С.САРУУЛ

 Цар тахлын үед Фитч (Fitch) агентлагаас Монгол Улсын урт хугацааны зээлжих зэрэглэлийг “B”, төлөвийг “Тогтвортой” хэвээр, богино хугацааны зээлжих зэрэглэлийг “В” хэвээр үлдээснээ мэдээллээ. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр нь үлдээсэн гэдгээ өнөө мэдээлсэн. Үндсэндээ Fitch агентлаг Монгол Улсын эдийн засгийн бодлого, төлөвийг хараад 2019 онд өгч байсан үнэлгээгээ хэвээр нь үлдээсэн. Үүнийг бид дэлхийн бүх оронд нөлөөлөөд буй коронавирусийн цар тахлын үед Монголын төрөөс авч хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлого нь эдийн засгийн үндсэн үзүүлэлтээ харж байж гаргасан гэж үзээд өгсөн үнэлгээ болов уу гэж үзэж байна" гэв.

Харин Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Улсын зэрэглэлийг тогтоодог гурван байгууллагын нэг нь Fitch агентлаг. Амаргүй нөхцөл байдал үүссэн энэ үед Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээнэ гэдэг нь сайн мэдээ. Хичээж ажиллаж байсан нь үр дүнгээ өгч байна. Мөн санхүүгийн судалгааны өөр нэгэн агентлаг болох Moody’s агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ("В") буулгаагүй төлөвийг нь сөрөг гэж гаргасан. Учир нь дэлхий дахинд цар тахлын хорио цээрийн дэглэмтэй байгаа үед эдийн засаг амаргүй байгаатай холбоотой" гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn