа баялаг түүхтэй бүтээхэд залуу насаа зориулах ёстой шүү дээ. Байрны урьдчилгаа гэж багадаа 30-40 сая төгрөг  өнөөдөр жирийн багш, эмч, залуу гэр бүлийн хадгаламж, халаасанд хэзээ ч байх боломжгүй. Байхгүй бол үүнийг яаж олох вэ. Ахиад өр, хэн нэгний барьцаанд орох алхам руу орж таарна.

Заавал орон сууцны асуудал ч биш. Нэг жирийн багшаар жишээ авая. Багш гэр хороололд амьдардаг гэж үзвэл тэр багш хүүхдүүддээ хичээлээ заана, давтлага өгнө, хамгийн чухал зүйл болсон ар гэрээ авч явах хэрэгтэй болно. Галаа түлнэ, усаа зөөнө гээд багшид өөрийгөө хөгжүүлэх, сургалтдаа анхаарах боломжууд байна уу, эндээс харахад.

Тийм учраас багшийг, эмчийг, цагдааг бүгдийг нь төрөөс орон байрны ая тухай нөхцөлөөр хангах шаардлага гарч байгаа биз.

Өөрөөр хэлбэл хүний амьдралын стандартыг төрөөс тогтоож, түүнд нь таарсан дэмжлэг өгөх ёстой. Ингэж байж хувь хүний аз жаргалтай, чинээлэг нөхцөл байдал бий болж, улс орны хөгжил тэр хэмжээгээрээ хэмжигдэнэ.

Өмнө хэлсэнчлэн тогтолцооны асуудлыг ярьж байгаа учраас Үндэс хуулийн өөрчлөлт дээр ч их олон зүйлийг хэлэх ёстой болно.

Хүмүүстэй уулзаад асуудаг л даа. Байгалийн баялаг хэний мэдэлд байдаг вэ гэхээр ард түмний мэдэлд гэж бүгд хариулдаг. Үндсэн хуулиа нээгээд харахаар байгалийн баялаг төрийн өмч гээд заачихсан. Өмч хэнд байх вэ гэдийг зааж байгаа нь өөрөө захиран зарцуулах эрх хэнд байгааг шийдэж байгаа хэрэг. Тэгэхээр байгалийн баялаг төрд байгаа дарга нарын өмч болсон байгаа биз. Уг нь бол Үндсэн хуулиа өөрчлөхдөө байгалийн баялаг ард түмний дундын өмч гээд хуульчилсан бол иргэд баялгынхаа жинхэнэ эзэн байгаад зогсохгүй хүртэх үр өгөөж бодитой байх байсан.

Хүмүүсээс ахиад асуудаг. Энгийн иргэн, нэг дарга хоёр шүүх дээр очиход хэн нь ялах вэ гэхээр эргэлзэхгүйгээр дарга ялна гэж хариулдаг. Гэтэл даргын буруу байж болно шүү дээ. Цаад шалтгаан нь даргыг дарга томиолдогт байгаа юм. Үүнийг залруулахын тулд шүүгчээ ард түмэн өөрсдөө томилдог, эргүүлэн татдаг байж сая ард түмний төлөө шударга шийдвэрүүд гарна.

Дээрээс нь ёс зүй. Хүмүүс өндөр ёс зүйтэй болчихвол монголд цоож хэрэггүй болно. Ёс зүй бол улс орны хөгжлийг хэмжих хамгийн чухал шалгуурын нэг байх ёстойг ардчиллын буянаар, эцэг,эхийнхээ ачаар дэлхийн олон оронд очиж үзээд, нийгмийг нь хараад миний үеийнхэн ухаарч ойлгочихсон. Хулгай хийж, амин хувиа хичээгээд улс ч хөгждөггүй, хүн ч хол явдаггүй гэдгийг ухаарчихсан.

Харин манайд одоо ямар байна гэхээр бидний ах, эгч нар шуудхан хэлэхэд хулгайч сэтгэлгээтэй болчихлоо. Ямар ч ажил хийсэн надад ямар ашигтай вэ гэдгийг хамгийн эхэнд боддог наймаачин сэтгэхүй газар авчихсан. Бид хулгайч ард түмэн биш. Энэ сэтгэлгээг халахгүй бол төрөө цэвэрлэж чадахгүй. Өөрчлөлтийг авчирч чадахгүй.

Үндсэн хуулийн өөрчлөлт, хүмүүсийн сэтгэхүй, шударга бус байдал гээд бүгдийг бид өөрсдөө хийж байгаа. Үүнийг өөрчлөх боломжтой. Өөрчлөе гэвэл өөр сонголт хийж, шинэ залуу үеэрээ цус сэлбэх зайлшгүй шаардлагатай.

Ингэхэд өөрийг чинь хүмүүс тэр бүр мэдэхгүй. Сонгуулийн хуулиар өөрийгөө сонгогчдод таниулах боломж хэр байна? Танигдаж байж сонгогдох магадлал нэмэгддэг.

Үнэхээр хүнд байна. Над шиг залуу хүний хувьд өөрийгөө бүхэл бүтэн аймгийн 20 гаруй сумын ард иргэдэд таниулахад хорин хэдэн хоног яагаад ч хүрэлцэхгүй. Боломжгүй. Энэ сонгууль энэ хуулиараа ингээд явчихлаа. Харин дараагийн сонгуулиас энэ асуудлыг эргэж харах ёстой. Юу гэхээр сонгуулийн сурталчилгааг дор хаяж зургаан сарын өмнөөс явуулах боломжийг олгох ёстой. Ингэж байж ард иргэд шинэ залуу хүнтэй танилцах боломж олдоно. Өнөөдрийн хуулиар ямар дүр зураг харагдаж байна гэхээр залуучууд өөрийгөө таниулж амжихгүй тул сонгогчид Таньдаггүй бурхнаас таньдаг чөтгөр дээр гэсэн сонголтыг хийхээс өөр аргагүй болж байна.

Надад бодлого байна. Өөрийн гэсэн үнэт зүйл, ёс зүй байна. Би үүнийгээ танилцуулмаар байна. Харамсалтай нь энэ хуулиар өөрийгөө, юу бодож явдагаа танилцуулах боломж бүрдэхгүй нь. Тэгэхээр сонгууль бодлогын бус мөнгөний өрсөлдөөн болоод байна л даа.

Дээрээс нь нэр дэвшигчийн сурталчилгааны материал, сэтгүүл дээр хуулиар нэг стандарт мөрдүүлэх ёстой. Илүү ч үгүй, дутуу ч үгүй нэг стандарттай болчихвол сонгогчид залуусын үзэл бодол, тэдний мөн чанарыг таньж, олж харах боломжтой болно.

Эх сурвалж: www.polit.mn