Б.СОЛОНГО

 

“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг та бүхэнд хүргэдэг билээ. 

Энэ удаа цар тахлын үеийн эдийн засгийн нөхцөл байдлын талаар эдийн засагч Э.Батшугартай ярилцлаа.

-Улсын эдийн засаг агших нь тодорхой боллоо гэж хоёр, гуравдугаар сард хэлж байсан. Тэр нь ч батлагдлаа. 10.7 хувиар агшсан байна.

1991 онд зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойшхи эдийн засгийн хамгийн том агшилт энэ боллоо. Экспортын орлого 40 орчим хувиар буурсан нь хамгийн их нөлөө үзүүллээ. Мөн компаниуд, ялангуяа үйлчилгээний салбар том цохилтонд орсон. Энэ бүхнээс ажлын байр багасах, төсвийн орлого багасч, хоцрох гээд олон сөрөг нөлөөлөл үүсч байна. Цаашдаа ч эдийн засаг агшихаар болчихлоо. Хөл хориог сунгачихлаа. Хэчнээн дотооддоо вирус илрээгүй ч сунгаад явж байна. Энэ нь манай эдийн засагт том цохилт болж  ирэхийн эхлэл нь одоо мэдэгдэж байх шиг байна. Сонгуулийн дараа ялангуяа намар их хүнд байдалд орох болов уу гэсэн прогноз миний хувьд харагдаж байна.

 

Ард иргэдийн амьжиргаа, эдийн засгийн эрүүл байдал хамгийн чухал

 

Блиц: 

ЭНХБАЯРЫН БАТШУГАР 

Боловсрол: 

2004-2008 онд: АНУ-ын Бэнтлигийн их сургуулийг санхүүч, эдийн засагч хосолсон мэргэжлээр суралцаж төгссөн. 

Ажилласан байдал: 

2008-2009 онд: АНУ-ын “Жи Пи Морган” /JP Morgan/  хөрөнгө оруулалтын банкны Нью-Йорк салбарт банкир

2009-2011: АНУ-ын “Жи Пи Морган” /JP Morgan/  хөрөнгө оруулалтын банкны Лондон салбарт банкир

2011-2012 онд: МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн болон Гадаад хэргийн нарийн бичгийн дарга

2012-2016 онд: Монголбанкны дэд ерөнхийлөгч 

2016 оноос өнөөдрийг хүртэл:  Эрүүл мэндийн салбар дахь гадаадын хөрөнгө оруулалттай “Монсамил” компанийн ТУЗ-ийн гишүүн, Хэвлэл мэдээллийн салбарын  “Медиа холдинг” компанийн ТУЗ-ийн гишүүн, Санхүүгийн салбарын “Милленниум капитал” компанийн ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байна.

 

-Бид нэн түрүүнд ажлын байрыг хадгалах ёстой. Ажлын байр бол ямар ч улс орны хөгжлийн гол шалтгаан болдог. Мөн орлого нь хумигдсан компаниудаа дампуурлаас сэргийлэх хэрэгтэй байна. Компани нэг дампуурсан бол эргэж сэргэх маш хэцүү байдаг. Тиймээс өмнө нь сэргийлэх нь хамгийн зөв зүйтэй. Ямар бодлогоор урьдчилан сэргийлэх вэ гэдэгт төр засгаас авч хэрэгжүүлэх шийдвэр маш чухал байгааг дэлхийн жишгээс харж болно. Дэлхийн жишиг шийдлийг Монголд яаж нутагшуулах вэ гэхээр хоёр гарц харагдаж байна. Нэгдүгээрт, орлого нь тасарсан компаниудад өнгөрсөн жилүүдийнх нь орлоготой харьцуулаад урт хугацааны хөнгөлөлттэй зээл өгөх. Гэхдээ нэг болзол тавина. Энэ юу вэ гэхээр ажлын байрыг багасгахгүй гэсэн болзол. Вирус намдсаны дараа хэрэв тэр компани нэг ч ажилтан халаагүй байвал тэр олгосон зээлийг нь татваргүй орлого болгочихож болно. Хоёрдугаарт, иргэд болон аж ахуй нэгжүүдийн зээлд бүтцийн өөрчлөлт хийх боломжтой харагдаад байна. Ямар зарчмаар хийх вэ гэвэл Төвбанкнаас “Ковид-19” вирусээс болж хүндэрсэн зээлүүдийг ангилаад өөрийнхөө балансан дээр худалдаж аваад, дараа нь зээлийн эргэн төлөлтийг нь тодорхой хугацаанд зогсоон хүүг нь багасгаад, хугацааг нь уртасгаж болж байна. Ингэснээр иргэн болон аж ахуй нэгжид ирж байгаа хугацааны болон хүү, үндсэн зээлийн төлөлтийн дарамт багасна. Нөгөө талаар энэ арга хэмжээ нь санхүүгийн системийн вакцинжуулалт болж өгнө. Өөрөөр хэлбэл, эрүүлжүүлж өгнө. Үүнийг хийх бололцоотой юу гэж хүмүүс асуудаг. Манай инфляцийн төвшин зургаан хувьтай, зорилтын төвшин найман хувьтай байгаа. Тэгэхээр мөнгөний тэлсэн бодлого явуулах орон зай байна гэсэн үг. Мөн Монголбанк өөрөө улсын эдийн засаг, ажилгүйдэл, үнийн өсөлтийг зохицуулах чиг үүрэг бүхий байгууллага. Дээрээс нь санхүүгийн системийнхээ эрүүл байдлыг хянадаг. Өөрөө ашиг харах хэрэгцээ байхгүй, алдагдал нь Монголбанкных биш бодлогынх гэж явах учир эцсийн дүндээ ард иргэдийн амьжиргаа, эдийн засгийн эрүүл байдал хамгийн чухал шүү дээ. Ийм алхмуудыг хийх бололцоотой гэж харж байна.

 

Ажлын байргүй болсон хүмүүст тэтгэмж олгох хэрэгтэй

 

-Саяын хэлсэн бодлогын арга хэмжээнүүд компаниудад шууд нөлөөлнө. Өнөөдөр төр засгаас авч байгаа арга хэмжээнүүд байна. Гэхдээ учир дутагдалтай. Жишээ нь, нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч, ажилтнаас аль алинаас нь хөнгөлж байгаа боловч, ажил олгогчийн хувьд буурч байгаа болон буурсан орлоготой харьцуулахад хангалттай бус дэмжлэг юм. Компаниудын хувьд хямралын үед ямар менежмент хийх вэ гэсэн зарчмууд байдаг. Тухайлбал, илүү зардлаа танах, ирээдүйн худалдан авалтын төлөвлөгөөгөө зөв менежментээр хийх гэх мэт. Гэхдээ эцсийн үр дүндээ компаниуд өөрсдийгөө хэт агшилтын байдалд оруулчихвал үйл ажиллагааны цар хүрээгээ багасгаж, үүнтэй холбоотойгоор ажлын байр үгүй болох магадлал өндөр байна. Ажил олгогчдоо хамгаалсан бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Тиймээс төр засаг нь дээрх бодлогоор хамгаалах хэрэгтэй байна. Эдийн засгийнхаа эрүүл байдлыг хамгаалах, вакцинжуулах арга хэмжээг авах ёстой.

Зөвхөн манайх гэлтгүй дэлхий даяар хүнд байдалд ороод байна. ОУВС-гаас энэ онд дэлхийн эдийн засгийг гурван хувиар агшина гэсэн прогноз гаргасан байна. Энэ бол өмнөх агшилтуудаас хамгийн өндөр нь болж байгаа. 2008-2009 оны санхүүгийн хямрал ч ийм байгаагүй. Тийм болохоор дэлхийн эдийн засгийн агшилт хоёр онцгой шалтгаанаас үүсч байгаа. Эхэнд нь мэдээж вирусээс болоод хүчээр эдийн засгаа агшааж, гэрлийг нь унтрааж байна. Хоёрдугаарт, эрэлт нийлүүлэлт аль аль талдаа багасчихлаа. Тэгэхээр энэ томьёогоор харахад ДНБ багасна, мөн дифляци үүсэх магадлалтай болчихлоо. Энэ бол үнийн өсөлт биш уналт. Маш ноцтой үзэгдэл. Дэлхийн улс орнууд ямар бодлого явуулж байна гэхээр иргэн, компани руу чиглэсэн арга хэмжээг маш сайн авч байна. Татвараар хөнгөлж байна, хүн болгонд хөрөнгийн эх үүсвэр өгч байна, нөгөө талдаа Төвбанк нь маш их мөнгийг эдийн засагтаа шууд шахаж байна. Энэ арга хэмжээг ч гэсэн манайх авах боломжтой. Өмнө нь орон зай байхгүй байсан бол одоо байна. Эрэлт нийлүүлэлт аль аль нь багасчихсан, үнийн өсөлт буурчихсан байгаа энэ үед тохиромжтой байна. Засгийн газраас мэдээж хүн болгонд мөнгө тараах хэцүү учраас аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгох гэх мэтээр шийдлийг хийж болно. Харин коронавирусээс болоод ажлын байргүй болчихсон хүмүүст шууд тэтгэмж олгомоор байна. Энэ хүмүүс өөрсдийн буруугаас болж ажилгүй болоогүй шүү дээ.

 

Бондын өр төлбөрийг уян хатан болгох хэлэлцээрийг одоо эхлүүлэх хэрэгтэй

 

-Ирэх жилээс бид том өрүүдээ төлж эхэлнэ. 500 сая ам.доллар, тэрний дараагийн жилд нэг тэрбум ам.доллар төлнө. Тэгэхээр өнөөдөр төр засаг манай улсын бондыг худалдаж авсан хөрөнгө оруулагчидтайгаа хэлэлцээрт орох ёстой. Яаралтай өнөөдрөөс эхлээд. “Коронавирусээс болоод онцгой нөхцөл үүслээ. Та, бид адилхан нөлөөнд нь орчихоод байна. Тиймээс бие биенийгээ ойлгоод тодорхой тохиролцоо, өөрчлөлтүүдийг хийе. Хугацааг нь сунгах ч юм уу” гэх мэтээр хэлэлцэх хэрэгтэй байна. Яагаад гэвэл бид ирэх жил энэ мөнгийг төлж чадахгүй. Манай экспортын хэмжээ унасан байна. Гадаадын валютын орлого буурсан байна. Аргентин улс энэ хэлэлцээрийг хийж чадсан. Өөр хэд хэдэн улсууд бас хийж байна. Эцсийн үр дүндээ манай улс дефольт буюу дампуурлын байдалд л орж болохгүй. Энэ л чухал. Монгол Улсын гадаад эдийн засгийн нэр хүнд ч хэцүү болно. Энэ хэцүү нөхцөлд хэн ч орохыг хүсэхгүй. Тиймээс өнөөдрөөс хэлэлцээрүүдээ хийж эхлэх хэрэгтэй. Тэгж байж ирээдүйн эрсдэлээс хамгаалах ёстой. Цагийг нь тулгаж болохгүй.

Коронавирусээс болж дэлхий өөр болж байна гэдэг яалт ч үгүй үнэн. Нэг боломж хаагдахад нөгөө нь нээгддэгийн жишгээр давуу тал үүсч байгаа салбарууд байна. Тухайлбал, онлайн болон мэдээллийн технологийн бизнесүүд сэргэх боломж байна. Үүнийг дагаад финтекүүд хөгжиж байна. Төлбөр тооцооны цахим хэрэгслүүд шийдлүүдийг улам хялбараар гаргаж байна.  Заавал лангуу хөлслөөд хувцас зараад суухаас илүү гэрээсээ онлайнаар мөнгө олох боломж нээгдэж байна. Эрхзүйн орчин ч таатай болж байна. Мөн манай гадаадаас орж ирэх аялал жуулчлал зогсох нь ойлгомжтой боллоо. Бид жилд 300 сая орчим ам.доллар энэ салбараас олдог юм билээ. Энэ мөнгө орж ирэхгүй болж байна. Олон улсад хөрөнгийн зах зээл тэр чигтээ уналтад орчихсон байна. Бүх хөрөнгийн биржүүдийн индексүүд уначихлаа. Хөрөнгө гадаадад босгох нь маш хүндрэлтэй болсон нь эндээс харагдаж байна. IPO гаргана гэдэг асуудалтай болчихлоо. Хөрөнгө оруулагчид эрсдэлгүй зүйлд мөнгөө хийхийг эрмэлзэж байна. Засгийн газрын бонд ч юм уу, эсвэл алт худалдаад авчихсан нь найдвартай болж байна. Тэгэхээр Монгол шиг орны нүүрсний компанийн хувьцааг авах уу, аль эсвэл алт авч дарж хэвтэх үү, АНУ-ын 20 жилийн бондыг худалдаж авах уу гэдэг ялгаатай сонголтууд болчихлоо. Тэгэхээр мэдээж аль болох тогтворгүй нөхцөл байдалд илүү аюулгүй хөрөнгө оруулалт хийх нь чухал болчихлоо.

Манай улсын хувьд дотооддоо бол хөрөнгийн зах зээлд боломжууд байна. Гурван жил үйл ажиллагаа нь тогтвортой явагдчихсан, бүртгэл санхүү нь олон улсын стандартын дагуу  эхэлж байгаа, компанийн засаглал нь зөв явж байгаа компаниуд дотооддоо хувьцаагаа зарж хөрөнгө босгоод босгосон хөрөнгөөрөө бизнесээ өргөжүүлэх боломж бололцоо нь байна. Манай хөрөнгийн зах зээлийн сэргэлт харагдаж байгаа. Гэхдээ үүнийг дагаад хөрөнгө оруулагч нь илүү мэдлэгтэй боловсролтой байх ёстой. Тухайлбал, энгийн иргэн ч аль нэг том компанийн хувьцааг худалдаж авч болно. Гэхдээ авдаггүй. Энэ нь Хөрөнгийн бирж болон хөрөнгийн биржээр хувьцаагаа арилжаалж буй компаниудын мэдээлэл ил тод,  нийтэд хүртээмжтэй байдал дутмагаас болдог. Иргэн хувьцаа авах шийдвэр гаргахын тулд ил тод нээлттэй үнэн, зөв шударга мэдээллийг хүснэ. Үүний тулд Хөрөнгийн бирж болон  компани нь бүх тайлангаа нээлттэй мэдээлдэг, үйл ажиллагаа нь тодорхой байх ёстой. Ийм нээлттэй байж хүн мөнгөө итгэлтэйгээр хийнэ шүү дээ.

Энэ мэтчилэн коронавирусээс шалтгаалсан эдийн засагт гарч буй өөрчлөлтүүд олон байна. 2001 оны есдүгээр сарын 11-нд  Америкийн худалдааны хоёр өндөр барилга террорист халдлагад өртсөн шүү дээ. Тэгэхэд дэлхий даяар айдас цочиролд орсон байдаг. Харин хоёр дахь том айдас бол коронавирус гэж экспертүүд дүгнэсэн байна лээ. Ер нь цаашид юу болохыг хэн ч мэдэхгүй, эцсийн дүгнэлтийг урьдчилж хийх ямар ч боломжгүй нөхцөлд л орчихлоо. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.29  БААСАН № 106, 107 (6331, 6332)