С.УЯНГА

Коронавирусын нөхцөл байдлын талаар ЭМЯ ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Тавдугаар сарын 27-ны өдөр дөрвөн лабораторид нийт 517 хүний сорьцод шинжилгээ хийлээ. Үүнээс 504 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Дархан-Уул аймгийн вируслогийн лабораторид 30 жолооч, аймгийн ажиглалтын байранд тусгаарлагдсан 69 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин 13 хүний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Үүнийг тодруулж хэлбэл, тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг оюутны давтан шинжилгээнээс, Алтанбулаг боомтоор 27-нд орж ирсэн 340 хүний 12-оос коронавирус илэрлээ. Тэдний 10 нь оюутан.

Оюутнууд маань маш их халдвар авсан нь харагдаж байна. Хүний нутагт голдуу нэгдүгээр курсийн 17-20 насны хүүхдүүд маань байгаа. Сургуулийн үйл ажиллагаа зогсоод, дотуур байрнаасаа гарсан нөхцөлд хүүхдүүд байсан. ОХУ-аас ирсэн хүмүүсийн дийлэнх нь оюутнууд байгаа бөгөөд хүнээ зөв сонгож татаж авсан байна. Хүүхдүүдээ эцэг эх, ах дүү нарынх нь дэргэд, эх оронд нь эмчилж байгаа  маань маш сайхан хэрэг боллоо. Нийт батлагдсан тохиолдол 161 болсноос 43 нь эдгэрсэн. Одоогийн байдлаар эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн 107-ын биеийн байдал хөнгөн, 11 нь хүндэвтэр гэж үнэлэгдлээ” гэлээ.

Өнөө өглөө Алтанбулаг боомтоор орж ирсэн 230 зорчигчийг гал тэргээр Улаанбаатар авчирсны 21-г нь сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д тусгаарлажээ.

АНУ

АНУ-ын Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн мэдээллээр өчигдөр тус улсад 16 мянга гаруй халдвар шинээр бүртгэгдэж, 770 хүн нас баржээ.

Тус байгууллагын бүртгэл мэдээллээр тавдугаар сарын 27-ны өдрийн байдлаар АНУ-д нийт 99 мянга гаруй хүн халдварын улмаас нас барсан байна.

Бразил

Халдварын тохиолдлын тоогоор дэлхийд хоёрдугаарт бичигдэж байгаа нь Бразил улс байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд тус улсад 20,599 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдлын тоо 411 мянгыг даваад байна. Үүнээс эдгэрсэн хүн 166 гаруй болсон бол идэвхтэй халдвартай хүний тоо одоогоор 219 мянга орчим байгаа юм. Мөн өдөр нас баралтын тохиолдол 1,086-аар нэмэгдэж, халдварын улмаас 25,200-д нас баржээ.

ОХУ

ОХУ-ын хувьд өмнөх өдрүүдийн нэгэн адил тогтвортойгоор шинэ халдварын тоо нэмэгдэж, 8,000 гаруй шинэ халдвар бүртгэгджээ. Ингээд тус улсын нийт халдвар авсан хүний тоо 370,600 гаруй болсон байна.

БНСУ

Номхон далайн баруун бүсийн БНСУ-д Лхагва гарагт 79 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Шинэ тохиолдлуудын 68 нь дотоодынх нь халдвар байгаа юм.

Эх сурвалж: www.polit.mn