С.САРУУЛ

Гадаадаас тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийг 21 хоногийн дараа гэрт нь тусгаарлаж  байгаа. Тэгвэл иргэд хаягаа солих, гадуур хүнтэй уулзах зэргээр маш их зөрчил гаргаж байгааг албаныхан хэллээ. ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Цагдаагийн байгууллагаас  цар тахлын үед 4800 гаруй албан хаагч ажиллаж байна. Гадаад улсаас ирж буй иргэд ажиглах байранд 21 хоног тусгаарлагдсаны дараагаар 14 хоног гэрийн тусгаарлалтад байх учиртай. Гэтэл дэглэмээ мөрдөхгүй байх тохиолдол гарч байгаа. Тухайлбал, сүүлийн хоёр хоногт 28 иргэн урт болон богино хугацаагаар гэрийн тусгаарлалтаас гарч явсан, богино зайд хүнтэй уулзсан, бааранд орсон тохиолдол гарсан. Мөн тусгаарлах байранд байхдаа хаягаа өгсөн ч тусгаарлалтаас гараад хаягаа сольж байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатарт 804, орон нутагт 95 иргэн өрхийн тусгаарлалтад бий. Одоогоор өрхийн тусгаарлалтад байх хугацаандаа 524 иргэн ямар нэг байдлаар хаягаа шилжүүлж, хөдөлгөлөө. Энэ бол давхардсан тоо. Тиймээс гэрийн тусгаарлалтад байгаа иргэдэд хаягийн шилжүүлэлт хийхгүй байх зохицуулалт хийхээр ярилцаж байна. Гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс тодорхой хэмжээний эрсдэлд байгаагаа өөрсдөө ухаарах хэрэгтэй" гэв.

 Эх сурвалж: www.polit.mn